Ардын их баяр наадам уу, эсвэл ардчиллын баяр болоод өнгөрөв үү ?

527-1405568759IMG_1380-600x400Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өнгөрлөө. Гэхдээ “Үндэсний их баяр наадам уу, эсвэл зөвхөн ардчиллын ойн баяр уу” хэмээн эргэлзэж, хэн нэгнээс асуух ч учрыг нь эс олох хүн олон үлдлээ.

Өөрөөр хэлбэл, энэ жилийн баяр наадмын нээлтийн ёслол хүндэтгэлийн ажиллагааг үзсэн иргэдийн дунд “Энэ чинь ардчиллын баяр юм биш үү” гэсэн шүүмжлэл газар авав. Өнгөрсөн жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар ажилласан Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам өнөө жилийнхийг ч мөн найрууллаа.

Тэрбээр наадмын өмнөхөн “Энэ жилийн урлагийн арга хэмжээг “Босоо заяатай Монгол” агуулгын дор найруулж байгаа. Баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа өвөрмөц, онцлогтой, сайхан болно гэдгийг амлаж чадах байна” хэмээж байсан. Ер нь иргэдийн олонхи нь жил бүрийн баяр наадмын нээлт, хаалтыг үзэх сонирхолтой байдаг.

Тиймдээ ч эрхэм гавьяатын “Хүн бүрт таалагдана” хэмээн бардамнасан нээлтийг үзэх хүлээлт үүсээд байсан ч талаар болсон юм. Тухайлбал, нээлтийн урлагийн үзүүлбэрт багтсан “Хонхны дуу”-нд иргэд дургүйцлээ маш их илэрхийлсэн. Наадамчин олны дунд “Бослого, тэмцэлд уриалсан дууг найр наадам, эв нэгдлийн үеэр дуулах нь билэггүй юм” хэмээх шүүмжлэл амнаас ам дамжин яригдаж байлаа.

Үнэндээ яаж ч бодсон үндэсний их баяр наадам болж байхад АН-ын сүлд, тэр дундаа баяр ёслолд тохиромжгүй дууг дуулж байхад хэн ч таатай хүлээж авах билээ дээ. Мөн нээлтийн ажиллагаанд өрөөл, магтаалын үг хэллэг, аялгуу бүхий бий биелэгээ, орчин үеийн бүжиг зэрэг урлагийн олон үзүүлбэр үзүүлсэн ч зохион байгуулалт муутай харагдсан.

Хэтэрхий олон хүн болохоор ч тэр үү бүжгийн хөдөлгөөн зөрж, эцэстээ хаа сайгүй л өөрийн дураар бүжиглэх шиг болсон. Гэхдээ энэ нь дээрх “Хонхны дуу”-г бодвол хамаагүй дээр үзүүлбэр нь гэхэд болохоор байлаа. Харин энхийг сахиулахаар явах гэж буй цэрэг эрс дүрэмт хувцастайгаа бий биелэгээ, бүжиг хийсэн нь наадамчин олонд нэг их таалагдаагүй.

Арга ч үгүй биз. Үймээн самуун, дайн тулаан ихтэй байгаа гадаадын улс оронд энхийг сахиулахаар явах гэж буй тэднийг төв цэнгэлдэхэд орж ирэхэд ард түмэн баатарлагаар төсөөлөн уухай хадааж, алга ташин угтаж авсан. Харамсалтай нь баатарлаг цэргүүд маань нээлтийн үеэр тохиромжгүй бүжиг бүжиглэсэн.

Энэ үеэр наадамчин олны дунд “Цэргүүдээр бараг эмэгтэй хүний бүжиг хийлгэлээ” хэмээн шүүмжлэх нэгэн ч байсан юм. Харин нээлтийн ёслолын арай дээр хэсэг нь. оролцогчид “ХҮННҮ” гэсэн үг бүтээн жагсч, чанга яригчаар “Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2223 жилийн ой тохиож байна. Монголчуудын төрт их ёсны түүх хоёр мянганаар хэмжигдэнэ. Монгол Улс бол дэлхийн анхны төрт улс мөн…” гэх мэтчилэн тунхаглан зарлаж байсан юм.

Мөн наадамд хүрэлцэн ирсэн гадаадын иргэдэд нээлтийн үйл ажиллагааг орчуулан хүргэсэн. Гэхдээ л “Хонхны дуу” эгшиглэсэн наадмын нээлтийг үзсэн иргэд “Ардын их баяр наадам уу, эсвэл ардчиллын баяр болоод өнгөрөв үү” гэцгээж байлаа.

“Харанга”-ын Х.Лхагвасүрэн мориноосоо унасан ч дуу нь үргэлжилсээр л…

Энэ жилийн баяр наадмын нээлтийн үеэр “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн Төв цэнгэлдэхэд “Толин хул”-аа дуулсаар сүр дуулиантай орж ирсэн ч наадамчин олны өмнө хөгөө чирэв. Тэрбээр энэ дуугаа жил бүрийн баяр наадмаар дуулдаг уламжпал тогтоод байгаа ч өнгөрсөн жил мориноосоо арай л уналгүй тогтсон удаа бий.

Гэтэл өнөө жилийн баяр наадмаар морио цоройлгох гэж байгаад жолоогоо хэт их татсанаас болж морьтойгоо харуулдаж уналаа. Бүр унах унахдаа гадаадын жуулчдын өмнө унаж, тэр бүү хэл дуучин нь мориноосоо унаж, мордох гээд хөгөлж байх зуур дуу үргэлжилсээр байсан нь арай л биш байв.

Наадамчдын зарим нь түүнийг “Халамцуу явж байна лээ, аргагүй” хэмээн ярихыг ч сонслоо. Үндэснийхээ баяр наадмын нээлтэд оролцож, ард түмний өмнө дуугаа дуулах гэж байгаа бол ингэж бүдүүлэг хандаж болохгүйг ч хэлэх хүн олон байсан юм.

Х.Оюунчимэг дөрвөн жил дараалан түрүүлж Гарамгай мэргэн болов

Үндэсний их баяр наадмын Халх сурын харвааны хана болон хасын харвааны төрөл хоёр өдөр үргэлжлэн дүнгээ гаргаж, шилдгүүдээ тодруулсан. Халх сурын харваанд эрэгтэй 270, эмэгтэй 130 гаруй харваач өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын тамирчин, “Алтан Дорнод Майнинг сервис” компанийн харваач, хошой мэргэн Л.Отгонбаяр тэргүүллээ.

Дэд байрт “Алдар” спорт хороо, “ЖЕМ Интернэшнл” компанийн харваач, спортын мастер Б.Батбаатар,  гутгаар байрт Төв аймгийн “Зуун мэргэн” холбоо, “Мандухай цэцэн” компанийн харваач, спортын мастер С.Өлзийсайхан шалгарлаа. Дөрөвдүгээр байрт “Монгол ус” ТӨК-ын харваач Б.Баярсайхан, тавдугаар байрт спортын мастер А.Төртогтох нар удаалав.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд “Чингис хааны дэлхийн академи” ТББ-ын харваач Монгол Улсын гоц мэргэн Х.Оюунчимэг тэргүүлсэн. Ингэснээр тэрбээр Үндэсний их баяр наадамд дөрвөн жил дараалан түрүүлж, Гарамгай мэргэн цолны болзол хангасан.

Харин дэд байрт “Алдар” спорт хороо, “ЖЕМ Интөрнэшнл” компанийн харваач улсын мэргэн Д.Норжмаа, гутгаар байрт Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороо, “АПУ Трединг” компани, “Зэв алтан түрүү” багийн харваач спортын мастер И.Цэцэгмаа нар шалгарав.

Дөрөвдүгээр байрт, “Шинэ Налайх” багийн харваач спортын мастер Б.Пунсалдулам, тавдугаар байрт, “Ажнай-Таван толгой” компанийн харваач спортын мастер О.Чинзүрх нар шалгарсан байна. Энэ удаагийн Халх сурын харвааны үеэр нэг гарамгай мэргэн, таван спортын мастер, 11 дэд мастер төрлөө.

Шагайн харваанд Т.Идэрзориг ахлагчтай баг тэргүүллээ

Энэ жилийн баяр наадмын хоёр дахь өдөр үндэсний шагайн харваа цэц мэргэдээ тодруулж, аваргаа шалгарууллаа. Шагайн харваанд 50 гаруй багийн 490 орчим харваач оролцсоноос “Ажнай” группийн харваач, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Т.Идэрзориг ахлагчтай баг тамирчид тэргүүллээ.

Харин хоёрдугаар байрыг “АПУ” компанийн “Ямааранз” баг эзэлсэн бол гутгаар байрт Монгол Улсын үлэмж мэргэн Э.Базарханд ахлагчтай шагайчид шалгарлаа.

Дөрөвдүгээр байрт Монгол Улсын үлэмж дархан, спортын мастөр Б.Гантулга ахлагчтай “Шинэ Бадрах” баг, тавдугаар байрын шагналтнаар Монгол Улсын үлэмж дархан, спортын мастер Г.Мөнхжаргал ахлагчтай “Хөх чоно” баг, зургадугаар байрт Монгол Улсын үлэмж дархан Э.Болдбаатар ахлагчтай Сэлэнгэ аймгийн “Орхонтуул” баг тус тус тодорлоо.

Түүнчлэн энэ жилийн шагайн харваанд АНУ, Бельги, БНСУ-д амьдардаг монголчууд нэг баг болон оролцсон нь онцлууштай үйл явдал болсон юм.

М.Наранболд

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих