Наадмын дараа – Намар – бас Утаа

527-1405490346text-19-4Ямар уудам юм бэ? Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ? Монгол хүний сэтгэл

Монгол үндэстний их эв нэгдэл, бахархал, омогшлын илэрхийлэл болсон үндэсний их баяр наадам минь тун ч сайхан болж өнгөрлөө.  Хэзээнээс ч юм бэ? “Үндэсний их баяр наадам” хэмээх нэршлийн өмнө нэг их олон тоо дурдагддаг болсон. Бид өөрсдөө будилаад байхад энэ нэвтрүүлэгчид тун дажгүй “түргэн хэллэг” хэлж сурч байна шүү.

Оюун санаа тэгширдэггүй юм аа гэхэд хэллэг зүгшрээд зүгээр ч юм шиг. “Тулгар төрийн 2223 жил, Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жил, Үндэсний их баяр наадмын …” гээд дуржиганатал уншихыг сонсохоор баярламаар ч бас бахадмаар ч юм шиг. Харин энэ тоонууд нь яг таг байдаг л байгаа даа.

Жил бүр сэтгэлдээ догдлон, дээл гоёлоо зэхэн, унах унаа унашаа бэлтгэн наадмаа хүлээдэг монголчууд энэ өдөр өөрсдийгөө “монгол хүн” гэдгээ жинхэнээр нь мэдэрч, түүгээрээ бахархдаг. Хүчит бөхчүүдийн бяр мэхийг бахдаж, унаж байгаа бөхийг даган хазайж, давж байгаа бөхчүүдийг даган дэвж төрийн алтан соёмбот тугаа хамтдаа тойрдог монголчууд.

Хурдлан ирж байгаа шандаст хүлгүүдээ даган гийнгоолж, барианд ороход нь өөрийн мэдэлгүй нулимсаа арчиж, хоцорч ирсэн “баян ходоод”-ыг уруул цорвойлгон өхөөрдөж шогшрох монголчууд. Эрчилж тавьсан сум нь байгаа оноход нь баясан уухайлж, цэц мэргэдийн шившээг даган хурайлах монголчууд.

Дэнж хотойлгох наадам дэлхийд ганцхан болохоор нь энэ өдрүүдэд “монгол” -оороо овоглож нааддаг. Яаж ч муухай байх билээ. “Амны билгээс ашдын билэг” хүртдэг монголчууд бид “сайхан наадлаа”.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд бид энэ жилийн наадмыг интернетээр саатал үгүй үзэж, сэтгэлийн их баяр бахадлаа адил хэмжээгээр хуваалцав. Сайхан байлаа. “Хүн хэлэхээс нааш санахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэдэгчлэн сэтгэлд дундуур зовинолоо бас хуваалцав.

1. Сүржин атлаа даржин нээлт

-Айлын найранд уригдаж ирсэн нэгэн, аяны дугараа ирэхэд нь ичиж тэвдэхдээ ээлж өнгөрөөх гэж “Өвчинд нэрвэгдсэн өнчин охин” хэмээн дуулсан гэдэг. Баяр ёслол, хурим найр, хүндэтгэлийн арга хэмжээн дээр дуулах учиртай дуу, бас дуулах хэрэггүй дуу гэж бий. Энэ жилийн нээлтийн арга хэмжээн дээр “Хүннү” гүрний тухай утга төгөлдөр өгүүлж байснаа гэнэтхэн “Хонхны дуу” г дуулсан нь олон хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлсэн.

-Сүүлийн үед ихэд “газар аваад” байгаа олон ястны биелгээнүүдийн дунд “Энхийг сахиулах хүчний дайчид” даган биелж байсан нь нэг л зохимжгүй. Улсын сүр хүчийг илтгэдэг дайчид төрт ёсны арга хэмжээн дээр ёслоод зогсож байх нь сүрлэг харагддаг болохоос сууж байгаад биелж байх нь сүрлэг харагдахгүй дээ.

Сүүлийн жилүүдэд бүжгийн авьяастай залуустай залуусыг армид алба хаалгадаг болсон, эсвэл армийнханд жагсаалын зэрэгцээ бүжиг заадаг болсон юм болов уу? Армийн ёслолынхон  нэг удаа талбай дээр “Ганг хам стайл” бүжиглэсэн нь хүмүүст сайхан харагдаагүй. “Армийн сүр нь жагсаалдаа” гэж үг бий дээ.

-Өнгөрсөн жилийн баяр наадмын арга хэмжээн дээр “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Лхагвасүрэн цэнгэлдэх хүрээлэнд морьтой давхин орж ирж “Толин хул”ыг дуулсан нь хүмүүсийн баяр бахадлыг төрүүлж, “цөсийг хөөргөсөн”.

Энэ жил бас л хүмүүсийн “цөсийг хөөргөх” гэж Лхагвасүрэнг морьтой оруулж давхиулсан боловч дуучин маань морьтойгоо хамтад унаж хүмүүсийн урмыг хугалав. Дуучин морь хамтаараа газар унаад байхад “Толин хул” дуу нь цэнгэлдэх даяар цуурайтсаар байсан нь бас нэгэн гайхамшиг гэлтэй.

-Энэ жилийн баяр наадмын нээлтийн ёслолд яг юу үзүүлж, юуг илэрхийлэх гээд байгаа нь нэг л ойлгогдсонгүй. 1 тэрбум төгрөгийн өртөгтэй нээлтийн ёслолыг “Төрийн соёрхолт”, МУГЖ Сосорбарам 2 дахь жилдээ найруулсан юм билээ. Өөртөө хэт омогшиж, “халтуурдсан” юм болов уу? Сайн сайн найруулагчид, авьяастнууд зөндөө бий дээ. Ядахнаа ээлжилж байвал…

2. Дүрэмгүй, дураараа бөхчүүд

-Наадмын өмнөхөн УИХ-ын гишүүн Р. Гончигдоржийн өргөн барьснаар “Далай аварга” цолыг үгүй болгож “Дархан аварга” цолыг Архангай аймгийн харьяат Г.Өсөхбаяр, Төв аймгийн харьяат А.Сүхбат нар хүртэв. Нутгийн бөхчүүддээ хүчээр авч чадаагүй цолыг нь хуулиар олгуулж болдгийн жишээ энэ.

-Ард олны хүсэн хүлээж байсан А.Сүхбат “Дархан аварга” цолоо дуудуулан байж барилдсан нь энэ баяр наадмын “сенсаац” байлаа. Хүмүүсийн баярласан гэж яав. Харамсалтай нь “Дархан аварга” А.Сүхбат 3-ын даваанд “Дархан аварга” Г.Өсөхбаярыг амлан авсан хэрнээ тахимаа өгчихөөд явсан нь наадамчдыг жинхэнэ “гонсойлгож”, урмыг нь хугалав.

Энэ тухай наадмын дараа өөрсдөө хичнээн янзаар тайлбарласан ч наадмыг үзэгчид болоод ард олныг огт “хүндэлсэнгүй” хэмээх харуусалтай л үлдэв дээ. Энэ бөхчүүд ард олондоо  эрхэлсээр байгаад “эрхийн балай” болж гүйцэх нээ.

-”Эрхийн балай” бөхчүүд гэснээс, баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн бай шагнал нь үнэхээр “тасарчихжээ”. Үзүүрлэсэн бөх Жаргалсайханд Завхан аймгийн нутгийн зөвлөл “Лексус-570″ автомашин, 3 өрөө байр шагнал болгож өгсөн бол, Түрүүлсэн бөх Батсуурьт Увс аймгийн нутгийн зөвлөл дээрх шагналыг 4 өрөө байр болгон нэмэгдүүлэх жишээтэй.

За тэгээд хүмүүс “монголчууд бид сайхан наадлаа” гэхийн оронд Увсынхан сайхан наадлаа, Завханыхан сайхан наадлаа хэмээн ангилах жишээтэй. Нутгийн зөвлөлийнхний “баярхал” дээр бөхчүүд эрхэлж тунилгүй ч яахав дээ. Бөх нь цол аваагүй нутгийнхан бол “сайхан наадаж чадсангүй” дээ, бололтой.

3. Бэлэгдэл хийгээд даажигнал

-Ерөнхийлэгч Ц.Элбэгдоржийг сурын талбай дээр очиж уламжлал ёсоороо сум тавихад тайлбарлагч нь “Ерөнхийлэгчийн тавьсан сум давлаа. Энэ нь төр түвшин байхын бэлэгдэл” гэсэн утгатай тайлбар хэлэв. Сум нь давсан бол “бяр ихтэй байнаа” л гэнэ биз дээ. Давж, дутсан сумыг заавал төрийн хэрэг явдалтай холбох хэрэг нь юу юм бол?

-Бээжингийн олимп болдог жил Ерөнхийлэгч Н.Энхбаяр “Энэ жил бид 4 их хайрханаа тахиад, олимпоос  4 медаль авлаа гэж ярьж байсан шиг, Ерөнхийлэгч маань Алтайн их хайрханаа тахисан тухай бэлэгшээж яриад л байх. Бэлэгдэл хийгээд төрийн их хэрэг огтоос өөр зүйл гэдгээ ялгаж ойлгож мэдмээр юм, манай эрхмүүд. Бэлэгдэл тань даажигнал болон хувирах бий дээ.

4. Чилийсэн таван өдрийн наадаан

-Энэ жилийн наадмууд 7 сарын эхнээс 8 сарын 10 хүртэл үргэлжилж, төрийн албан хаагчид нь наадмын үеэр 5 хоног амарч цэнгэв. Бизнес болоод хөгжил асар хурдацтай  байгаа энэ зуунд цаг хугацаа болон хариуцлага хамгийн чухал зүйл. “Өнгөрсөн цаг хугацаа эргэж олдохгүй” алтан боломжууд  дунд улс нийтээрээ бүтэн 5 өдөр амарч наргих нь ямар төрийн бодлого юм бол?

Ажлаа хийдэггүй, хариуцлага хүлээдэггүй төрийн эрх баригчид найр наадамд ямар их дуртайн илрэл ч юм уу даа. Энэ үеэр өмссөн зүүснээ, бэл бинчингээ, эрх мэдэл, сүр хүчээ ард олондоо харуулж мэдрүүлэх боломж нь гэж хараад байгаа юм болов уу.

-Найр наадам, наргиан цэнгээнд дуртай эрх мэдэлтнүүдийг дагаж 5 өдөр амарч байгаа иргэд нь юу эсийг хийх билээ? Ах дүү төрөл саднаараа, анги хамт олноороо, гэр бүлийн найз нөхдөөрөө, сургууль төгссөн нэгэн үеийнхнээрээ жаал “нийлцгээв”.

Энэ нийллэгэнд хичнээн хонь мөчөөрөө салгуулан хорхог болж, хичнээн ямаа арьстайгаа зумлуулж боодог болж, хичнээн литр айраг давсгаар дамжин урсаж, хичнээн хэмжээний сархадад шүлс, нулимс холилдоо бол? Түүнийг тэнгэр болоод тэртээд хоносон сар л мэдэх буйз. Алив зүйл хэр хэмжээнээсээ хэтрэхээрээ л утга учраа алдаж, үнэ цэнэгүй болж орхидог.

-Энэ жил 100 гаруй сумд, нижгээд аймгууд 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа гэсэн. Улс орон эдийн засгийн хямралд нэрвэгдээд “хэцүү байна” гэх хэрнээ найр наадамд зарцуулах мөнгө олдохгүйн зовлон алга. Лавтайяа 10 гаруй тэрбум төгрөг зөвхөн ойн тэмдэгт зарцуулж байгаа гэсэн тооцоо харж байсан.

Аймаг сумуудын ойн асарт заларч, ард олондоо өөрийн дүр төрхөө харуулж байгаа улстөрчдөд “хөгжил”-ийн тухай зовинол огт алга даа. Зусардагсад ч яасан олон билээ. Энд тэндгүй л “шалдан байгаа” дарга нараа, “хамбан дээлтэй” болгон магтан дуулагсад.

5. Наадмын дараа – Намар – бас Утаа

-Манайхан баярлахаараа л хамгаа мартаж орхидог. Монгол ардын үлгэрт өгүүлдэг шиг “Наян жилийн найр хийж  хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй сархад хөнтөрч, жаран жилийн жаргал эдэлнэ” гэж итгэдэг юм болов уу? Үлгэр хийгээд үнэн байдал хоорондоо хол зөрөөтэй.

Бид Монгол орныхоо хөгжлийн төлөө маш их ажиллаж, маш их сэтгэж, маш их хичээх цаг үе ирж буй. Эдийн засгийн хямралаас гадна, Монгол газар нутаг, тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдал, хүвь хүмүүсийн хөгжил дэвшил гээд санаа зовинох маш олон асуудлууд бидний өмнө байгаа.

Наадам 7 сарын 12 ны бямба гаригт дууссан бол 13 ны ням гаригт амраад 14 ний даваа гаригт бүгдээрээ л ажиллаж байх учиртай. Энэ их хэмжээ хязгааргүй баяр цэнгэл хэнд хэрэгтэй юм бэ? Монголчууд бидэнд  л лав хэрэггүй.

-Наадмын дараа намар гэж анхаараад хүн болгон өвс хадлан, тэжээл, өвлийн бэлтгэл гээд л ажилдаа ордог байсан үе бий. Түүний хүчээр л монголчууд бид зудыг өнтэй давж, хамтдаа баярладаг байсан. Ирж яваа цагаа урьдчилан харж, түлээ түлшээ базааж, хүүхдүүдийнхээ сургуульд бэлтгэцгээнэ.

Жил жилийн өвөлд хүмүүсийн бухимдлыг төрүүлж, өвчлөлийг ихэсгэдэг Улаанбаатарын утаа огт арилаагүй л байгаа шүү дээ. Хэцүү тэр цагт нь бухимдаж харааж зүхэж байснаа дэлгэр зуны цагт бүгдийг мартаж орхидог муу зуршилтай бид. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэг үг буй.
ХЭМЖЭЭНЭЭСЭЭ ХЭТЭРСЭН БАЯР НААДАМ,  ЗУГАА ЦЭНГЭЛ МОНГОЛЧУУД БИДНИЙ АМЬДРАЛ БИШ ЭЭ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:  gala_mn@yahoo.com


URL:

Сэтгэгдэл бичих