Ардын засгийн бүх туган дээр заларч явсан хас тэмдгийг үндсэрхэг үзэлт залуус сонгож авсан нь буруу биш

20140717014550Монголчууд хас тэмдэг буюу Буддын шашны номоор бол түмэн наст Нацагдорж тэмдгийг эрт  үеэс ахуй амьдралдаа  хэрэглэж ирсэн гэдгийг гадныхан байтугай өөрсдөө ч сайн мэддэггүй  болох нь олон зүйлээс анзаарагддаг юм. Жишээ нь үндсэрхэг үзэлтэй  залуус хас тэмдэг бүхий малгай өмсч хас тэмдэг зүүчихсэн байхыг хараад “Эд нар ичээсэй. Германы нацистуудыг, Гитлерийн Фашистуудыг дуурайчихаж” хэмээн дургүйцдэг хүн олон байгаа нь анзаарагддаг юм. Гэтэл үнэн хэрэгтээ ингэж ярьж байгаа хүн өөрөөсөө ичих ёстой гэдгийг зориуд хэлье. Учир нь тэд өв уламжлал, түүх соёлоо сайн мэдэхгүй гэсэн үг юм. Түүхийн баримт хөөхөд 1911оны үед Ховдыг чөлөөлөхөөр очсон Тогтох тайжийн Барга цэргүүд шар ногоон хүрээн дунд урласан тод хар өнгийн хас тэмдэг  бүхий туг бариад манж амбаны цэргүүдийн эсрэг баатарлагаар тулалдаж байсан гэдэг. Үүнээс гадна Монголын үндэсний түүхийн музейд хас тэмдэг бүхий хөх ногоон туг хадгалагдаж байна.

Уг тугны алтан шар эмжээртэй улаан таван хошууны голд нь онги хүрээтэй хас тэмдэг хавж оёсон байсныг сүүлд нь  ханз татан хуулж хаясан ул мөр нь үлдсэн гэдэг. Бодвол 1941 онд ЗХУ руу хас тэмдгээр өөрсдийнхөө  сүр хүчийг билэгдсэн Германы арми цөмрөн орсон учраас социалист дарга нар “Фашистуудын билэгдэл болсон хас тэмдэг яахаараа монгол цэргийн эртний туган дээр байж байдаг билээ”  хэмээн үзэл сурталжаад  хуу татан хаясан байлгүй. Таван хошууных нь дор  соёмбо үсгээр бичсэн арван таван тэмдэгттэй  уг туган дээр босоо монгол бичгээр “Монгол улсын ардын засгийн газрын бүх цэргийн туг ” гэсэн байгаа нь энэхүү туг Адольф  Гитлер хас тэмдэгний талаар ямар ч төсөөлөлгүй явж байсан 1921оны үед бүтээгдсэн болохыг гэрчилж байгаа юм. Түүнээс гадна 1921-1924 оны хооронд  С.Данзан сайдын засгийн газарт ажиллаж байсан, 1926-1929 оны хооронд Өвөр Монголд нууц даалгавар гүйцэтгэж явсан нэрт соён гэгээрүүлэгч зохиолч Содномбалжирын Буяннэмэх 1924 онд зохиосон “Монгол интернациональ” дуундаа хас тэмдгийн тухай дурдсан байдаг билээ.

Тэрбээр уг дууны хоёрдугаар бадагийн дөрөвдүгээр мөрөнд “… Хаст зэвсэгээр харанхуй нийгмийн замыг засах…” тухай өгүүлсэн байдаг юм. Хаст зэвсэг гэсэн энэхүү үг монголчууд хас тэмдгийг Германчуудаас хамаагүй өмнө билэгдэл болгон дээдэлж явсныг гэрчилнэ. Эдгээрээс гадна олон монгол айлд эцэг өвгөдөөс нь уламжилж ирсэн хас тамга байдаг нь ч нэгийг хэлдэг билээ. Тиймээс өнөө цагийн үндсэрхэг үзэлт залуус маань фашист германчуудыг дуурайж хас зэвсэгээр гангарч байгаа юм биш харин ч өнө эртний түүхтэй өв уламжлалынхаа дагуу зогсолтгүй эргэх мөнхийн хүчний билэгдэл хас тэмдгээр өөрийнхөө үзэл бодол, үйл хэргийг илэрхийлж яваа хэмээн бодох нь зүйтэй юм.

Б.Мөсөн

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих