Гишүүд сумын наадам хэсч явна
Д.БОЛОР
Төрийн ордон эл хуль байна. Гишүүд аймаг, сумын ойн наадамд явсан бол намуудын ажлын албаныхан ч тэднийг дагаад амарцгаажээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажлын албаныхнаас бусад нь амарсан гэхэд хилсдэхгүйгээр байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ улсын баяр наадам дуусаагүй байхад, өөрт нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэтгэл үзүүлдэг уламжлалыг хүртэл орхиод Хэнтий аймгаа зорьсон.
Аварга тойргийнхоо Бэрх тосгоны ойд оролцсоноос гадна Норовлин сумын 90 жилийн ойд хүндэт зочноор уригджээ. Тэрээр ирэх өдрүүдэд Галшар сумын баяраас гадна Дадал суманд болох “Алтаргана” наадамд оролцох сурагтай.
Харин Р.Гончигдорж, Ц.Цолмон, Б.Болор нарын хэд хэдэн гишүүн Архангай аймгийн Чулуут, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт зэрэг таван сумын түүхэн ойн баярт дахин наадамлах гээд завгүй яваа гэнэ.
Түүнээс гадна Ховдын С.Бямбацогт, Д.Батцогт, Д.Дэмбэрэл нар ч нутаг руугаа улсын наадам дуусангуут хүлгийн жолоо залжээ. Ховдод баруун бүсийн хурдан морьдын уралдаан энэ сарын 25-26-нд, олон ястны өлгий болох Дарви, Алтай сумын 90 жилийн ойн наадам энэ амралтын өдрүүдэд болно.
Ирэх сард ч зарим сумын наадам үргэлжлэх учраас С.Бямбацогт нар хөдөө талд зусах юм байх. Тэгвэл Сэлэнгийн түшээд болох Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нар ч наадам хэсч явна. Сэлэнгийн долоон сумын түүхт ой тохиож байгаа учраас тэд энэ зуны хууль санаачлах ажлаасаа хөндийрч хүчит бөхийн барилдаан, хурдан хүлгийн уралдааныг шимтэн үзэж өнгөрөөх гэнэ.
Энэ мэтчилэн 118 сумын түүхт баяр тохиож байгаа энэ зун 76 гишүүн бүгдээрээ л сумын наадам үзэхээр хөдөөг зорьцгоожээ. Ё.Отгонбаяр Булган, Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар Говь-Алтай, Д.Ганбат Баянхонгор, З.Энхболд дарга, Д.Сумъяабазар нар Өвөрхангай, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нар ч гэсэн баяр наадмын түрүү бөхтэйгээ хамт нутаг руугаа явцгаажээ. Наадмын маргааш намар гэдэг. Гэвч манай түшээд наадмын дараа дахин наадам гээд явсан нь энэ бололтой.
zuunii medee
URL: