“Атомын бөмбөг байна. Авах уу…?”
Боловсролтой хүний тухай ойлголт саяхныг хүртэл огт өөр байв. Костьюм өмсч, энгэртээ ромбо зүүсэн нөхрийг хамгийн боловсролтойд тооцож, ялангуяа хоёр ромботой бол бурхан мэт шүтнэ. Шагшраад л. Магтаад л. За Бас гадаад хэлний халтар хултар мэдлэгтэй нэгийгээ боловсролтойд тооцно.
Тооцолгүй ч яахав. “Шувууны” хэлээр шулганаад, шар толгойтой нөхөртэй инээж, хөхрөөд байгаа нөхрийг тооцолгүй яахав. Өнөөдөр ч ялгаагүй. Харь үгийн хар ярианы хэлтэй нэгнийг айхтар боловсролтойд тооцож, албан тушаал ахих шатны хэд хэдэн гишгүүрийг алгасах үндэс болдгийг эдүгээ бид мэднэ.
Харин энэ дашрамд өгүүлэхэд хэлний мэдлэгийг ихэвчлэн мэдээлэл авах нэгэн чухал хэрэгсэл, давуу тал хэмээн үздэг юм. Тиймээс боловсролтой, боловсролгүйн үндсэн шалгуур үзүүлэлт биш. Орчин үед асар их мэдээлэлтэй, дээр нь түүнийгээ эрэмбэлж, мэдлэг болгон хувиргаад улмаар ажил, амьдралдаа бүтээлчээр хэрэгжүүлдэг хүнийг боловсролтой хүн хэмээн тооцох болсон байна.
Мөн боловсрол хэмээх ойлголт хэн хэддүгээр анги төгссөн, хаана ямар сургууль дүүргэснээс огтхон ч хамаардаггүй эд бололтой. Хамгийн гол нь бүх талын мэдээллийг цаг алдалгүй авсан байх хэрэгтэй. Мөн түүнийгээ хэрэгтэй, хэрэггүйгээр нь ялгана. Тэгээд хэрэгтэй гэснийгээ ажил амьдралдаа хэрэгжүүлдэг байх нь чухап гэнэ.
Ингэхэд мэдээллийн зуун, мэдээлэлтэй бай, мэдээлэл цуглуул, мэдээлэл ав, юм унш, сонс, хар, үз гээд байдгийн мөн чанар энэ. Харин одоо илүү дутуу нуршилгүйгээр мэдээлэлтэй, мэдээлэлгүй хүмүүсийн тухай хэд хэдэн жишээ сонирхоцгооё.
1990-ээд оны дундуур санагдана. Зүүн аймгуудаар айхтар цасан шуурга хэд хоног үргэлжилж, олон айлын хот харласан юмдаг. Хүний амь ч эрсэдсэн. Тэр үеэр Засгийн газрын Шадар сайдаар ахлуулсан комисс Хэнтий аймагт ажилласан юм. Нэгэн бяцхан хамрын наана, цаана байх хоёр айлаар эхлээд орлоо.
Нэг нь үхсэн малаараа хашаа барьчихаад үсээ үгтээн үхэх, хатах тухайгаа үглэж суув. Нөгөөх нь 500 гаруй хонь, ямаанаасаа өнчин ишиг ч гарздаагүй уг шуургыг давсан байдаг юм. Ингээд эрхэм төлөөлөгчид хэрхэн хэд хоногийн хэцүү ширүүн шуургыг эсэн мэнд давсан тухай тэрхүү малчнаас сонирхоно биз дээ. Тэрбээр ингэсэн байдаг юм.
Цасан шуурга тавьж эхэлмэгц салхины дээд талд хотноосоо тодорхой зайнд урт нарийхан шон босгожээ. Ингэснээр салхи, цас хоёр түүнд зүсэгдэн нэлээд хэсэг нь хотны хоёр захаар гарч унадаг гэнэ. Мэдээж уг шонг хаана босговол ямар өнцгөөр салхи зүсэгдэж хотонд нь бага цас унах вэ гэдгийг маш сайн тооцсон байгаа юм.
Нэг ёсондоо геометрийн тодорхой мэдлэг шаардагдаж байна гэсэн үг шүү дээ. Тэрбээр хашааныхаа дээд хэсгээр тойруулан жижиг дарцгууд хатгажээ. Тэгэхээр салхинд нөгөөх нь дэрвэж хотон дотор буух цасны хэмжээг үлэмж багасгадаг гэнэ.
Мөн мотоциклийнхээ бүх бензинийг шавхаж, усанд ордог ванн дотроо чулуу дүүргэн түүн дээрээ асган гал тавиад нөгөөхөө хоттой хонин дундуураа байсхийгээд л чирнэ. Ингэснээр агаар нь бүлээцэн хонь ямаа нь амьсгаагаараа осгох зовлонд унаагүй байгаа юм даа.
Энэ бол яах аргагүй эцэг, өвгөдийнхөө малч ухаанаас сонсч дуулсан мэдээллээ амьдрал дээр хэрэгжүүлсэн нэгэн байв. Харин нөгөөх саахалтын нөхөр ийм мэдээлэл сонсч байгаагүй тул цасан шуурганы өмнө өөрийн мэдэлгүй өвдөг сөхөрсөн байлаа.
Зах зээл эхлээд нэг их удаагүй, хот хөдөөгүй наймаа панзны уур амьсгал ноёрхож асан үед бид Ховдын Булган сум орохоор явж байлаа. Замдаа жаахан төөрсхийж Баянхонгорын Бөмбөгөр сум орчихов. Ингээд Байдрагийн гүүрээр гаран 50 орчим километр явж байтап УАЗ фурган машинтай өрвийсөн гурван нөхөр зогсч байх юм.
Цахилгааны утсанд нь гал гарч, азаар унтраасан ч уух усгүйтэх цангаж үхэх шахаж байна гэнэ. Ардаа дүүрэн ноолуур ачжээ. Бас авдар “найрка” тавьсан байх агаад уухаар амны цангаа тайлах бус, улам аймаар болгож буй тухай ярилаа. Гурвуулаа 20 дөнгөж хүрч буй болов уу гэмээр залуус байв.
Бид хээр хаяад явалтай биш гээд чирсээр мөн л 50 орчим километр зам туулсны дараа гэрт нь хүргэж өглөө. Шөлний юм гаргахаар болов. Бид яарч явна гэсэн ч яах ийхийн зуургүй хонь төхөөрөөдөхлөө. Гэдэс гарахыг хүлээх зуур гадаа гэрийн хаяанд нь элдвийг хөөрч суулаа.
Гэтэл “амь аврагдсан” залуусын нэг нь байн байн “Ах хүү, ямар наймаа байна. Авна шүү, хамаагүй. Асар их тус боллоо” гээд салдаггүй. Ах нар нь наймаа хийдэггүй хүмүүс гэж учирлаад нэмэр болсонгүй. Байсхийгээд л “Ямар наймаатай яваагаа хэл л дээ” гэнэ. Аргаа барахдаа “Атомын бөмбөг байна, авах уу?” гэлээ.
Нөгөөх маань таг болов. Яав чи гэтэл, “Ааваас асууж байгаад авна аа” хэмээн сулхан дуугарч билээ, зайлуул. Тэрбээр амьдралдаа атомын бөмбөг гэдгийн тухай огтхон ч сонсч дуулаагүй нэгэн байж. Авахгүй гэхээр ач тус болсон хүнээ гомдоочих гээд, авна гэхээр чухам юу болохыг өөрөө сайн мэдэхгүй учир ийнхүү хэсэг гацаад ааваасаа асуухаар шийдсэн байлаа.
Мэдээлэл хэр чухал болох, мөн түүнийгээ хэрхэн мэдлэгт хувиргаад ажил амьдралдаа хэрэгжүүлэхийн тухайд ердөө саяхны түүхийн хоёрхон жишээ явлаа. Манай хилчдийн дунд ч мэдээлэл, мэдлэг дутмагаас үүдсэн мянга түмэн онигоо байдаг.
Тиймэх дээрхи хоёр жишээг мэдээлэл хэрхэн чухал болох тухай өвөрмөц бяцхан хичээл хэмээн үзсэн ч болно шүү. Мөн боловсорсон байна гэдэг боловсролтой хүний дүр эсгэхийг хэлэх бус харин өөрийн эрэмбэлсэн мэдээллээ мэдлэг болгоод түүнийгээ бусаддаа түгээх нэгний
Д.Гал
Эх сурвалж: “Эх орны манаа” сонин
URL: