Шинхэн гүүрэн гарц хогийн цэг болжээ
Наадмаас өмнө амжуулж хийсэн ажлын нэг бол Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын гүүрэн гарц. Эл гүүрэн гарц ашиглалтад орсноор наадамчин олон замын голоор гүйж хөдөлгөөнд саад болоогүйг ойр орчимд нь ажилласан цагдаа нар хэлж байгаа. Гэхдээ манайхны бүдүүлэг байдал гүүрэн гарцыг хогийн сав болгочихжээ.
Замын хоёр талын автобусны буудал дээр хэд хэдэн шинэ хогийн сав байрлуулаад байсан ч засвар хийх нэрээр зарим нь үзэгдэхээ больсон байна билээ. Тиймээс хогоо хааш нь хийхээ мэдэхгүй нөхдүүд гүүрэн гарцыг хогийн сав болгочихож. Шат бүр дээр нь чихрийн цаас, хүүхдийн тоглоомын эвдэрхий хөглөрч, булан бүр нь гялгар ууттай хогоор дүүрчээ. Баяраар тав хоног амарсны эцэст энэ сарын 16-наас албан газрууд ажиллаж эхэлсэн ч Хан-Уул дүүргийн шар хантаазтанууд хоёр өдөр харагдсангүй.
Уг нь тэд энэ хотын хамгийн эртэч хүмүүс. Үүр хаяарахтай зэрэгцээд л ажилдаа гардагсан. Харин өнгөрсөн хоёр өдөр 120 мянгатын автобусны буудлын цэвэрлэгээнд тааруу дүн тавихаар харагдсан. Үхмэл шороо бужигнаж, хогоор дүүрсэн гүүрэн гарцаар явахад тийм ч таатай сэтгэгдэл төрөөгүй. Шат бүрт наасан зөөлөн резин нь хуулраад хэдэн жил ашиглагдаад хуучирсан эд шиг л харагдаж байв. Энэ нь бидний эд хөрөнгөө хайрлаж сураагүйг илтгэнэ.
Манайхан нийтийн өмчид хүйтэн сэтгэлээр хандахаа болиосой билээ. Ямар ч баяраар бид орчноо бохирдуулаад орхичихдог муухай зантай болжээ. Хүүхдийн баяр болоход парк хогийн цэг шиг болдог. Харин эдүгээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон хогонд дарагдаад байна. Хотын иргэдийн соёл гээгдчихээд удаж буй. Их хотын иргэд хэзээ нэг соёлжих юм бол доо.
URL: