Ирэх 20 жилийн дотор мал цөөрч, мах нүдний гэм болох шинж ажиглагдсаар л …
Үнэгүй бэлчээр бол Монголын цорын ганц баялаг юм. Дэлхийд ямар малчин малаа бэлчээлээ гээд татвар төлдөггүй уудам талбиу бэлчээр ганцхан Монгол улсад л байдаг билээ. Бэлчээрт байгаа эмийн ургамлыг малдаа идүүллээ гээд ганц ч төгрөгийн татвар төлдөггүй. Тэгвэл ОХУ болон Хятадын Өвөр Монгол, Казакстан улсууд нь бүгд бэлчээрийн хуультай учраас хэн нэг малчин өөрийн эзэмшлээс өөр нутаг руу малаа оруулбал тодорхой хэмжээний мөнгөн татварыг улсад төлдөг ажээ. Хамгийн олон хоньтой Австрали тив бол бүр хатуу бэлчээрийн хуультай гэж байгаа. Тэнд бэлчээр ашигласны татварыг мал аж ахуй эрхэлдэг хүн болгон төлдөг ажээ.
Тэр мөнгийг нь эргүүлээд бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулдаг аж. Хуулийн ийм нарийн зарцуулалттай болоод ч тэр үү тэдгээр улсуудын иргэд нь махны үнэ өсч байна, биднийг шулж гэж огтхон ч ярьдаггүй ажээ. Тэртэй тэргүй малчдаас авах татвар өндөр, малчид мал маллах явцад гарч байгаа бүх зардал шимтгэлээ шингээгээд махандаа бодит үнэ тогтоодог учраас махны үнэ өндөр үнтэй байдаг юм байна. Гэтэл байгаль дээрхи бэлэн өвс ургамал идэж, үнэгүй ус ууж, үнэгүй бэлчээр ашигласан монгол малын мах Англи, Австрали зэрэг улсуудын махны үнэтэй ялгаагүй заримдаа тэд нараас өндөр үнээр зарагдаж байгаа учраас гайхах хүн олон. “Үнэгүй бэлчээрээс үнэтэй гарч ирдэг махны үнийг ченжүүд л зохиомлоор өсгөж байна. Малчдын гар дээрээс хямд үнээр аваад үнэ нэмж зардаг” хэмээн ярих нэг хэсэг байхад “Малчид хэт шуналтайдаа өөрсдийн санаан зоргоор махныхаа үнийг тогтоодог.
Нэг нь өндөр үнэ хэлэхэд бусад нь дагаж хошуурдаг” гэж ярьдаг хүмүүс ч бий. Эдний аль нь үнэн болох нь тодорхой байдаг юм. Одоо тэгтэл газрын тухай шинэ хуулиар бэлчээрийг хувьчлах тухай яриад эхэллээ. Тиймээс зарим нэг хүн “Хэрвээ бэлчээрийг хувьд өгч, малчдаас бэлчээр ашиглалтын татвар аваад хэлбэл малын махны үнэ бүр ч нэмэгдэх нь гарцаагүй. Яваандаа 50сая малтай гуравхан сая хүн амтай атлаа дэлхийн хамгийн өндөр үнэтэй мах зооглодог ард түмэн ч болж болзошгүй. Одоо нэг кг нь арван мянган төгрөгөөр зарагдаж байгаа махны үнэ бэлчээрийн татаас авч эхэлсний дараа 30 мянган төгрөг ч өлхөн хүрч мэднэ.
Тэгвэл зөвхөн баячууд л мах иддэг болох байлгүйдээ ” гэсэн бараан утгатай зүйл ярьж байгаа юм. Гэхдээ бид бэлчээрийн тухай хуулийг ийм өрөөсгөл байдлаар хүлээж авч болохгүй болов уу. Учир нь энэ хууль гарсан гараагүй мах нүдний гэм болох өөр шалтгаан хэдийнэ бүрэлдчихээд байгаа билээ. Тодруулбал малын бэлчээр хомсдож байгаа талаар малчид хүртэл халаглан ярьдаг болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. 20 жилийн өмнө бол бэлчээрийн хомсдол, даац хэтрэлт гэж хэн ч ярьдаггүй байсан боловч 2010 оны судалгаагаар Монгол орны газар нутгийн бараг 60 хувь нь цөлжилтөнд нэрвэгдэж эхлээд байгаа нь харагдсан байв.
Ус нь ширгэж, ургамал нь ургахаа болиод оронд нь хортой өвс ургамал хогийн лууль шарилж ургасан газрууд улам ихсэх болсон нь сэтгэл түгшээж байгаа юм. Өвс ургамалын чанар ингэж өөрчлөгдөх нь цөлжилтийн эхлэл юм шүү дээ. Хоёр гурван жил хогийн ургамал ургасан газрууд нэг л өдөр хөрс нь улаанаараа эргэсэн үржил шимгүй цөл болон хувирдаг гэдэг билээ. Бэлчээр сүйрч, хогийн өвс ургамал ингэж ургах болсон нь малын хөлийн хор нөлөөнөөс үүдэлтэй юм. Сүүлийн үеийн малчид бэлчээр сэлгэн нүүдэллэхээс залхуурч, нэг довноосоо холдолгүй нутаглах юмуу ганц уулыг тойрон хаваржиж, намаржиж, зусч, өвөлжин суурин маягаар аж төрөх нь ихэссэн бөгөд том том дүнзэн байшингууд бариад эхэлсэн билээ. Нүүдлийн мал аж ахуй маань ийнхүү суурин суугуул болж эхэлснээр цөлжилт улам бүр эрчимтэй явагдаж байгаа билээ. Монгол улсын газрын сангийн наян хувийг эзлэх бэлчээр нь мал аж ахуй эрхэлж ирсэн 4000 орчим жилийн турш ашиглагдаж нөөц нь огт бууралгүй байсаар 20-р зуутай золгосон атал 21-р зуун гараад хориодхон жил болоход л бэлчээр цөлжих аюул нүүрлэсэн нь үнэхээр харамсалтай.
20-р зууны эхээр Торгуудын хошуу хийгээд Тагнын урианхай, Өвөр монгол, Буриадын хязгаарыг оруулаад нийтдээ 40 орчим сая мал өргөн уудам бэлчээр нутагт бэлчээрлэн өсч үржиж байлаа. Тэр үед моголчууд газар орны байдал, цаг уурын онцлогоо сайн мэддэг, мэдэрдэг байсан учир тогтмол буурь сэлгэн бэлчээрээ хамгаалж , хөрсний доройтлоос сэргийлж байсан нь энэ. 1950 онд “Нэгдэлжих хөдөлгөөн” ялж малчид мал сүргийг суурь сууриар нь сүрэг сүргээр нь маллаж эхэлснээс хойш ч гэсэн бэлчээр цөлжих, бэлчээрийн даац хэтрэх, бэлчээртээ малын тоо толгойг тохируулах гэх мэт үгс гарч байгаагүй юм. Малчид нэг нэгнээсээ хол нутаглаж, отор хийн бэлчээрээ нөөцөлж чаддаг байсан учраас тийм зүйл ярих ямар ч шаардлагагүй байсан хэрэг. Харин 1990 оноос эхлэн малыг хувьчилж сум суурин газарт албан хаагч нэртэй малаас хол хөндий амьдарч байсан хүмүүст бөөн бөөн мал өгснөөр бэлчээрийн зүй зохистой харьцаа алдагдсан билээ.
Мал маллаж байгаагүй, мал маллах арга мэдэхгүй, шинэ цагийн малчид жилийн дөрвөн улирлыг нэг буурин дээрээ өнгөрөөж суурин малчид гэх шинэ үзэгдэл гарч ирсэн юмдаг. Тэгж байтал 1996 он гарч 500-гаас дээш малтай айлуудын тоо эрс ихэсч, нутаг бэлчээр дээрээ мал сүрэг нь багталцахаа больж үүний улмаас бэлчээрээ булаацалдан нэгнийгээ хөнөсөн хэрэг ч гарч байлаа. Зарим малчин хуучны уламжлалаараа бэлчээр нутгаа нөөцлөн холхон зусч, хаваржаад эргээд ирэхэд нь өөр айлууд нөөцөлж үлдээсэн бэлчээр дээр нь буучихдаг байсан учраас ийнхүү алаан талаандаа тулж байснаас гадна сүүлдээ ийш тийшээ нүүж ээнэг болсон нутагаа бусдад алдахаас болгоомлох болсон байв. Энэ үед орчин үеийн малчин айл өрхийн гэрийн тавилга, ахуйн хэрэглээ суурин газарт оршин суудаг айлынхтай адил төстэй болсон учраас олон дахин нүүх сонирхол ч багассан нь анзаарагддаг.
Монголын нүүдлийн мал аж ахуй суурин байдалд шилжиж газар нутгаа улам бүр талхлан мэрсээр эцэстээ цөлжилтийг улам хурдацтай болгосон учир малгүй болох шинж ч улам ажиглагдаж байгаа юм. Одооноос бэлчээрийг нөөцлөн ашиглах уламжлалт нүүдлийн аргаа буцааж сэргээхгүй бол 2040 он гэхэд монголын мал сүрэг 20 сая хүртлээ хорогдож цөөрнө гэсэн бараан таамаг ч бий. Энэ таамаг биелэлээ олох бүрэн үндэстэй. Цөлжсөн газар нутаг дээр мал өснө гэж юу байхав. Бэлчээр цөлжвөл малчид малгүй болж, хот руу нүүдэллэж ирэх бөгөөд махны үнэ ч тэнгэрт хадаж, мах идэх боломжтой хүн улам цөөрөх нь гарцаагүй.
Б.Мөсөн
agshin.mn
URL: