Улаанбаатар-Дарханы зам “эрлэгийн үүд” болжээ
Монгол улсад нэг хүртэлх жилийн насжилттай 1686 км буюу нийт хатуу хучилттай замын 37 хувийг, 1-4 жилийн насжилттай автозам 834 км буюу нийт замын 18 хувийг, 4-8 жилийн насжилттай зам 804 км урттай буюу 27 хувийг, 8-аас дээш жилийн насжилттай зам 1170 км буюу нийт замын 25 хувиаг эзэлж байна. Эндээс харахад 2000 орчим км замд ээлжит болон их засвар хийх шаардлагатай байгаа юм. Үүнээс нэн тэргүүнд засах шаардлагатай, хамгийн их эвдрэлтэй замууд гэвэл Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Хэнтий чиглэлийн зам, урагшаа Чойр чиглэлийн зам маш их эвдэрч, насжилт нь дууссан нөгөө талаас шаардлагатай засвар, үйлчилгээг цаг хугацаанд хийхгүй байгаатай шууд холбоотой юм. Тодруулбал Улаанбаатар-Дарханы 224 км хатуу хучилттай замыг 1990-д онд бүрэн тавьсан байдаг. Тэр цагаас хойш бүрэн засвар хийж байгаагүй бөгөөд хэсэгчлэн засвар хийж, сүүлийн үед зөвхөн нөхөөс тавихаас хэтрэхгүй болсон байна.
Улаанбаатараас 19-176 км замыг “Баянчандмань АЗЗА”, 176- 224 км хүртэлхи замыг “Дархан АЗЗА” хариуцдаг юм байна. Баруунхараагаас цааш нэг хэсэгт үргэлжилсэн гэмтэлтэй зам нь “Дархан АЗЗА”, “Баянчандмань АЗЗА” -ийн уулзвар хэсэг бөгөөд яг энэ хэсэгт зам нилээн эвдэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл Баруунхараагаасаас цааш замын эвдрэл улам бүр нэмэгдэж, 50 метр зайтай асфальтан хуулга хөрстэйгөө эргэсэн, энд тэндгүй овойж, эвдэрсэн байгаа юм. Зарим хэсэгт цементтэй шороо овоорсон байхад зарим хэсэг замын асфальтан хуулга хэдэн хэсэгт хуваагдаж, шороон замтай болсны улмаас жолоочийн ур чадвар, зорчигчийн тэвчээрийг шууд шалгаж байгаа юм. Үүний зэрэгцээ энэ зам дээр осол ихээр гарах болсон бөгөөд ослын улмаас нас барсан, эрүүл мэндээрээ хохирсон хүний тоо нилээн хэдээр тоологдох болоод байна.
Тэгвэл энэхүү замыг хэзээ хэн засах талаар Зам тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандатаас тодруулахад: “Улаанбаатар- Дархан чиглэлийн буюу Баруун хараагаас цааш Хустайн даваа хооронд км 169-177 дээр маш их эвдрэл гарсан. Энэ замаар том жижиг оврын тээврийн хэрэгслүүд, хойд, урд хөршийн транзит ачаанууд явж байгаа. Тиймээс энд гарсан эвдрэл гэмтлүүдийг яаралтай засч, осол авааргүй байнгын бэлэн байдалд байх үндсэн үүргийг биелүүлэх үүднээс тухайн хариуцсан хэсгийн төрийн өмчит 2 компанийг замын эвдрэлд татан оролцуулж байгаа. Өнөөдрийн байдлаар эвдэрсэн замуудын хучилтыг, илүүдэл хөрсийг бүгдийг нь зайлуулж, түүнд дүүргэлт хийн зорчиж буй тээврийн хэрэгслүүдийг осол аваргүй явуулах нөхцлийг бүрдүүлэх ажлыг хийж байна. 2014 онд Дарханы засварын компанийн жилийн төлөвлөгөө 850 сая төгрөг байгаа ч энэ нь замын эвдрэлд хүрэлцэхгүй байгаа. Энэ 7 км замыг техникийн шаардлагын дагуу нэлэнхүйд нь маш яаралтай замын даланг нь сольж, шинээр дүүргэлт хийн шинэчлэхийн тулд 2 тэрбум орчим төгрөг хэрэгтэй. Тиймээс бид энэ жил улсын төсвөөс баталж өгсөн замын засварын ажилд төсөвлөгдсөн 21 тэрбум төгрөгнөөсөө зохицуулалт хийн, эх үүсвэрийг гаргах талаар ажиллаж байгаа. Бид өнгөрсөн жил 2014 оны төсөвт суулгуулахаар насжилт нь хэтэрсэн замуудад ээлжит их засвар хийгдэх ажлын тооцоог гаргасан. Нийтдээ 2014 онд 70 орчим тэрбум төгрөгийн шаардлага байгаа ч төсөв хэлэлцэх үеэр хасагдчихсан” гэдгийг учирлав.
Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам дээр гарч байгаа ослын талаар Нийслэлийн замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Э.Энхболдоос тодруулахад: “Зам тээврийн осол гарах хэд хэдэн шалтгаан байдаг. Онолын хувьд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, жолоочийн ур чадвар, орчин, замын нөхөцөл байдал нь зам тээврийн ослын шалтгаан болдог. Тухайлбал, Замын эвдрэлийг жолооч нар тойрч гарах гээд эсрэг урсгал руу орж, машинтай мөргөлдөх тохиолдол их гардаг.
2013 онд 500 орчим иргэн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан байдаг. Үүний 70 орчим хувь нь буюу 300 орчим хөдөө орон нутгийн замд осолдсон байдаг. Осолдсон газар нь аймаг, сумын төв бус Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ, Дархан-Эрдэнэт, Улаанбаатар-Багануур-Хэнтий, Лүн, Өвөрхангай чиглэлийн замуудад зам тээврийн ноцтой ослууд гардаг. Улаанбаатар хотоос гарсан төв магистрал замуудын 150 км-ын радиустай эдгээр замууд дээр ноцтой ослууд гарч байна. Тухайлбал, 2014оны 7-р сарын 6-ны өдөр Лүн явах замд Mitsubishi RVR Toyoto grand mark2 автомашинтай мөргөлдөж, 3 хүний амь нас эрсэдсэн ноцтой осол гарсан. 7-р сарын 15-ны өдөр 361-ын гарам буюу Дарханаас ирэх замд Приус маркийн автомашин Марк-2 машинтай мөргөлдөж 2 хүний ам нас газар дэрээ эрсэдэж10 хүн хүндээр гэмтсэн осол гарсан.
Өвөл цас их орж, зундаа бороо хур ихтэй, үер их болсны улмаас замын арчлалтыг буруу хийснээс болж, замын хөвөө бөглөрч, замын зорчих хэсэг болон доод суурь бетон нь усанд автаж эвдэрсэн. Мөн Дархан-Сэлэнгийн замд том оврын машин ачаа ихээр тээвэрлэсэн нь зам эвдэрэхэд нөлөөлсөн.
Үүнд ЗЦГ-аас замын арчилгаа, засварыг хий гэдэг үүрэг даалгаварыг хариуцсан байгууллагуудад нь өгсөн. Үүний дагуу “Дархан АЗЗА” компани замын Дарханаас Хустайн даваа хүртэл засаж байгаа. тиймээс хөдөө орон нутгийг зорьж байгаа жолооч нартаа дараах зүйлийг анхааруулж хэлмээр байна. Хүн тээврээ битгий хэтрүүлээчээ. Үүний улмаас машины хүндийн төв нэмэгдэж осол ихээр гарах болсон. Хоёрт, хурдаа тохируулж явахыг анхааруулж байна. Хөдөө орон нутгийн замд 80км/ц-аас илүү хурдтай явах хориотой байдаг. Тэгтэл хурдаа тохируулж яваагүйн улмаас өөрийнхөө болон өрөөл бусдын эрүүл мэнд амь насанд хүрсэн осол гарах болсон. Мөн хамгаалалтын бүсийг зүүсэн байх ёстой. Айраг цагаа амсаад жолоо барихгүй байх. Шөнө, оройн цагаар жолоо барихдаа гэрлээ тогтмол шилжүүлэх хэрэгтэй. Эвдэрэлтэй замаар явж байгаа бол урдаа байгаа машинаас тодорхой хэмжээний зай барьж, туршлагатай жолоочийг дагаж аюулгүй зорчоорой гэдгийг онцолмоор байна.”
Улаанбаатар-Дарханы замд байнга шахам займчуулж явах бөгөөд ийм орчинд багачууд уйлагнаж, хөгшүүдийн даралт ихдэн, залуу хүний хүртэл тэвчээр барагдан бөөр, сав суулга байрандаа эсэхэд эргэлзэх болсон. Үүнтэй зэрэгцээд осол ихээр гарах болсон бөгөөд энэ оны 4-р сарын байдлаар 9 осол гарч 5 хүн нас барсан. Сүүлийн үед гарах ослын тоо нэмэгдэж байгаа бөгөөд нас барсан, гэмтсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн байгаа юм.
Улаанбаатар-Дархан чиглэлийг замыг засахад мөнгөгүй гэдэг ч Засгийн газраас Чингис бондоос санхүүжилтийг шийднэ гэсэн ч өнөөдөр энэ нь ажил хэрэг болоогүй хүлээгдсээр байна. Уг нь урин дулаан ийм цаг үед, замын хагарал нэмэгдэхээс сэргийлж засварын ажлаа хийж, олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлага байгааг Н.Алтанхуяг, Н.Батбаяр, А.Гансүх сайд нар анхаарна бизээ. Сэтгэл байгаад зүтгэл байвал Улаанбаатар-Дарханы замыг засахад нэг их асуудал, цаг орохгүй дээ…
Зам засах сэтгэгдэл төрүүлэхээр хэдэн зургийг хүргэе
А.Баяраа
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: