Морь руу дайрдаг монгол зомбинууд

uls_53c87dde7a1fa_1Түрүүлсэн соёолонгийн хөлсийг авч  духандаа хүргэчихвэл дараа жилийн наадам хүртэл бүх юм нь өнгөтэй, бүтэмжтэй болчихдог гэсэн улайрал хүний аминд хүрэхээс ч сийхгүй болгочихож, монголчуудыг. Морины хөлсөнд хүрэх гэж дайраад  унаач хүүхдийг унагааж гэмтээсэн, ухаан алдуулж эмнэлэгт хүргэсэн  явдлууд өнгөрсөн наадмын гутамшиг байлаа. Тухайлбал, эхний морь руу сүрэглэж  дайраад  унаач хүүхдийг  нь унагаачихав.  Аман хүзүүнд давхисан морины  араас  элдсэн хүмүүсийг  цагдаа нар арай гэж салгасан.  Айргийн гурав, дөрөв, таваар ирсэн морины урдуур цамцаараа даллаж, зарим нь  муухай орилон нүцгэн шалдан харайлгаж  наадам биш чонын үргээлгэнд очсон аятай аяглав. Чонын үргээлэг гэж зөөлрүүлж хэлж байгаа болохоос үнэндээ бол  Америкийн  киночдын хийсэн аймшгийн кинонд зомбинууд сүрэглэн хүн рүү дайрдаг шиг  юм бараг бүх насны айргийн таван морь барианд ороход болж өнгөрөв.

Магадгүй хурдан буяны хөлсөнд хүрчихвэл муу бүхэн нь сайн  болж, үйлдсэн нүгэлүүд нь цайрчихдаг гэсэн харанхуй бодол заримд нь байх шиг. Тэр нь цаашаа  гэм, нүгэлээ цайруулах шилдэг тэнэгрэл  болж бүр  лавширч  ч мэдэх  юм. Уг нь монгол хүн аливаа сайн үйл хэргийг хөгжөөх, өөрт  болон үр хүүхэд,  бусдад сайнаар тусаасай гэх юм бол  хоёр гараа  дээш өргөн хэд  сайхан хурайлахад  л буян тогтоно гэж үздэг. Эцэг өвгөдийн үеэс тэгж ч ирсэн. Морь барианд орлоо, өлзий хутаг, цог хийморь орштугай, эсвэл надад сайн сайхан иртүгэй  гээд хэд сайхан хурайлахад  болохгүй юм үгүй. Заавал морины хөлсөнд хүрэх, эсвэл үс хялгаснаас нь ч болтугай  зулгааж хоцрох гэж дайрах илүүц. Монголчууд  зомби биш, монгол наадам  аймшгийн кино биш шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих