Таван ихрийн эмгэнэлтэй хувь заяа
Энэ онд дэлхийд хамгийн алдартай Канадын таван ихэр 80 насыг зооглох байсан юм.
1934 оны тавдугаар сарын 28-нд ядуу тариачны гэр бүлд мэндэлсэн таван ихэр охин Канадын Засгийн газрын алтны уурхай, мөнгө олох эх үүсвэр болсон байдаг.
Тэдний амьдрал байнга олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болж байсан юм. Гэвч мөнгө ч, алдар нэр ч тэдэнд аз жаргалыг авчраагүй. Нэг эсийн таван ихэр охин түүхэнд хамгийн алдартай болон хамгийн эмгэнэлтэй хувь заяатай хэмээн тэмдэглэгдэн үлдсэн юм.
Канадын Онтарио мужийн хойд хэсэгт, жижигхэн тосгонд 1934 оны тавдугаар сарын 28-нд алдарт таван ихэр охин хорвоод мэндэлжээ. Бяцхан охид долоон сартайдаа буюу дутуу төрсөн бөгөөд тус бүртээ 600 грамм жинтэй байжээ. Эх барьж авсан эмч тэднийг амьд үлдэнэ гэдэгт итгэлгүй байв. Гэвч ихрүүд эсэн мэнд үлдсэн анхны таван ихэр болсон юм. Таван ихэр хорвоод мэндэлсэн гэдэг мэдээ Канад улс даяар хэдхэн хоногийн дотор тархсан. Зурган дээр: Ихрүүдийн ээж Элзайр Дион болон түүний таван охин
Ихэр охид ядуу тариачны гэр бүлд төрсөн бөгөөд аавыг нь Олива Дион гэдэг. Энэ гэр бүл үүнээс өмнө гурван хүүхэдтэй байсан. Таван ихэр төрсөн нь энэ гэр бүлийн хувьд маш том гэнэтийн бэлэг болсон юм.
Ихрүүдэд сүү нь хүрэлцдэггүй байсан учир нь ээж нь ус, эрдэнэ шишийн шүүс, үнээний сүү хольж, хоол болгон хоёр цаг тутамд өгдөг байжээ.
Эгч дүүс Дионууд 6 сартай байхад нь тэдний аав нь Чикаго хотод зохион байгуулагддаг Дэлхийн үзэсгэлэнд охидоо олон нийтэд үзүүлэхээр шийджээ. Энэ санааг сонссон Канадын эрх баригчид ер бусын үзүүлэн бэлджээ. Ирсэн зочид охидыг сайн харж чадахаар болгож арван том шилэн цонхтой тусгай асарт эгч дүүсийг байрлуулжээ.
Эгч дүүс Дионууд 1935-аас 1943 он хүртэл энэ асарт амьдарсан юм. Энэ бүх хугацаанд тэднийг 3 сая гаруй хүн үзжээ. Ихэр охидын ачаар Чикагогийн үзэсгэлэн рүү жуулчид урьд өмнөхөөсөө ихээр ирэх болсон байна.
Тэд амьтны хүрээлэнд байгаа мэт хамаг цагаа торны цаана өнгөрүүлдэг байжээ. Охид асар дотор сувилагч нарын ажиглалтан доор байв. Хүүхдүүдийг ашгийн төлөө ашигласан хамгийн увайгүй үйлдлийн нэг нь энэ байсан юм. Үзэсгэлэнгийн эргэн тойронд ихэр охидыг дүрсэлсэн янз бүрийн бэлэг дурсгалын зүйл худалдсан нь Канадын Засгийн газарт багагүй хэмжээний ашиг авчирдаг байв.
Хамгийн алдартай ихрүүд олон байгууллагын орлогын эх үүсвэр болон хувирав. Холливудад тэдний тухай хэд хэдэн кино хийсэн. Хүүхдийн хоол хүнс, хувцас хэрэглэл, бусад бүтээгдэхүүний сурталчилгаанд охидын зургийг өргөн ашиглаж байв.
Хамгийн харамсалтай нь эгч дүүс Дионууд дэлхий ертөнцтэй холбоо тасарсан юм. Тэд үзэсгэлэнд ирсэн өдрөөсөө хойш эцэг эх, ах дүү нартайгаа удаан хугацаагаар уулзаагүй байна.
Таван ихэр есөн нас хүрэхэд Канадын Засгийн газар Дионы бүх гэр бүлийг нэг дээвэр доор цуглуулахын тулд том байшин бариулжээ. Энэ тийм ч сайхан санаа байгаагүй юм. Учир нь охид энгийн амьдралд дасан зохицоогүй байв. Дионы гэр бүлийн бусад хүүхдүүд ч дүү нараа хүлээн авч чадаагүй байна.
Ихрүүд гэр бүлтэйгээ 16 нас хүртлээ амьдарсан бөгөөд үүний дараа тэднийг асрамжийн газар руу явуулжээ. 1943 онд Аннет, Мари, Эмили, Ивонн. Сесиль Дион нар 9 насныхаа төрсөн өдрөөр
Охид олон янзын рекламанд тоглодог байжээ. 1950 он аравдугаар сарын 19-нд эгч дүүс Дионууд.
Арав гаруй жилийг амьтны хүрээлэнд хаалттай торны цаана өнгөрүүлсэн охидын сэтгэцэд насан туршийн өөрчлөлт оржээ. Охид хаалттай, аймхай эмэгтэйчүүд болон өсчээ.
Гэр бүл нь хүртэл тэднийг ашиглаж мөнгө олохыг оролдсоны дараа 18 настайдаа таван ихэр гэр бүлтэйгээ харьцаагаа бүрмөсөн тасалжээ.
Эгч дүүсийн хувь заяа маш их гунигтайгаар эргэсэн юм. 20 настайдаа Эмили нас баржээ. Тэрбээр гэлэнмаа болохоор сүм рүү явсан ч саа өвчин тусаж амиа алдсан байна. Энэ явдал эгч дүүсэд хүнд цохилт болжээ.
Мари 30 настайдаа хорвоог орхив. Сесиль, Аннет, Ивонн нар ч гэр бүлийн амьдралын аз жаргалыг олоогүй байна. Сесиль нөхөрт гарч, хоёр ихэр хүүхэдтэй болсон ч удалгүй ихрүүд нь нас барсан гэдэг. Харин гурван жилийн дараа тэрбээр бэлэвсэрсэн юм. Ивонн мөн адил гэлэнмаа болохоор сүмд амьдарсан ч тэсгэлгүй сүмийг орхисон. Тэрээр үлдсэн амьдралаа ганцаараа өнгөрөөжээ.
Олон жилийн дараа эгч дүүс Дионууд Канадын Засгийн газрын эсрэг шүүхэд хандан, нөхөн төлбөр шаарджээ. Тэд 4 сая ам.доллар авсан байна. ‘Бидний амьдралыг сүйрүүлснийх нь төлөө хариуцлага хүлээлгэхэд дэндүү оройтсон ч байж магадгүй’ хэмээн алдарт ихрүүд “Гэр бүлийн нууц” намтар номдоо бичжээ. 1995 он аравдугаар сар 2.
URL: