Баячуудын хүүхдүүдэд баялагийн хараал хүрнэ дээ

Монгол улсын “эцэг” хуулинд газрын  хэвлийн баялаг Монголын ард түмний өмч гэсэн хоёрдмол утгагүй том өгүүлбэр бий. Хөрөнгийн эздэд ашгийн хувиарлалт тэгш, шударга зарчмаар оногдоно гэсэн үг л дээ. Туйлбаргүй хэрэгжих энэ хуулийн тодорхой заалт өнөөдөр яг бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа гэдгийг та бид бэлхэнээ харж байна. Зарим нь ч мэдэхгүй байгаа юм. Монголчуудын ойрын гучин жилд хэрэглэх баялаг тодорхой болсон. Оюутолгойн зэс, алтны, Тавантолгойн нүүрсний, Мардайн ураны, Асгатын мөнгөний гэсэн дөрвөн төрлийн, дөрвөн том баялагаа бид задална.
Оюутолгойн хувьд хайгуулын ажил нь гадаадын хөрөнгө оруулалттай хийгдэж лиценз нь тэдний гарт байсны хувьд гадаад хөрөнгө оруулагч давуу эрхтэйгээр алт, зэсийг нь олборлож ашиглан хөрөнгийн эзэн гэсэн үүднээс монголчуудад хувь өгөхөөр болоод байгаа. Асгатын мөнгөний ордын хувьд мөн ялгаагүй Монголросцветмет нэгдлийн хөрөнгөөр судалгааны ажил нь явагдаж лиценз эзэмшил нь тус компанийн талд шилжсэн. Тэгээд ч газар зүйн байрлалын онцлогийг харгалзан хойд хөрштэй хамтрахаас гарцгүй гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Харин Тавантолгойн ордын хувьд байдал өөр.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс хүрэн, чулуун, коксжсон гээд бүх төрлийн  162 тэрбум тонн нүүрсний геологийн нөөцтэй, Үүнээс ашиглалтад бэлдсэн, үйлдвэрийн нөөц нь ойролцоогоор 11 тэрбум тонн байгаа гэсэн үнэлгээ тооцоо бий. Үүний тодорхой хувь буюу 6.4 тэрбум тонн нь Тавантолгойн ордод байгаа бөгөөд  гурван тэрбум нь өндөр хэмжээнд судлагдсан, олборлож эхлэхэд бэлтгэгдсэн нүүрсний баялаг юм. Тавантолгойн ордын хайгуулын ажлын гол судалгаа, илрүүлэлтийг 100 хувь улсын төсвийн хөрөнгөөр хийсэн байдаг.  Тийм ч учраас лиценз нь төрийн мэдэлд байсан аж.

Харин 1990-ээд оны эхээр байдал замбараагүйтэж салбар бүр уналтад орсон үед сэргэлэн нэг нь байдлыг далимдуулан лицензийг гурван хэсэг хуваан авч хувийн хөрөнгө болгоод авчихсан хэрэг. Ингэхдээ хуулийн хүрээнд хайгуул, ашиглалтын лицензийн төлбөр энэ тэрээ төлөөд явсан нь мэдээж. Зарим нэг хайгуулын ажил ч хийсэн нь тодорхой. Тэр лицензүүд ямар замаар яваад Монголын толгой баячуудын гарт орчихсон нь нууц хэвээрээ л байгаа. Тавантолгойн ордын нэг хэсгийг  орон нутгийн болон Ажнай компанийн өмчлөлтэй “Тавантолгой” ХК эзэмшиж олборлолт явуулсаар ирсэн.

Орон нутгийн гэхээсээ “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн хөрөнгө л болсон л доо. Тэр хүн Тавантолгойн буянаар монголчуудын хамгийн баян хүний тоонд ороод байгаа. Хотын төвд 23 өрөө байранд амьдардаг, Тавантолгойгоос олсон ашгаараа 10 гаруй охин компани нээчихсэн. УИХ-ын гишүүний сэнтийд ч суугаад үзчихсэн байна. Одоо бүр орон нутгийн өмчлөлд байсан хувьцаануудыг цуглуулаад эхэлчихсэн бүх баялагийг өөрийн болгохоор луйвар хийгээд яваа гэсэн. Хэрэв үүнийг шударга байна гэж үзэж байгаа бол уншигч та эндүүрч байна.
Тавантолгойн дараагийн хэсгийг мөн Монголын баячуудын нэгдэл эзэмшиж бас л олборлолт явуулж хөрөнгөжсөөр байгаа юм. “Энержи ресурс” буюу “Mongolia mining corporation”-ийн эзэмшиж байгаа Ухаа худгийн орд бол яах аргагүй Тавантолгойн хэсэг. Тэр хэсэг баялагийн   43.5 хувийг Ж.Оджаргалын “MCS” /энд Ерөнхий сайд Ё.Батболд болон бас бус баячудын хувь ч буй гэдэг/ , 2,3 хувийг “MCS Холдинг”, 14,1 хувийг Монголын хамгийн баян эмэгтэй Ж.Оюунгэрэлийн “Петровис”/ үүний ард Н.Багабандийн нэр яригддаг/, 29 хувийг П.Очирбатын “Тэнгэрийн цаг” , 6,1 хувийг УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн “Шунхлай Майнинг” компани тус тус эзэмшиж байгаа юм.

Харин таван хувийг Европын сэргээн босголтын банк эзэмшдэг байна. Мөн тус компани ордын 25 хувийг хувьцаа маягаар гадаадын иргэд компаниудад эзэмшүүлээд байгаа. Тэгэхээр энэ бүлэг ордоос хөрөнгийн жинхэнэ эзэн болсон ард түмэнд, жирийн иргэдэд юу оногдож байна вэ гэсэн асуулт гарч ирж байна. Яахав хуулинд заасан ажил, үйлчилгээ явуулсны болон байглийн баялаг ашигласны төлбөрөөс мөнгө төсөвт орж байгаа ч ихэнх ашиг нь дээрх баячуудын халаасанд л орж байна.  Энэ бас л шударга ёсонд нийцсэн гэхээсээ шударга бус хуваарилалт л явагдаж байгаа юм.
Харин үлдсэн хэсгийг болох Бортээг, Шартээг, Бортолгой, Цанхийг төрийн оролцоотойгоор ашиглахаар болоод байгаа нь сайшаалтай ч  зарим талаараа бас л баячуудад хөрөнгө бэлдэж өгөх хувилбар яригдаж байна.  Тавантолгойн үндсэн ордын эзэмшлийг төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанид хариуцуулж,  хөрөнгө оруулан, хамтран ашиглах байгууллага нь гадаадын компани байх юм. Тавантолгойн ордод хөрөнгө оруулахаар одоогийн байдлаар 9 орны 11 компани, консерциум санал ирүүлээд байгаа. Тухайлбал, Бразилын “Вале”, Энэтхэгийн “Жиндал Стил энд Пауэр”, БНСУ-ын 11 компаниас бүрдсэн консерциум, ОХУ-ын хоёр компанийн консерциум, АНУ-ын “Пибоди Энэржи” болон БНХАУ-ын “Шинхуа Энэржи” компанийн хамтарсан консерциум, Япон улсын “Мицуи энд Ко” компани, мөн улсын 4 компаниас бүрдсэн  консерциум, Швейцари-Австралийн “Экстрата” компани, ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэг, БНХАУ-ын “Эрдос Чинлон Коул” группууд орд ашиглах саналаа Ажлын хэсэгт танилцуулаад байгаа юм. Хөрөнгийн эзэн болсон Монголын төр хөрөнгө оруулагчийг сонгох тендер явуулахаас гадна, хөрөнгө оруулагчаас авах урьдчилгаа төлбөрийн хэмжээг 1,5 тэрбум ам,доллараар тогтоох асуудлыг хэлэлцэж байгаа.
Урьдчилгаа төлбөрт л ийм их мөнгө яригдаж байгаагаас харахад л энэ ямар том хөрөнгө байгаа нь тодорхой. “Эрдэнэс МГЛ”  нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргах ба үүнийхээ 10 хувийг иргэддээ эзэмшүүлнэ гэж байгаа. Арвантаван тэрбум хувьцааны 10 хувь нь нэг тэрбум 500 сая хувь¬цаа. Үүнийг гадаад, дотоодод амьдарч буй нийт гурван сая орчим иргэндээ хуваахад нэг иргэнд 500 орчим хувьцаа ногдохоор харагдаж байна. Харин нэгж хувьцааны үнэ хэдэн төгрөг байхыг хараахан гаргаагүй байгаа.

Зарим хүмүүсийн судалж тооцсноор “Тавантолгойн орд газар 6,4 тэрбум тонн нvvрсний нөөцтэй. Үүний нэг тонныг нь бохироор гаргалаа гэхэд 56 доллар байх юм байна. Ингэж олсон орлогын 10 хувийг л иргэддээ хувьцаа болгож олгоход нийт орлогын 10 хувь 35,84 тэрбум доллар болох бөгөөд үүнийг 2,7 сая хvн амд хуваахад нэг Монгол хvнд 13000 мянган долларын хувьцаа оногдох тооцоо гарчээ. Гэхдээ энэ бол борлуулалтаас олсон ашгийн 10 хувийг л хуваарилж үзсэн хэрэг.
Үүнээс гадна төрийн зүгээс компаниудад зориулж Тавантолгойн ордын 10 хувийг хувьцаа болгон зарах дээр тогтоод байгаа. Хэдийгээр Монголын компаниудад гэж байгаа ч энэ  хувьцааг том компаниуд буюу нөгөөх л акулууд залгина гэсэн үг. Нэг ёсондоо бусад Тавантолгой ХК-д ашиг олж буй Ажнай гэх мэт болон, “Ухаа худаг”-ийг ухаж байгаа “Энержи ресурс”-“д багтаагүй бусад компанид нэг ёсны авилга ч өгч байгаа хэрэг. Энэ төрлийн 10 хувийн хувьцааг хэн авах нь ч тодорхой. Монголд хэн мөнгөтэй байна тэр л авна. Түүнээс биш өндийж ядаж буй ардын хүүгийн жижиг компани жулдах юм.
Ингээд бодохоор “Тавантолгой”  гэх ард түмний өмч хэний хөрөнгийг арвижуулах нь тодорхой байна. Баячууд ч ард түмний өмчийг хэрхэн хүүхдүүддээ өмчлүүлж үлдээх вэ гэдгээрээ уралдаж байна. Хэд насална гэж ийм их шунал буцалгана вэ. Үхэхдээ аваад явдаг бол болох санж.  Хүний өмчийг хуйвалдаад  авчихсан хүмүүс “бурханы өмнө” юугаа хэлж очих бол доо.

Байгалийн баялаг тэр дундаа, гэнэтийн олз гэмтэй байдаг гэдэг.  Баялагийн хараал ч гэж байдаг гэнэ лээ.


URL:

Сэтгэгдэл бичих