Сүхбаатарын талбайн өмнөх хэсэг, хажуу дахь цэцэрлэгт хүрээлэнгийн 2.5 га газар гадны компанид өмчлөгдсөөр
Сүхбаатарын талбайн өмнөх хэсэг, хажуу дахь цэцэрлэгт хүрээлэнгийн 2.5 га газар гадны компанид өмчлөгдсөөр удаж байгааг анзаарах ч, мэдэх ч хүн тун цөөхөн. Нийслэлийн төв цэг байрлах цэцэрлэгт хүрээлэн бүхий уг газрыг 2006 онд Нийслэлийн газрын албаныхан гэрээ байгуулан “UB констракшн” гэх компанид МАН-ын Алимаа хочит Ц.Батбаяр Нийслэлийн Засаг дарга байхдаа гаргасан №52 захирамжаар Ч.Орхон захиралтай хятадын “UB констракшн” ХХК-д өмчлүүлсэн ажээ.
Ингэхдээ “Хөгжмийн аялгуут усан оргилуур барина” гэсэн сайхан амлалтад бялуурсан Нийслэлийн газрын албаныхан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмших гэрээг “UB констракшн” компанитай байгуулсан байх юм. Гэвч үнэндээ хөгжмийн аятай, өнгө бүрийн гэрэлтэй усан оргилуур бэлэглэх нэрийн цаана үйлчилгээний цэгүүд, автомашины зогсоол барих зураг төсөл батлагджээ. “UB констракшн” компани тус газрыг тохижуулаагүй шалтгаанаа “Ус, цахилгаанаар хангах эх үүсвэр шаардлага хангахгүй байна” гэх тайлбараар таглажээ. Анх газар эзэмших эрхийг авахын тулд зураг төсөл гаргаж байхдаа энэ тухай тооцоолсон байлтай. Нийслэлийн газрын албаныхан ч үүнийг анхаарсан баймаар.
Гэтэл тэд уг газартаа тохижилт хийх нь битгий хэл Худалдаа Хөгжлийн банкинд нөгөө газрыг барьцаанд тавьчихсан аж. Худалдаа Хөгжлийн банкинаас тухайн газрыг Солонгосчууд барьцаа өртэй нь худалдаж авсан байна. Эцэс сүүлд нь талбайн өмнөх газрын маргаан дэгдэж нийслэлтэй олон улсын шүүхээр шүүхдэлцэх дээрээ тулаад байна. Солонгосчууд тус газар дээр Sky tower шиг өндөр байшин барина, газраа ухаж суурь цутгана гэх зэргээг аашилж эхэлжээ. Эх орны зүрхэн дээрх газрыг ингэж гадна, дотны луйварчид хувааж, худалдаж идэж байхад бид бүхэн хүлцэнгүй хүлээж суусаар д байх уу… Нэг л өглөө сэрэхэд чинь гишгэх газар шороо, гудамж талбайгүй болж харийханий газарт татвар төлж байж л алхах цаг ирэх вий дээ.
URL: