Б.Обамад хортой захиа илгээсэн жүжигчин бүсгүйд 18 жил хорих ял шийтгэв

527-14055856468cbae2953181621085dcebd0e6c06ca4_XLДАЛЛАС. /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумбергт хортой бодис шингээсэн захидал илгээсэн эмэгтэй жүжигчинд тус улсын шүүх олон жилийн хорих ял оноов.

Техас муж улсын холбооны шүүхээс 36 настай жүжигчин Шэннон Ричардсоныг хорт бодис үйлдвэрлэж, хадгалсан гэж үзэн 18 жил хорих ялаар шийтгэсэн байна. Шэннон Ричардсон өнгөрсөн жилийн зургадугаар сард Ерөнхийлөгч Б.Обама болон Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг нарт хүний биеийг ноцтой хордуулах үйлчилгээтэй “Рицин” хэмээх бодис нэвчүүлсэн захидал илгээсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан юм.

Тэрбээр уг хэргийг түүний нөхөр үйлдсэн гэж мэдүүлж байсан боловч хорт бодисыг интернэтээр худалдаж авсан болохыг нь цагдаа нар олж илрүүлсний дараа хэргээ хүлээжээ.

Кино, телевизийн олон ангит кинонд туслах дүр бүтээдэг байсан жүжигчин бүсгүй зургаан хүүхдийн ээж бөгөөд цагдаад саатуулагдан шалгагдаж байхдаа бага хүүхдээ төрүүлсэн байна.

А.Цацралт

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих