Европын цыганууд Гитлерийн үеийн еврейчүүд шиг амьдарч байна

“Молотовын коктейль”-тэй шил цонхыг нь хага цохин орж ирэх тэр агшинд Роберт Ксорба дөрвөн настай хүүгээ шүүрч аваад гадаа гүйн гарчээ. Гэвч тэд гудамжинд гарав уу үгүй юу, отож байсан алуурчдад буудуулж унав”.

Унгарт 2008, 2009 онд гарсан зэвсэгт халдлагыг зохион байгуулж, Ксорба болон хүүгийнх нь амь насыг хохироосон хэрэгт оролцсон дөрвөн этгээдийн хэргийг Будапештийн Шүүх өнгөрсөн долоо хоногт тасалжээ. Гуравт нь давж заалдах эрхгүй бүх насаар нь хорих ял, нэгт нь 13 жил хорих ял оноосон байна. Тэд бүгд дээрх халдлагуудад оролцсон гэдгээ хүлээсэн ч хүн алаагүй гэдгээ нотлон өгүүлж байсан аж. Давж заалдах нь ч тодорхой болжээ.

Унгарын 10 сая хүн амын найман хувийг цыган гаралтай иргэд эзэлдэг юм байна. Үндэсний цөөнх болсон тэдэн рүү халдлага дайралт хийх нь элбэг байдаг ч 2008, 2009 онд бүр илүү байжээ. Унгарчууд цыгануудад дургүй ханддагийн илрэл ч юм уу, алуурчид 14 сая чөлөөтэй явсан гэнэ. Гэрч гарч ирэхгүй, нөгөө талаас цыган иргэд алуурчныг олж шийтгэхийг шаардсан хүнд нөхцөлд хэрэг мөрдөлт явагдаж өнгөрчээ.

Шүүгч Ласло Мижоригийн ярьснаар, алуурчид найзууд бөгөөд цыгануудын байгуулсан хууль бус хуйарангуудад дэг журам тогтоох гэж ийм үйлдэл хийсэн гэнэ. Гэтэл энэ нь тэдний бодож байснаас ч илүү үр дагавар авчирч, цыгануудын эсрэг үзлийг дэвэргэж орхисон байна. Унгарт одоо байдал намжиж байгаа ч Чех, Словак улсуудад халдварласан талаар Amnesty International болон Цыган иргэдийн эрхийг хамгаалах Европын төв зэрэг байгууллагууд мэдээлсээр байгаа юм. Тухайлбал, Ческе-Будеевицед энэ зун цыган, цыган биш иргэдийн хооронд хэд, хэдэн удаа сөргөлдөөн гарсан байна. Энэ байдал олон давтагдвал ноцтой хэрэг гарах магадлалтай учир анхааралдаа авахыг дээрх байгууллагууд Чехийн эрх баригчдаас шаардсаар байгаа юм.

Цыган иргэдийг ялгаварлан гадуурхах үзлийг үндэслэгч, тэтгэн тэжээгчид нь неонацист бүлэглэлүүд гэдэг нь тодорхой. Тэдний нөлөөгөөр иргэд ч цыганчуудыг үзэн ядах явдал аажмаар нэмэгдсээр байна. Тухайлбал, Словакийн Кощице хотод цыган биш иргэд тоосгон хана барих замаар цыгануудаас тусгаарлагдахыг хичээх болжээ. Энэ жилийн Европын соёлын төв хотоор нэрлэгдсэн Кощицед байдал ийм байгаа гэхээр бусад хотуудад байдал ямар байгаа нь ойлгомжтой юм.

10 жилийн өмнө цыгануудын ихэнх нь ядуу зүдүү амьдардаг байв. Үндэсний онцлогийнх нь талаар олонд тархсан цуу ярианаас болж ажил олддоггүй, үүнээс бүх зовлон үүддэг байжээ. Ядуу учир ихэвчлэн маайханд амьдарч, хотын захад тусгай харан болж буудаг байжээ. Ийм хуранд мэдээж цахилгаан хангамж байхгүй, ундны цэвэр усны талаар бүр ярилтгүй. Орчин үеийн, өндөр хөгжилтэй Европт байгаа ч ийм л орчин нөхцөлд амьдарч байжээ. Эрүүл мэндийн хувьд ч тун сул дорой, дундаж наслалтаар Европт бараг хамгийн сүүлийн байрт орж байлаа. Эдүгээ, 10 жил өнгөрчихөөд байхад байдал яг хэвээрээ. Иргэдээс гадна эрх баригчид хүртэл хавчин гадуурхах болсон байна. Тухайлбал, Н.Саркози Ерөнхийлөгч болсныхоо дараа Франц улсыг цыгануудаас чөлөөлөх бодлого барьж ажиллаж байв. Түүний засаглалын жилүүдэд хэдэн арван мянган цыган иргэдийг тус улсаас албадан гаргасан юм. Энэ бодлогоос нь болж Европын холбоо Н.Саркозиг Шүүхэд өгөх дээрээ тулж байв.

Боловсрол олж авч чадахгүй, боловсролгүй учир ажил байхгүй, ажилгүй учраас ядуу гэсэн энэ гинжин холбоос цыган иргэдийг жижиг гэмт хэрэг байнга үйлдэх шалтгаан болж өгдөг байна. Өөрөөр хэлбэл, Францаас Румын болон бусад улс руу албан хүчээр гарсан цыган иргэд гэмт хэрэг хийдгээсээ болж хэлмэгджээ. Гэтэл нөгөө талаас Франц улс тэдэнд нийгмийн халамж үзүүлдэггүй байсан. Буруутныг хайх явдал энэхүү байдлаас болж “Өндөг анхдагч уу тахиа анхдагч уу” гэдэг асуулт шиг болж орхижээ.

Унгар улсын тухайд цыгануудын асуудлаар Францаар эрс өөр бодлого баримтлахаар шийдээд байна. Европын холбооны дүрэм ёсоор Европын улсууд нэгдэж, иргэдээ өөр хоорондоо саадгүй зорчуулах тухай хууль баталсан. Яс үндэс, угсаа гарлаар ялгаварлах асуудал байх ёсгүй. Гэтэл Франц хэдийгээр Европын холбооны гишүүн ч энэ дүрмийг дагалгүй цыган иргэдэд багахан хэмжээний нөхөн төлбөр өгөөд нутгаасаа хөөж гаргасан билээ. Харин Унгарт иргэд нь “болохгүй” байгаач төр засгийн түвшинд дүрмээ сахихыг хичээж байна. Тус улсад 800 мянга орчим цыган иргэд амьдардаг гэж дээр өгүүлсэн. Цыган хүүхдүүдийн 40 орчим хувь нь л ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бол үлдсэн хэсэг нь гэртээ стандарт бус боловсрол эзэмшдэг юм байна. Уг нь бага ангийн тухайд цыган хүүхдүүд сургуульд орж чаддаг ч анги ахих тусам сурхгуулиа хаях явдал ажиглагддаг аж. Сургуульд сурч байгаа хүүхдүүд ч мөн ялгаварлан гадуурхах явдалтай нүүр тулдаг учир ингэдэг ажээ. Цыган хүмүүс харьцангуй залуудаа гэрлэж, олон хүүхэдтэй болох нь элбэг байдаг. Цыган хүүхдүүд сурах чадвар оюуны потенциалаараа энгийн унгар хүүхдүүдээс эрс ялгардаг гэнэ. Сүүлийн үед Унгарт  цыган хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд үүсэн бий болж эхэлсэн нь Олон улсын хүний эрхийн байгууллагуудад нэг нааштай мэдээ болж байгаа юм байна.

Цыган хүний дундаж наслалт Европын бусад үндэстнүүдийнхээс 10-12 насаар бага байдаг. Энэ нь дээр дурьдсан хүндрэл бэрхшээлүүдээс гадна, амьдрахын тулд бусдаас илүү хүч гаргадагтай холбоотой аж. Оюуны ийм өндөр чадвартай хүмүүсийн хүчийг ашиглахгүй байх нь маш их алдагдал билээ.

цаг төр


URL:

Сэтгэгдэл бичих