Ардын намын тактик
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардын намын гишүүд УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар хуульд заасан хугацаанд бүлгээ байгуулаагүй учраас байнгын хорооны бүрэлдэхүүнд орж чадаагүй юм. Уул шугамандаа асуудал өөрсдөөс нь болсон хэрэг.
Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд алдаа болгоныхоо араас бид байнгын хороонд харьяалагдахгүй байснаас болж ийм асуудал үүслээ хэмээн тайлбарладаг байсан юм.
Хуулийн хугацаанд бүлгээ бүрдүүлж чадаагүй бол УИХ-д суудалтай нам эвслийн гишүүн аль ч байнгын хороонд харьяалагдахгүй байх учиртай. Гэсэн ч МАН хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тохироо хийсний хүчинд нэг хоёр гишүүдээ байнгын хороонд харьяалагдах боломж бүрдүүлж байсан талаархи баримт мэдээ эдүгээ ч хэвлэлийн хуудаснаа шарлаж байгаа.
Тэгвэл, МАН энэ удаад мөн л өнөөх аргаа хэрэглэв. Гэхдээ хуулийн төслүүдээр барьцаалсан гэдэг нь хэн бүхэнд тодорхой байсан юм. УИХ-ын байнгын хороодын бүрэлдэхүүнд орох эрхийг хязгаарласан байсан УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар хуульд өөрчлөлт оруулж, долоон байнгын хороонд МАН-ын гишүүдийг оруулах шийдвэрийг хаврын чуулганаар гаргасан билээ.
УИХ-ын чуулганы хугацаанд МАН-ын гишүүдээс болж гацаж байсан маш олон хуулийн төслүүд УИХ-ын Хаврын чуулган хаалтаа хийсэн өдөр буюу энэ сарын 1-нд бүгд батлагдсан юм.
Шилэн дансны тухай, Газрын тосны тухай, хамгийн их эсэргүүцэж байсан Ашигт малтмалын тухай хууль хууль дээр ч МАН-ын нэг ч үг дуугарахгүй батлуулж гаргасан ч тэд эрхгүй барьцаанд орж улс төрийн тохироо хийсэн гэдгийг баталж харуулаад байгаа юм. МАН-ын гишүүдийн эсэргүүцэлгүй, “Шударга ёс” эвсэлтэй тохироо хийснээр энэ хууль батлагдсаны дараа ч МАН-ын эсэргүүцэж байсан гишүүдээс хэн нь ч дуугараагүй.
Хамгийн их эсэргүүцдэг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хүртэл хууль батлагдсаны дараа амнаасаа үг унагасангүй. Уг нь Шударга ёс эвсэл завсарлага авч, МАН-ын гишүүд хуралдааныг хаяж хүчтэй эсэргүүцсэн бол олон ч хуулийн төсөл хэлэлцэгдэж амжихгүй гэдэг нь хаврын чуулганы явцад харагдаж байсан билээ. Тэд улстөржих өдрөө улстөржсөн шиг улстөржиж бүтэн өдрийг нь нэгхэн асуудалд зарцуулуулж чаддаг байв.
25-уулаа гар өргөж асуулт асуугаад суучихаар УИХ-ын дарга хэчнээн бухимдлаа ч яаж ч чадахгүй нэг өдөрт ганцхан асуудал хэлэлцэж байсан тохиолдол бий. Гэтэл сүүлийн өдөр бүх хууль гэрлийн хурдаар батлагдсан.
Энэ парламентад сөрөг хүчин байдаг бил үү гэж гайхаж алмайрмаар олон хуулийг ногоон гэрлээр баталсан. Бараг л МАН-ын гишүүд үг хэлсэн нэгийгээ ад үзэх нь холгүй хаврын чуулганы сүүлийн өдрийг эрх баригчдад “бэлэглэсэн” юм. Олонхи тэнд жинхэнэ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж хүсч байсан бүх хуулиа баталж чадсан билээ.
Тиймээс МАН-ынхан энэ удаад хуулийн төслүүдээр барьцаалагдаж байнгын хороонд гишүүдээ харьяалуулж авав уу гэдэг хардалт хүн бүхэнд төрөх нь мэдээж. Гэхдээ энэ удаад найр тавьсан ч ирээдүйд ч тэдний хийх улс төрийн нүүдэл тун өвөрмөц байх нь мэдээж.
Чуулган завсарласны дараа МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нь хоёулаа хэлэлцсэн юм шиг ижилхэн утга санаатай ярилцлага өгч, өөрийн намын гэсэн телевиз, сонинд бүтэн дөрөв таван нүүр дамнуулсан ярилцлага өгсөн нь нэгийг хэлээд байгаа юм. Тэд хийсэн тохироогоо далдлах гэж, цаашдаа аманд чинь багтана гэж бодож байна уу, битгий горьд хэмээн АН-ынхан сануулга өгөх гэсэн санаа бололтой.
Намрын чуулганы хуралдаанд тэд олуулаа болно. Байнгын хороонд шантааж хийж чадах бүрэлдэхүүнтэй болчихлоо. Одоо ч сөрөг хүчний отон тоглолт гарах нь мэдээж. Хүсэхгүй бол тэд хэлэлцэж байгаад хуулийн төслийг унагаж чадах ирцтэй болж байна. Хуулийн төслөөр барьцаа хийж юу хүссэнээ хий чадах ирцтэй боллоо. Өмнө нь нэг байнгын хороонд гурвуулаа суучихаад хэрэлдэж суудаг байсан бол намраас эхлээд тавуулаа, зургуулаа болж эсэргүүцэх нь.
Одоо сөрөг хүчин өөр хийгээд байх улс төрийн тохироо үлдээгүй. Хамтарч ажиллахгүй гэдгээ Намын дарга М.Энхболд, Ж.Мөнхбат генсек ярилцлага өгөхдөө ярьчихсан. Тэгэхээр цаашид АН-ынханд Ардын намыг шантаажлах, тохироо хийх боломж бараг л үлдсэнгүй бололтой.
Тэд ямар ч асуудлаар улс төрийн тоглолт хийж олонхийг шантаажилж чадахаар боллоо. Ардын нам арчаагүйгээс өөрсдийнхөө буруутай байдлаас болж байнгын хороондоо ч харьяалагдаж чадахгүй бүх хууль дээр олонхийг дагаж намирсаар байгаад үр ашиггүй сөрөг хүчин байлаа гэх шүүмжлэлээс тэд өөрсдийгөө эвтэйхэн сугалаад гарчихлаа.
Долдугаар сарын 1-нд хийгдсэн УИХ-ын Дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр МАН-ын 13 гишүүн долоон байнгын хороонд харьяалагдах боломж бүрдлээ.
Тодруулбал, Эдийн засгийн байнгын хороонд Ж.Батсуурь, Ө.Энхтүвшин, Төсвийн байнгын хороонд Д.Сумъяабазар, Д.Оюунхорол, Хууль зүйн байнгын хороонд Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд Ё.Отгонбаяр, Байгаль орчин хүн хөдөө аж ахуйн байнгын хороонд О.Содбилэг, Ж.Эрдэнэбат, НББСШУ-ны байнгын хороонд Д.Хаянхярваа, Төрийн байгуулалтын байнгын хороонд Д.Лүндээжанцан, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, Ц.Дашдорж нарын гишүүд харьяалагдахаар боллоо.
Ингэснээр МАН-ын 25 гишүүн бүгд хуваагдаж байнгын хороонд харьяалагдах боллоо. Энэ намрын чуулган үзэж харах зүйлтэй, сөрөг хүчин шиг сөрөг хүчинтэй байгаасай гэж найдъя.
Б.Тогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: