Дэлхийн аваргын шинэ “100-тнууд”
“100-нууд” гэдэгт шигшээ багийнхаа төлөө 100 тоглолтонд оролцсон тоглогчид, дэлхийн аваргад 100 дахь тоглолтоо хийсэн, 100 дахь гоолоо оруулсан шигшээ баг, мөн энэ дэлхийн аваргын 100 дахь гоолын эзэн зэргийг хамруулсан байна. 20 дахь Дэлхийн аваргаар хоёр ч баг Дэлхийн аваргын 100 дахь тоглолтоо хийж, нэг улсын шигшээ баг 100 дахь гоолоо оруулсан байна. Мөн нэлээдгүй олон тамирчид улсынхаа төлөө 100 тоглолтоо хожлоор өндөрлүүлж, зарим нь тэрхүү нэр хүнд бүхий тоглолтоороо олон улсын карьераа төгсгөж байна. Ингээд шинэхэн “100-тнууд”-тай танилцацгаая.
Уэсли Шнайдэр шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтоо хийв
Бразилд зохиогдож байгаа Хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу 6-р сарын 13-нд Нидерландын багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч Уэсли Шнайдер шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтоо хийсэн байна. Энэ мэдээж дэлхийн аварга Испанийн багийн эсрэг хийсэн тоглолт байлаа. Уэсли Шнайдер энэ удаагийн Дэлхийн аваргын өмнөхөн буюу 6-р сарын 12-нд 30 нас хүрчээ. Тэрээр 2013 оноос эхлэн Түркийн Галатасарай клубт хүчин зүтгэх болсон юм. Өмнө нь 2009-2013 оны дөрвөн улиралд Италийн Интэр Милан клубт тоглож байсан билээ.
Германчууд Дэлхийн аваргын 100 дахь тоглолтоо хийв
Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг энэ удаагийн тэмцээний тав дахь өдөр буюу 6-р сарын 16-нд дэлхийн аваргын түүхэн дэх 100 дахь тоглолтоо хийсэн байна. Энэхүү тоглолтод Германчууд тун сайн тоглолтыг үзүүлж, Томаш Мюллерийн хэт-трик, Матс Хуммельсын гоолоор Европын хүчирхэг багуудын нэг Португалыг 4-0-ээр буулган авсан билээ. Энэ мөн нэг гоолын эзэн Матс Хуммельсын хувьд Дэлхийн аваргын анхны тоглолт байжээ.
Марио Йепес шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтоо хийв
Колумбын шигшээ багийн ахлагч, “Супер Марио” хочит Марио Йепес шигшээ багийнхаа төлөөх 100 дахь тоглолтоо хийсэн байна. Энэ нь хэсгийн хоёр дахь тоглолт буюу Кот Д’Ивуарын багтай хийсэн тоглолт байлаа. Марио Йепес анх 1998 онд дэлхийн аваргад оролцож байснаас хойш 3 удаагийн тэмцээнд Колумбчууд урьдчилсан шатнаас шалгараагүй юм. Тиймээс тэрээр энэ жил 38 насандаа хоёр дахь удаагаа Дэлхийн аваргад оролцсон байна. Колумбчууд энэ жил шигшээ багийнхаа түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг үзүүлж, анх удаагаа шөвгийн наймд шалгарсан билээ. Хэдийгээр хагас шигшээд шалгарахын төлөө Бразилийн багт хожигдсон ч эх орон нь тэднийг халуун дотноор хүлээн авсан байна.
Францын баг Дэлхийн аваргын 100 дахь гоолоо оруулав
Францын шигшээ баг хэсгийн эхний тоглолтондоо Дэлхийн аваргын 97, 98, 99 дэх гоолоо оруулаад байсан юм. Ингээд 6-р сарын 20-нд Швейцартай хийсэн тоглолтод орсон эхний гоол тэдний хувьд 100 дахь гоол болох байлаа. Шигшээ багийнхаа энэхүү эрхэм үүргийг Арсенал клубт хүчин зүтгэдэг, 27 настай довтлогч Оливье Жиру хүлээсэн юм.
Хавьер Маскерано Аргентины төлөөх 100 дахь тоглолтоо хийв
Аргентины шигшээ баг Ираны шигшээ багтай хийсэн тоглолт 14 дугаартай тоглогч Хавьер Маскераногийн хувьд 100 дахь тоглолт байлаа. Уг тоглолтын 90 минут 0-0-ээр тэнцэж, шүүгчийн мэдлийн эхний минутад Мэссигийн оруулсан гоол Аргентинчуудад хожлыг авчирсан билээ.
Пер Мертезакер шигшээ багтайгаа 100 дахь тоглолтондоо оролцов
Энэ жилийн Дэлхийн аваргад шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтоо хийсэн бас нэгэн хүн бол Германы багийн бүрэлдэхүүнд багтсан Пер Мертезакер байлаа. Арсенал клубт хүчин зүтгэдэг, 29 настай төвийн хамгааалагч Мертезакер гурван удаагийн Дэлхийн аварга, хоёр удаагийн Европын аваргад Германы багийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.
Бразил ч мөн Германчуудтай эн зэрэгцэв
Германчууд Дэлхийн аваргын 100 дахь тоглолтоо хийснээс 7 хоногийн дараа Бразилчууд мөн 100 тоглолт хийсэн орны эгнээнд нэгдэв. Энэ бол А хэсгийн сүүлийн тоглолт буюу Камерунтай хийсэн үзүүштэй тоглолт байлаа. Бразилчууд Дэлхийн аваргын 100 дахь тоглолтондоо 4-1-ээр ялалт байгуулж, Нэимар дубль хийсэн юм. Нэимарын хийсэн энэхүү гоол энэ удаагийн Дэлхийн аваргын 100 дахь гоол байлаа.
Дирк Кюит шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтонд ялалт байгуулав
Энэ жил 33 настай ахмад тоглогчдын нэг Дирк Кюит шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтоо Мексикийн багтай хийв. Энэ бол хасагдах шатны эхний тоглолт байлаа. Тоглолтын төгсгөл хүртэл Мексикийн баг тэргүүлж байсан боловч энэ тоглолт Нидерландчуудын ялалтаар төгссөн билээ. Уэсли Шнайдерын хүчтэй өшиглөлт, Хунтэлаарын торгуулын цохилт тэдэнд хожил авчирч, Дирк Кюит шигшээ багийнхаа 100 дахь тоглолтонд ялалт байгуулж чадсан юм.
Жозеф Йобо 100 дахь тоглолтынхоо дараа шигшээ багаа орхив
Энэ жилийн Дэлхийн аваргад Нигери улсын баг хасагдах шатны эхний тоглолтод Францын багтай таарсан нь багийн ахлагчаар тоглосон Жозеф Йобогийн хувьд шигшээ багийнхаа төлөө хийсэн 100 дахь тоглолт байлаа. Энэ тоглолтонд Йобо шүүгчдийн мэдлийн нэмэлт цагт өөрийнхөө хаалганд автогоол хийж, багийнхаа ялагдлыг баттай болгосон юм. Ийнхүү 100 дахь тоглолтынхоо дараа Жозеф Йобо шигшээ багаасаа гарч байгаагаа зарласан юм.
URL: