ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ТОМ ЦОЛТНУУДЫГ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛАХАД ХҮРГЭВ

наадамТулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсьш дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын тэргүүтэй 512 хүчтэн зодоглолоо.

Бөхчүүдийг цолоор нь ангилбал дээр дурдсан таван аваргаас гадна улсын арслан зургаа, гарьд тав, заан 12, харцага 20, начин 53, аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59, сумын цолтой болон залуу 221 бөх байв. Энэхүү баяр наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат “Увснуур” дэвжээ, “ТЭЦ-3″ ХХК, “Химон” констракшны бөх, улсын харцага Намсрайжавын Батсуурь одтой сайхан барилдаж, ес даван түрүүлж Монгол Улсын улсын арслан, Завхан аймгийн Идэс сумын харьяат, “Засагт ханы Завхан” дэвжзэ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, “ЗД” констракшны бөх, өсөх ндэр начин Ширбазарын Жаргалсайхан найм даван үзүүрлэж Монгол Улсын гарьд цолын болзол хангалаа. Эрхэм уншигч та баяр наадмын хүчит бөхийн барилдаанаас хийсэн сурвалжлагыг хүлээн авна уу.

ДАРХАН АВАРГУУД ЗҮҮН ТАЛЫН ТЭРГҮҮН МАГНАЙГ БУЛААЦАЛДАВ
Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг харахад хүчит бөхийн барилдаан долдугаар сарын 11-ний 12:00 цагт эхлэх байлаа. Гэсэн ч дархан аваргуудын зүүн талын тэргүүн магнайд гарах маргаанаас болоод нэгийн даваа эхлэх цагаасаа бараг цагийн дараа (52 минут) эхлэв. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг санаачилж, батлуулснаар далай аварга цол хасагдсан. Ингэснээр даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар дархан аварга цол хүртэх эрхтэй болж, тэдэнд монгол бөхийн оргил цолыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долдугаар сарын 7-нд олгосон билээ. Ингэснээр 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойн наадмаар шуугиантайхан зодог тайлсан “Жижиг” аварга дахин барилдах болж, монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ найман жилийн дараа эргэж ирсэн юм. Наадамд зодоглох бөхчүүд нэгийн давааны өмнө төрийн есөн хөлт цагаан тугаа тойрч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Харин энэ үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайлбарлагч Архангай аймгийн аймгийн Батцэнгэл сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаярын нэрийг эхэлж зарлан, улмаар “Өндөр аварга” өөрөөс нь түрүүлж туг тойрч, нэгийн даваа эхлэхийн өмнө зүүн талын магнайд очиж зогссон нь А.Сүхбатад таалагдсангүй. Тэрбээр хөлийн цэцэд хандан маргаан үүсгэж, үүнийг нь шийдвэрлэх гэсээр байтал нэгийн давад эхлэх цагаасаа хоцорсон юм.

Монгол үндэсний бөхөд бөхчүүд’” амжилтаараа эрэмбэлүүлдэг дүрэм. 2003 оны улсын баяр наадмаас үйлчилж байгаа. Гэхдээ энэхүү дүрэм зөвхөн дархан аварга цолтнуудад л үйлчилдэггүй юм. Өөрөөр хэлбэл, дархлагдсан аваргууд монгол бөхийн оргил цолыг хүртсэн дарааллаараа эрэмбэлүүлдэг. Угтаа бол шинэчлэгдсэн хуулиар А.Сүхбат 2000 онд ес давж түрүүлж улсын арслан, 2001 онд 10 давж түрүүлснээрээ улсын аваргыг алгасч даян аварга, 2004 он ес давж түрүүлснээрээ дархан аварга цолыг хүртсэн болж таарч байгаа. Г.Өсөхбаяр аварга 2002, 2003, 2005, 2009 онд тус бүрт нь ес давж түрүүлж, улсын арслан, улсын аварга, даян аварга, дархан аварга цолыг хүртсэн. Дөрвөнтээ түрүүлж, илүү амжилт гаргасан ч дархан аварга цолны болзлыг таван жилийн дараа биелүүлсэн учир зүүн биш баруун талыг тэргүүлэх учиртай юм. Нарийн ярих юм бол Монгол Улсын төрийн тэргүүн үндэсний бөхийн дээд цолыг эхэлж өөрт нь, үүнээс гурван минутын дараа Г.Өсөхбаярт олгосныг онцлон ярьж байсан. МҮБХ-ныхонд хоёр шинэ дархан аваргынхаа эрэмбэний асуудлыг албан ёсоор шийдвэрлээд, олон нийтэд зарлах дөрвөн хоногийн хугацаа байсан ч ингэсэнгүй. Үүний улмаас монгол наадам хэрүүлээр эхэлсэн нь тоогүй.

Асуудлыг нэг тийш болгох учиртай МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж наадмын өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд байсангүй, дэд тэргүүн Д.Данзан удаж удаж гарч ирж, энэхүү маргааныг нэг юм цэгцэлмэр аядаж, дархан аварга А.Сүхбат санасандаа хүрсэн юм. Энэхүү шийдвэр Г.Өсөхбаяр аваргад таалагдаагүй нь мэдээж, тэрбээр баруун жигүүр рүү дурамжхан алхаж харагдав. Хоёр аваргыг хоорондоо зөрөх агшинд барилцаад авчих вий дээ хэмээн түгшиж байснаа нуугаад яах вэ. Энд хэн нэгэн аваргыг өмөөрөх, эсвэл МҮБХ-г муулах гэсэнгүй, цагаан дээр хараар буудгасан дүрэм журам, бодит байдлыг өгүүллээ.

Б.ГАНТОГТОХЫГ ЯАГААД ДУРССАНГҮЙ ВЭ

Нэгэн сэтгүүлч найз маань өөрийн фэйсбүүк хуудсандаа ийн бичсэн байв. Тэрбээр “Баянмөнхийн Гантогтох гарьд сайхан барилдсан. Гурвын даваанд өвдөг шороодсон ч ард түмнээ хүндэтгэж наадамдаа зодоглолоо. Манай хэвлэл мэдээллийнхэн А.Сүхбат л гээд байх юм. Б.Гантогтох гарьдын тухай дурсахгүй байгаа нь харамсалтай байлаа. Тэр “Зургаан залуу заан”-ы нэг юм шүү. Жудагтай, даруухан нэгэн. Б.Гантогтох Увс аймгийн бөхийн галаа тэргүүлж, дасгалжуулсан. Түүний галаас арслан төрлөө. Б.Гантогтох сайн бөх, сайн дасгалжуулагч гэдгээ баталлаа” хэмээн бичсэн байлаа. Их аваргын бага хүү улсын наадамд 2009 онд нутгийн дүү Ө.Бат-Оршихыг начин болгосноос хойш дахин зодоглолоо. Нэгийн даваанд учраа бөхөө хамгийн түрүүнд өвдөг шороодуулчихаад туг тойрохыг нь харах сайхан байсан. Хоёр жилийн өмнө хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин цолоороо   зарлуулахыг нь сонсох бүр сайхан байсан.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, уул ус нь тэгширсэн сайхан хангай Харзтайн аманд улсын гарьд Б.Гантогтохоор удирдуулж, самбо бөхийн ОУХМ Д.Энхболдоор ахлуулсан “Увс нуур” галын 70 орчим бөх наадмын бэлтгэлээ базаасан. “Чингис хаан” жүдо бөхийн олон улсын Гранпри ангиллын тэмцээн манай улсын нийслэлд энэ сарын 4-6-нд болсон. Тиймээс Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга, жүдо бөхийн улсын ншгшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням гал удирдаж чадаагүй. Харин Ганаа гарьд ийн анх удаа ахалсан хэрэг. “Увс нуур” галынхан Харзтайн аманд 1998 анхлан гарч, тэр жил аймгийн арслан Б.Ганбат өөрийн багш, их аварга Х.Баянмөнхөөр тав давж улсын начин цол хүртэж байлаа. Тус галынхан үүнээс хойш Гачууртын аманд хоёр, Төрхурахын аманд нэг удаа, бусдад нь Харзтайдаа гарч, бөхчүүд нь XXI зууны наадамд олонтаа өнгөлсөн түүхтэй. Энэ жилийн наадмын өмнө хэвлэл мэдээллийнхэн Увсын гал дээр очиход Ганаа гарьд ихэд уриалгахан байсан ч улсын наадмын түрүү хэмээн харж байсан нэг бөхөө их л нууж байсан тухай мэдээлэл интернэт хуудсуудаар гараад байлаа.

ТОМ ЦОЛТОЙ БӨХ ДАВАА ГУЙХ ЗОХИМЖГҮЙ ЮМ
Хоёрын даваа уламжлал ёсоор том цолтой, ахмад бөхчүүдэд халгаатай байлаа. 1964 оны алдарт луу жилтнүүд барилдах нь жилээс жил цөөрч буй. Тэд энэ онд 50 нас хүрч байгаа болохоор арга ч үгүй биз ээ. Энэ жил зодоглосон цөөхөн хэдийх нь нэг болох Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарьд П.Сүхбат Ховд аймгийн харьяат сумын заан О.Есөн-Эрдэнийг барсангүй. Уг нь “Баавгай” гарьд АНУ-аас ирснээсээ хойш төрийнхөө наадамд тогтмол зодоглож, гурвын даваанд нэг залууг гар амар давуулдаг болчихоод байгаа. Гэсэн ч сүүлчийн хоёр наадмаар хоёрын даваанд унаж, төлөвлөгөөгөө биелүүлж чадсангүй. Түүнчлэн Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Ц.Баярсайхан Увс аймгийн харьяат сумын заан Б.Мөнхдоржийг дийлсэнгүй. Заан эхлээд баараггүй унасан. Гэсэн ч хөлийн цэцээр ажилладгийнхаа хэргийг гаргаж, маргаж зогссоор байж дахин барилдсан ч давж чадсангүй.

Дээрх хоёр луутнаас хоёр насаар ах, улсын аварга О.Балжинням хоёрын давааг арай л гэж гэтлэв. Тэрбээр Өвөрхангай аймгийн харьяат залуу бөх Ж.Дорждагватай таарч, унаж өгөхийг удтал гуйсан. Балжаа аварга тулж зогсчихоод ер барилдахгүй, юм яриад л байх юм. Эхний дүйзийн 16 хос бөхөөс тэр хоёр л хамгийн сүүлд үлдсэн. Балжаа аварга өнгөрсөн жил хоёрын даваанд унасан болохоор энэ жил шууд л амаараа үзэхээр шийдсэн бололтой. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайлбарлагч нар хоёрдугаар дүйзэд гарч ирээд удаан барилдаж буй бөхчүүдийг шавдуулах хэрнээ аваргад юу ч хэлж чадахгүй. Балжаа аварга ингэж ингэж, наадамчдын нүдийг хариулж байгаад давсан болов. Монгол Улсын гавьяат тамирчин, ардын багш, улсын аварга цолтой хүн хэний ч танихгүй залуугаас даваа гуйгаад зогсохыг нь харах сайхан байгаагүй ээ.

Энэ даваанд том цолтнуудаас Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын гарьд И.Доржсамбуу тахим өгснөөр чанаргүй начны тоо нэгээр цөөрөв. Түүнийг Архангай аймгийн начин Ц.Отгонбатад өвдөг шороодоход үзэгчид баяртай суусан. Учир нь До гарьд үнэн хүчийг үзэж, ард түмнээ баярлуулахаа болиод, “Найрааны начин” эх барьж авах ажилд гаршаад байгаа. Түүний бэлтгэл сургуулилалт өнгөрсөн жилийн наадмаас хойш маш муу байсан бөгөөд заалны хоёр ч барилдааны нэгийн даваанд унасан юм.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын харцага Т.Өсөх-Ирээдүй Увс аймгийн Түргэн сумын харьяат аймгийн начин Э.Элбэгбаяртай таарсан. “Уяа” хочит Э.Элбэгбаяртай таарах нь ямар ч бөхөд ядаргаатай санагдах биз ээ, Харцага ч барилдааны талбайн нэг захаас нөгөө зах хүртэл хөөж, аймгийн начин ч уламжлал ёсоор зугтсаар байлаа. Аргаа барсан Т.Өсөх-Ирээдүй хөлийн цэц, улсын заан Д.Мягмарт хандаж, тав дахиа зугтаж талбайгаас гарсных нь дараа хасах шийдвэр гаргасан юм. Харин үүнийг сонссон Э.Элбэгбаяр гэнэт барилдах гэж зүтгэсэн ч бүх зүйл нэгэнт өнгөрсөн байлаа. Т.Өсөх-Ирээдүй харцага засуулаасаа малгайгаа аваад, туг тойрох гэсзн ч учраа бөх нь барьчихаад тавихгүй байв. Чиргүүлтэй машин мэт хэсэг зогссон. Төв цэнгэлдэх хүрээлэнд хурсан олон “Чиргүүлийг салгая” хэмээн орилолдоод ч тусыг олсонгүй. Эцэст нь хөлийн цэц, улсын начин Г.Жалаа Э.Элбэгбаярын малгайг чулуудчихаад яваад өгнө билээ.

Өнгөрсөн жил аймгийн заан, начин цолтой дөмөг бөхчүүд арслан цол хүртэхээр аймгийн наадмуудыг зорьсон тул улсын наадамд сумын заан 210, цэрэг 78 барилдсан. Нэгийн давааны төгсгөлд аймаг, цэргийн цолгүй бөхчүүдийн бараг хоёр дүйз гарч, олон залуу хоёрын даваанд гарч ирсэн. Ингэснээр улсын цолтой хэрнээ сайн барилдахгүй байгаа олон бөх хоёр давж, гурвын даваанд мөнгөнд явсан юм. Харин энэ жил чанартай залуус олноор зодоглосон тул нэгийн давааны төгсгөлд аймгийн начингууд хоорондоо үзэж, удаах даваанд гарч ирэх бөхчүүд тэр хэрээр чанартай байлаа. Үүний гороор ч гэх юм уу улсын цолны тааварт явсан олон залуучууд наадмаа өндөрлүүлсэн юм.

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Б.Эрдэнэхүүд, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан А.Алтанхуяг Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арсдан Ц.Чимэддоржид, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат аймгийн хурц арслан Б.Одгэрэл Баянхонгор аимгийн Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Н.Золбоод, Увсын аймгийн Малчин сумын харьяат аймгийн хурц арслан О.Гантулга Өмнөговь аймгийн Хүрмэн сумый харьяат аймгийн арслан Ш.Дарханбатад, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан А.Отгонбаатар нэг нутаг усны бөх, аймгййн арслан Б.Бат-Эрдэнэд, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, аймгийн арслан Н.Ганзориг Архангай аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан М.Бат-Отгонд, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Л.Шинэбаатар Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслах Л.Лха-Очирт, Архангай аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Ч.Ганзориг Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Б.Баатарцолд өвдөг шороодсоноор дараа жилийг хүлээхээс өөр аргагүй болсон.

ЗҮҮНИЙ ТЭРГҮҮН МАГНАЙ ЭРЭМБЭЭ МЭДРҮҮЛЭВ
Эхний өдөр уламжлал ёсоор нэг, хоёрын давааны барилдаан болсон. Хоёрын давааны үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайлбарлагч нар бөхчүүдийг 12-ны өглөө 08:00 цагт ам авч, гурвын даваа 09:30 цагт эхлэхийг удаа дараа сануулсан. Гэвч гурвын даваа уламжлал ёсоор цагтаа эхэлсэнгүй. Энэ нь өнөөх хоёр аваргатай холбоотой байв. Зүүн талыг тэргүүлэн барилдсан А.Сүхбат аварга 127 бөхөөс Г.Өсөхбаяр аваргыг амалж авсан шуугиан тарьсан юм. Дархан аварга Ж.Мөнхбат тэргүүтэй ахмад бөхчүүд энэхүү амыг буцаалгах гэж хэсэг үзсэн ч “Жижиг” аварга ч шийдвэртээ үнэнч байсан. Ийнхүү дараа дараагийн бөхчүүд ам авахгүй хэсэг саатсаны улмаас гурвын даваа 10:00 цаг өнгөрч эхэлсэн юм.

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат А.Сүхбатын хувьд Монгол Улсын дархан аваргын хувиар цолоо дуудуулсан эхний бөгөөд эцсийн тохиолдол нь ч энэ байж болох (Аварга дахиж барилдахгүй бол). Харин Г.Өсөхбаяр аварга оргил цолоо дуудуулах цаг хугацааг хэсэг хойшлуулснаар барахгүй, монгол бөхийн дүрмийн дагуу барууны ес дээрээс гарсан. Зүүн талын тэргүүн засуул амлагдсан бөхийн нэрийг дуудах үед уламжлалын дагуу Г.Өсөхбаяр аварга ганцаар дэвэх мөчид Төв цэнгэлдэх хүрээлэнд хурсан олон инээдээ нууж чадаагүй. Нэгэн цаг үеийн “Зургаа залуу заан” гэгдэж явсан сайхан бөхчүүдээс хоорондоо таарсан сүүлчийн байх өндөр магадлалтай барилдаан монголчуудыг тэр чигт нь цэнхэр дэлгэцийнх нь өмнө уясан нь дамжиггүй. Амалсан А.Сүхбат ч барилдах газраа хайж, баавартай гэгч нь алхалж, амлуулсан Г.Өсөхбаярт дагаж явахаас өөр арга байсангүй. “Сонин сайхан зүйл болох нь дээ” гэж байтал А.Сүхбат элэг бүсээ тайлж, тахимаа өгсөн юм.

Сайхан барилдаан үзэх гэсэн хүмүүст энэ нь үнэндээ таалагдаагүй. Хэрвээ Г.Өсөхбаяр аварга сул даваа авахаас татгалзаж, бариддахаар шийдсэн бол яах байсан бол. Олон хүн гэнэтийн шийдвэр гаргасан А.Сүхбат аваргыг хараан зүхэж, жүжигчнээр нь дуудаж байсан. Гэхдээ тэр хүн эрэмбэнийхээ, эрхийнхээ дагуу амалсан болохоор яалтай билээ. А.Сүхбат аваргыг тахимаа өгчихөөд буцаж байх мөчид Г.Өсөхбаяр аваргын дүү, улсын харцага Г.Батбаяр бөхчүүдийн суудлаас орилж, хэлэх хэлэхгүй үгээр хэлж байсныг дурдахгуй өнгөрч чадсангүй.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат улсын начин Б.Сугаржаргал Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Г.Баасандоржийг амалж барилдаад үндсэн цагт хаялцаагүй. Ингээд хаялцах барьц шодоход эхлээд улсын начныхаар буусан ч ашиглаж чадаагүй. Харин дараа нь Завханы арслан өөрийнхөө боломжийг ашиглаж давсан юм. Энэ бариддааныг харахад ямар ч асуудал байхгүй байх шиг байсан. Гэсэн ч Сугараа начин хөлийн цэцүүдийн шийдвэрийг эсэргүүцэж, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсны харцага Д.Сэрээтэрийн ам руу салаавч хийж, “Хөгшин төгцөг минь, хоёулаа гарч учраа олъё” гэж орилсон нь олон хүнийг гайхшруулаад авсан. Хөлийн цэцүүд ажлаа тааруухан хийж, олны шүүмжлэлд өртөж байгаа нь үнэн. Гэхдээ ид залуу 25 настай залуу 70 настай өвгөнийг ингэж дээрэлхсэн нь хэнд ч таалагдаагүй.

Улсын цолтой ахмад бөхчүүд гурвын даваанд нутаг нугын хүү, дүү, шавь нараа болон мөнгөтэй нэгнийг гар амар давуулдаг жишиг тогтоод олон жилийн нүүр үзэж байна. Энэхүү уламжлал энэ удаад ч давтагдсан.

ХӨЛИЙН ЦЭЦИЙГ ХҮНДЛЭХЭЭ БОЛЬЖЭЭ
Тавын давааг “Начингийн даваа” гэдэг. Гэвч бодит байдал дээр дөрвийн даваа начингийн даваа болчихоод байна. Оноолтоор барилддаг энэ давааг л аргалсан хүнд мөнгө нь байвал тавын даваа ямар ч асуудалгүй болжээ. Өнгөрсөн хоёр жилийн наадмын оноолтыг баримт болгоё. 2012, 2013 он наадмын аль алинд нь дөрвийн даваанд улсын цолгүй 19 бөх барилдсанаас тус бүр таван бөх давж, улмаар бүрэн бүрэлдэхүүнээрээ улсын цолд хүрсэн. Өөрөөр хэлбэл, улсын цолгүй бөхчүүд тавын даваанд өвдөг шороодох нь өдрийн од болчихсон, начин цолны гол шалгуур нь өмнөх даваа нь болчихоод буй. Тиймээс оноолтоор таардаг дөрвийн даваанд найраа, тохиролцоотой барилдаан их гардаг билээ. Үндэсний бөх жаахан гадарладаг хэн ч гэсэн оноолт хараад ойлгоно доо.

Наадамчин олон Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын начин Ц.Одбаярыг энэ жил нэлээн дээгүур явж барилдана хэмээн тооцож байлаа. Тэрбээр энэ даваанд Булган аймгийн Сайхан сумын харьяат, улсын харцага Н.Түвшинбаяртай оноолтоор таарсан ч барилдаанаа гаргаж чадалгүй хасагдав. Олимпийн аварга үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр ч хэнтэй ч таарсан барилдааны санаачлагыг авч, урагш явж барилддаг. Энэ удаа ч дайрсан, харин Ц.Одбаяр огт барилдахгүй зугтсаар байв. Хөлийн цэцүүд Өмнөговийн начинд хоёр сануулаад арга буюу хасах шийдвэр гаргасан. Гэвч Ц.Одбаяр Н.Түвшинбаярыг барьж зогсчихоод туг тойруулахгүй байгаад байлаа. Нэгэнт хөлийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой болсон түүнийг гурван ч цагдаа дагуулан гарч харагдсан. Н.Түвшинбаярыг туг тойрох гээд гүйхэд нь араас нь өшиглөөд авсан шүү. Гэхдээ хэсэг хугацааны дараа дэвжээн дээр гарч ирж, тахимаа өгсөн.

Хоёрын даваанд аймгийн начин Э.Элбэгбаярыг хэл амтайхан давсан болсон улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн нүүр рүү аймгийн арслан М.Бат-Отгонд цохиод авна билээ. Харцага сугадаж тонгорч, гарыг хөшиж давсан нь учраа бөхийнх нь уурыг хүргэсэн биз. Хоёрхон жилийн өмнө аймгийн арслан цолтойдоо шууд улсын арслан цол хүртсэн Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс түүний дараах хоёр наадамд дөрвийн давааг давж чадсангүй. Өнгөрсөн жил аймгийн арслан Н.Батсуурьт (Энэ жилийн наадмын түрүү бөх) тахимаа өгсөн бол энэ жил аймгийн арслан Г.Баасандоржийнг барсангүй. Түүнчлэн улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, А.Цацавшир, Ө.Даваабаатар, Э.Оюунболд, улсын начин Э.Энхбат, Б.Сангисүрэн, энэ жилийн цагаан сарын барилдааны үзүүр бөх аймгийн арслан О.Хангай нар наадмаа өндөрлүүллээ.

Жил бүрийн улсын наадмын хүчит бөхийн барилдааны дөрөв, тавын давааных хооронд их завсарлага байдаг. Энэ жил өмнөхийн адил энэ хоёр давааны хоорондох хугацаа нь бараг хоёр цаг байв (10 минут дутуу). Бөхчүүдийг “Найраагаа хий. Тухтай ярилц” гэж байгаа юм шиг ийм цагийг дараа хойшдоо гаргуулмааргүй санагдах юм.

Ч.БАТЧУЛУУН Л ҮНЭН ХҮЧЭЭРЭЭ НАЧИН БОЛОВ
Тавын даваанд боссон улсын цолгүй долоон бөхийн тав нь начин цол хүртлээ. Архангай аймгийн Тариат сумын харьяат Н.Адъяабат нутгийн ах бөгөөд өөрийнх нь харьяалагддаг “Алдар” спорт хорооны дарга дархан аварга Г.Өсөхбаяраар, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуун нутгийн бөх бөгөөд “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээнд хамт харьяалагддаг улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслангууд болох Л.Лха-Очир, Б.Бадамсүрэн нар улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат нараар дэмжүүлж, цолонд хүрэв. Завханы бөхчүүд энэ жил одтой наадсаныг наадмын өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд өнжсөн, тус аймгийн Нутгийн зөвлөлийн гишүүн, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхантай холбож тайлбарлах хүн олон байна. Дөрөвхөн жилийн өмнө улсын наадамд турүүлсэн Б.Ганбат арслан цолондоо маш амархан ханачихлаа. Түүнийг өнгөрсөн жилээс эхлээд начин төрүүлээд эхэлсэнд халаглах хүн олон.

Дархан аварга Г.Өсөхбаяр нутгийн болон байгууллагынхаа дүүгээ дэмжсэн мэт харагдавч юм авахгүй өнгөрөх хүн биш гэдгийг нь олон хүн хэлж байгаа. Бөхийн хорхойтнууд Өсөхөө аваргыг 1995 онд Ж.Мөнхбат аваргаар тав давж, улсын начин цолны болзол хангасныг мэдэх ч тухайн үедээ 1.5 сая төгрөг өгч байж дэмжүүлснийг нь төдийлөн мэдэхгүй л болов уу. Д.Ганхуяг арслан начин төрүүлэх ажилд гаршаад байгаа. Түүнийг энэ жил дөрвийн даваанд азаа үзэхээс зайлсхийж, гурав дээр өгөх болов уу гэж таамаглаж байтал ээлжит нэгэн начингаа өлгийдөн авахаар тав рүу зүтгэчихлээ. Харин дээш хүч үзэх сонирхолтой байсан Ж.Бат-Эрдэнэ гарьд нутгийн зөвлөлийнхнийхөө шахаад хоёр дахь жилдээ орчих шиг болов. Говь-Алтайн Л.Цэрэнтогтох өнгөрсөн жил дөрөв давсан ч түүнийг цолд хүргэх ёстой байсан Б.Соронзонболд зааныг Г.Эрхэмбаяр аварга амалчихсан. Ингэснээр нутгаасаа цолтон төрүүлэх үүрэг Ж.Бат-Эрдэнэд оногдож байлаа. Залуу гарьд энэ жил ч ийм зүйлээс хол байж чадсангүй, аймгийн хурц арслан Б.Суманчулууныг дэмжихээс өөр аргагүй байдалд хүрэв. Говь-Алтайн нөгөө гарьд Н.Ганбаатар аавынхаа нэрийг бодоод ч юм уу найраанаас хол байдаг юм. Ж.Бат-Эрдэнийг дэмжигчид хайртай бөхөө И.Доржсамбуугийн адил “өгдөг” гарьд болчих вий хэмээн санаа зовж сууна.

Энэ жилийн таван начингаас тавын давааг үнэн хүчээр давсан нь Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Ч.Батчулуун ганцаар байв. Тэрбээр гурвын даваанд нэг аймгийн бөх, Заамар сумын харьяат, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяраар дэмжүүлсэн нь тодорхой ч удаах хоёр даваанд улсын харцага А.Цацабшир, улсын заан Б.Сайнбаяр нарыг үнэн хүчээрээ давсан. Ялангуяа Б.Сайнбаяр заантай үнэн хүчийг шавхсан. Гурван удаа барьц сонгуулаад тогтож, өөрийнхөө гурав дахь ээлжин дээр өвдөг шороодуулснаар Баяндэлгэр сумаас төрсөн улсын цолтой анхны бөх болсон юм. Үнэн хүчээрээ улсын цолны босго алхсан бөхчүүдийн сэтгэл хөдлөл нь хүртэл өөр шүү дээ.

Энэ давааны бусад барилдааны тухай товчхон өгүүлье. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр өмнө нь улсын наадамд гурван ч удаа давж байсан улсын начин Ш.Жаргалсайханыг амалсан ч учраа бөх нь юм ээлжтэйг сануулаад авав. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан М.Бадарчийг өвдөг шороодуулсныхаа дараа үзэгчид рүү хоёр гарын 10 хуруугаа гозолзуулж, улсын их баяр наадамд 10 жил дараалан шөвгөрч буйгаа сануулсан. Арсланг өөрийн имиж болсон дэвэлтээр туг тойроход үзэгчид алга нижигнүүлж байв. Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба улсын харцага Н.Түвшннбаярыг амалж барилдахдаа нүүр рүү нь Хоёр ч удаа санаатай байж болохоор мөргөөд авсан. Завхан аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Л.Нямсүрэн Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын гарьд Д.Рагчаатай барилдаж байхдаа анхаарал алдаж, хавируулж унасан. Засуулууд барилдааныг зогсоогоогүй байхад анхаарал алдсан нь цэвэр өөрийн алдаа болсон юм. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж олонхийн таамаглаж байсанчлан энэ даваанд тунасан ч Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын начин Б.Пүрэвсайханыг барсангүй.

Д.АЗЖАРГАЛ АРСЛАН БИЕЭ ҮНЭЛСЭН ХЭВЭЭР
Наадамчин олон зургаагийн даваанд хоёр Пүрэвийг (Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан) тунах байх гэж харж байсан ч тийм зүйл болсонгүй. Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын уугуул, улсын арслан Д.Азжаргал Б.Пүрэвсайханыг улсын харцага цолд хүргэж өгсөн юм. Өндөр даваанд гарч барилдах ямар ч сонирхолгүй болсон Азаа арслан биеэ сайн үнэлэх юм даа. Түүнд ард түмнээсээ ичих нүүр гэж үнэндээ алга. Б.Пүрэвсайханы найрааны мөнгийг том бизнестэй, улсын заан цолтой авга ах нь зохицуулсан нь тодорхой, Азаа арслан шагналынхаа зарим хэсгийг тавын даваанд унаж өгсөн улсын заан Д.Баасандоржид шилжүүлэх нь ойлгомжтой.

Зургаагийн давааны бусад барилдаан шударга сайхан болох шиг санагдсан. Өмнөх даваанд улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулсан улсын начин Ш.Жаргалсайхан энэ удаад өөр нэгэн аваргын наадмыг дуусгачихав. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат түүнийг 15 бөхөөс амалж барилдаад давж чадсангүй.

МӨ АРСЛАН МӨНГӨНД ЯВЛАА
Энэ жилийн наадмын найраа улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Ш.Жаргалсайхан, нарын барилдаанаар өндөрлөх шиг боллоо. Наадмын өмнө интернэт хуудсанд нэгэн хэрэглэгч “Мө арслан мөнгөнд явж магадгүй” хэмээсэн нь үнэн болж таарлаа. Хөвсгөлийн арслан улсын аварга Цол өөд зүтгэхийн оронд “Аварга” БТДС-д хамт сурч, дотуур байрны нэг өрөөнд амьдарч байсан найздаа өгчихсөн юм. Завханы начин найзыгаа найрсныг л эс тооцвол бусад бүх учраагаа үнэн хүчээрээ давсан юм шүү.

Энэ даваанд тунасан хоёр Дамбын (Б.Гончигдамба, Ч.Санжаадамба) барилдаан жаахан тиймхэн шийдэгдчих шиг болсон. Уг нь хөлийн цэцүүд их л ойрхон унасан хоёр бөхийг дахин барилдуулах гэж байлаа. Гэтэл Төв цэнгэлдэх хүрээлэнд байрласан дэлгэцээр гарсан, нэг талаас нь авсан барилдааны бичлэгийг үзээд Ч.Санжаадамбыг давуулчихлаа. Энэ барилдаанд Б.Гончигдамба унасан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ МҮБХ-ныхон Телевизийн бичлэг үзэхгүй” гээд байдаг хэрнээ яагаад Гэнэт бичлэг харах болов. Бичлэг харах л байсан юм бол өмнөх даваануудад болсон будлиантай олон барилдааныг яагаад тоолгүй өнгөрүүлсэн юм бэ. Долоогийн давааны энэхүү барилдааныг яагаад зөвхөн нэг талын камерын бичлэгээр шүүв. Нөгөө талын бичлэгийг харвал өөр үр дүн гарч болно шүү дээ. МҮБХ-ний дүрмэнд ‘Телевйзийн бичлэг ашиглана” гэж байхгүй, ‘Ашиглахгүй” ч гэж байхгүй. Энэ мэт зүйлийг илүү тодорхой болгомоор байна. Хэрвээ ашиглахгүйгээр шийдвэрлэх юм бол дэлхийн хаан спорт хөлбөмбөгийн нэгэн адил цэнгэддэх хүрээлэнд давталт үзүүлэхийг хориглох хэрэгтэй.

НАЧНЫ АЧ, ХАРЦАГЫН ХҮҮ АРСЛАН ЦОЛД ХҮРЭВ
Увсын бөхчүүдийн айхтар тооцоотойг гадарлах тул гал ахлан гарсан Б.Гантогтох гарьдын нуугаад байсан хүн нь улсын харцага Н.Батсуурь байсан байх. Улсын начин Ж.Гэлэгийн ач, улсын харцага Г.Намсрайжавын хүү энэ наадамд үнэхээр онцгойг бас ёндоотой байсан. Зургаа, долоогийн даваанд Р.Пүрэвдагва, Д.Рагчаатай барилдахдаа барьц шодоход азтай байсан бол долоогийн даваанд Ч.Санжаадамбыг зүүн давхар шуудагнаас эргүүлж давснаар Архангайн гурван найдварыг жагсаалаас гаргасан юм.

Харин Говь-Аятай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатарт наадмыг удирдах боломж байсан ч гарьд цолоо батлах даваанд Ш.Жаргалсайханы тахимдах мэхэнд тэссэнгүй. Барилдааны үеэр Н.Ганбаатар гарьдын булчин татаад базаахгүй байсан юм билээ. Гэхдээ яг тахимдуулах үедээ гайгүй байсан гэсэн. Харин уначихаад” босч ирэхэд нь дахин татсаныг бид харсан.
Түрүү үзүүрийн барилдаанд Н.Батсуурь давснаар сүүлчийн таван жилийн наадмын дөрөвт нь Увсын бөхчүүд түрүүлээ. Ингэхдээ дөрвөн өөр бөх.

2010 онд Б.Ганбат, 2011 онд С.Мөнхбат, 2012 онд П.Бүрэнтөгс түрүүлж байсан. Өнгөрсөн жил Г.Эрхэмбаяр түрүүлж, Увсынхны дунд завсар оруулсан юм. Харин Завхан нутгаас Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан, Б.Гончигдамба нарын дараа дөрөв дэх гарьд цолтон төрөв. Түрүү бөх тодорсны дараа Увсынхан уламжлал ёсоор “Увс нуур”-аа дуулж байлаа.

 

 

Д.НАНЖИД /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих