ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ШИНЭЧЛЭЛИЙГ ТОЛГОЙНООС НЬ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ
Наадмын өмнөх хэд хоногийн турш хэвлэлийн хуудаснаас сайн биш саар мэдээлэл салгаагүй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабынхан баяраар ч тухтайхан амрах завгүй өнгөрчээ. Хэвлэлд бичсэн зүйлийг хэн дэлгэв, хайж ол гэсэн лүндэн том дарга нар буулгасан учраас цэргүүд нь тайван амарч, тухтай наадах боломжгүй байсан гэх юм. Бөх харж, морь үзэж суусан ч даргын даалгавар толгойноос салахгүй эргэлдэж, буруутнаар хэнийг нэрлэж, банга багатайхан салах вэ хэмээн чамгүй их зовсон юм байх.
Энэ салбарт болж бүтэхгүй зүйл арай л их байдаг бололтой. Эх орноо хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч яваа цэргийн алба хаагч олон байгаа. Харамсалтай нь тэдний хийсэн бүтээснийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд харлуулаад байна. Хаалттай байсан салбар болж бүтэхгүй бүхий л зүйлээ “улсын нууц” гэж хаацайлдаг байсан өмнөх нийгмийн үзэл бодол одоо ч энэ салбарт амь бөхтэй хэвээр. Салбарынх нь тухай сонин, хэвлэл дээр саараар бичигдвэл хэрхэн тэр асуудлыг засч залруулах вэ гэдгээ хэлэлцэхээс урьтаж хэн тэр тухай ам нээв, мэдээлэл хэнд өгч бичүүлэв гэж эзэн холбогдогчийг нь эрж хайдаг болсон байна.
БХЯ-ны төрийн нарийн нь, ЗХЖШ-ын дарга нь өөрсдийнхөө дор ажилладаг хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудаа дуудаж “Хэн захиалга өгч бичүүлж байгааг олж ир. Олохгүй бол албан тушаалаа өгөөд зайлаарай” гээд сууж байх жишээтэй. Гэтэл яг үнэндээ энэ салбарт ажил нь явахгүй, дээд дарга нараас дэмжлэг байхгүй болохоор шударга алба хаагчид нь болж бүтэхгүй зүйл хийгээд байгаа удирдлагынхаа тухай нуулгүй ярьчихдаг гэдгийг эрхэм дарга нар ойлготол ч бас өдий бололтой. Чухам юуны учир цэргийн нууц хэмээн хаацайлдаг зүйлээ ч илэн далангүй өгүүлдэг болсон юм бол гээд хөөвөл дээд дарга нартаа итгэл алдарсан ажилтнууд нь газрын ойр гайны бага дээр нь болж бүтэхгүй үйлсийн эздийг төрхөмд нь буцаах арга чарга хайх болсны илрэл юм билээ. Тэгээд ч зөвхөн армийнхан гэлтгүй энгийн олон түмэн ч энэ салбарын толгой дээр гарч суусан нөхдийг хөгжүүлж дэвжүүлэхийн оронд унагаж мөлхүүлэхээр үйлдэл олныг хийж буйг нь тэртээ тэргүй харж байгаа шүү дээ.
Одоогоос таван жилийн өмнө Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд дэслэгч генерал Ц.Бямбажавт итгэл хүлээлгэн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болгосон. Гэтэл энэ хугацаанд Зэвсэгт хүчинд дэслэгч генерал Ц.Бямбажав чухам ямар гэрэл гэгээтэй ажил хийсэн бэ гэж асуувал хариулт ховор. Ганц нэг олдох л байх. Гэхдээ төрийн албыг төрлийнх болгосон, ажлаа мэддэг, шударга дарга нарыг бөөнөөр нь халж сольсон, ховоор ажил явуулдаг, мэдлэг муутайн дээр зусар бялдуучдаар тойрон хүрээллүүлсэн гэхчилэн сайн биш саар тодорхойлолт л түлхүү урсахаар юм билээ. Энэ эрхэм ажил хүлээж авсан даруйдаа ЗХЖШ-ын бүх удирдлагыг сольсон. Анги, байгууллагын захирагч нарыг мөн л 100 хувь өөрчилсөн. ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн даргаа л гэхэд өнгөрсөн таван жилд таван удаа сольсон гээд бод л доо.
Батлан хамгаалахын экс сайд Лу.Болд Зэвсэгт хүчний удирддагыг өөрийн улс төрийн зөвлөх Ц.Ганболдынхоо үгээр сольж хольж байсан нь энэ салбарын хөл толгой олдохоо больтол самарсны хариуцлагаас хуваалцах л ёстой хүний нэг гэдгийг гэрчилнэ. БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайдаас чамгүй том банга хүртсэн дуулдсан. Тэр нь хөрөнгө, мөнгөтэй холбоотой асуудал юм гэсэн. Эрхэм генерал БХИС-ийн спорт цогцолборыг барих ажлыг найздаа авч өгсөн төдийгүй Багабаян дахь Цэргийн амралтын 60 ортой байрыг мөн л найздаа ашигтайгаар түрээслүүлэхээр болсон тухай мэдээлэл байгаа. Цэргийн амралтын байрыг 400 гаруй сая төгрөгөөр засах ажлыг УИХ-ын гишүүн. Д.Арвингийн хувийн компанид найр тавьсан гэдэг ч эрхэм генералын хүчин зүтгэл гэх юм билээ.
ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын орлогч дарга, хурандаа Г.Баярсайханыг тус газрын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Энхчулуун АТГ-т шалгуулахаар өгснийхөө “шанд” тэтгэвэртээ гарах мэдэгдлээ авчихаад явж байна. Хурандаа Г.Баярсайхан нь ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажавын хамаатан бөгөөд шалгалт хийх төлөвлөгөөгөө ахаараа батлуулж аваад хөдөөний ангиудаар явах тун их сонирхолтой нэгэн гэдгийг ойр тойрныхон нь сэм шивнэлддэг нь учиртай аж. Шалгалт хийж ангиудын ажлыг сайжруулахдаа гол нь биш хөдөө ажлын машины шатахууны зардлын сожоонд л сонирхол байдаг гэх юм. Д.Энхчулуун дэд хурандаа Хяналт шалгалт үнэлгээний газрын дарга, бригадын генерал Г.Энхбаатарыг ч мөн АТГ-т баталгаатай баримттайгаар шалгуулахаар зэхэж буй гэсэн.
Энэ мэтээр Зэвсэгт хүчний салбарын талаар өөр олон таагүй мэдээлэл бидэнд ирсэн. Аливаа байгууллагын ажил урагшлахаа болих нь удирдаж буй даргатай нь шууд холбоотой байдаг. Тиймээс Зэвсэгт хүчинд хуримтлагдсан энэ олон болж бүтэхгүй байгаа асуудлыг шийдвэрлэхгарцнь эхний ээлжинд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавыг солих хэмээн салбарынхан нь нэгэн дуугаар хэлж байгааг нухацтайхан бодох цаг нь ирсэн бололтой.
М.ТУУЛ /өдрийн шуудан/
URL: