Тасалсан гинж /богино өгүүллэг/

d7a332411e14769f300879cf8b1d4da6_L…Баяраа тас гөлөрсөн чигтээ суусаар байлаа. Эргэн тойронд нь эрээн алаг даашинзтай бүсгүйчүүд нүдийг нь эрээлжилтэл тойрсоор тулж ойртоход аргагүйн эрхэнд нүдээ анив.

Уг нь бүсгүйчүүд түүнийг бүчихэд тэрээр тааламжтай байдагсан.
Энэ бүсгүйчүүд түүнд тийм ч гойд санагдаагүйгээр барам бүр төвөгтэй зугтаамаар байлаа. Заримынх нь хүйтэн амьсгал чихэнд, хүзүүнд шүргэхэд Баяраа дэмий толгойгоо сэгсрэв. Бүсгүйчүүд гартаа атгасан тасалсан гинжнүүдээр түүнийг ороолгож шөнийн цэнгээнээ үргэлжлүүлэв.
- Хэн нэг биенд зөвшөөрөлгүй хүрэхийг би тэвчдэггүй юм аа! гэж тэрээр хашхирах шахам хэлэхдээ өөрийнхөө дуунаас цочив. Цахирган төмөр шиг дуу нь агаар зүсэж том өрөөг нь хэд хэд хэрчих шиг болжээ.
- Хонгор минь алив ээ, бидэнтэй нэгдээч дээ.
- Би бүжиглэж чаддаггүй ээ.
- Худлаа даа, Хэн баясгасанд чинь хэтэвчээ бэлэглэе гээд намайг тас ширтэж бүжгэнд уриад хөөж байснаа мартаа юу хонгорхон бяслаг минь?

- Зөвшөөрөлгүй биендээ хүргэдэггүй хүн бусдын зөвшөөрлийг яагаад асуудаггүй байсан билээ?
- Биднийг өөртөө дуудаж наалдуулсан нь хэн билээ? Дурандаа чамтай зууралдсан гэж бодоо юу? Хөөрхий залуу насаа ч үзэж амжаагүй өсвөр насны охин намайг яаж энд авчирсанаа санаач.
- Өнөөдөр хэдүүлээ хууль ярихгүй ээ, Энэ маань хуулийг өөрөө гэж боддогоо больсон гэж хэлэх шиг боллоо. Биширмээр шөнө байна даа гэхчлэн бүсгүйчүүд шаагилдаж гарав.
- Тэр чинь өнгөрсөн явдал. Одоо өөр болсон гэж залуу шивнэн хэллээ. Энэ удаа түүний дуу дэндүү нарийхан, хавирч байгаа төмөр утас шиг жингэнэхэд сандарсандаа хоолойгоо засчээ.
- Ойлгосон гээд юм өөрчлөгдөхгүй шүү.
- Алив харцыг чинь дахиж нэг харая.
Баяраа нүдээ нээхгүй гэж тас анисан хэвээрээ байсан ч цэл хүйтэн хуруунууд зовхийг нь гогдон нүднийх нь аяганд ширүүн урт хумснууд шигдээд эхлэнгүүт тэвдсэндээ:
- аа аан гэж хашхираад өөрийн эрхгүй нүдээ нээв.
Эрээн даашинтай бүсгүйчүүд түүний өвөр дээр, толгой дээр, хөл дээр, хүзүүн дээр хаа сайгүй сууж, зарим нь бүр тухлаад хэвтэж амжсан байлаа.
- Намайг орхиоч гуйя! Чамд юу хэрэгтэйм бэ? Миний буруу гэж залуу нулимсаа урсгахад бүсгүйчүүд аяга барин гүйлдэн ирж надад надад хэмээн булаацалдан тосов. Залуу өмнөх шигээ бачимдсангүй, эхэр татан үнэнээсээ уйлсаар.
- Өнөөдрийн ундааны орц өмнөхөөсөө арай л зөөлөн байна шүү. Гайхалтай гэж нэг бүсгүй нь шулганав.
- Миний сэтгэлийг цатгахад бүх биеэ урстал уйлсан ч хүрэлцэхгүй л дээ гэж нөгөө нь намжирдлаа.
- Түүний харам нулимсны хэмжээ бидний нэг шөнийн гомдлыг тайлахад хүрэлцэх хэмжээтэй гардаг болжээ гэж мөрөн дээр завилсан бүсгүй ойшоонгуй батлав.
- Анх түүний нүдийг ухаад хаячихмаар үзэн яддаг байсан. Одоо бол рашаанаа тосоод зовхинд нь шигдээд хамт байвал хэр хугацаа өнгөрсөн ч тоохооргүй болж байх чинь гэж өөр нэгэн бүсгүй бүр инээд алдана.
Тэгээд амтархан шимж ууцгаах бөгөөд нэг нь бүр нүүрээ ч угааж амжлаа.
- Ашгүй өнөөдрийн ундаа эрт ууцгаачихлаа. Одоо бид унтлаа. Хонгор минь сайхан амраарай. Шөнө болтол баяртай хэмээн бүсгүйчүүд зэрэг зэрэг түүн рүү даллав. Залуу цөхрөнгүй цонх руу хартал үүр цайж байлаа…


URL:

Сэтгэгдэл бичих