Бөхийн будлианыг дэлгэх гэснийх нь төлөө долоо хоног хорих шийдвэр гаргажээ

shuuhiin shiidverӨнгөрсөн баяр наадмаар эрх нь зөрчигдөж, манай сайтад хандсан нэгэн иргэний гомдлыг та бүхэнд хүргэж байна.

-“ЧАМД ХЭН БОЛОХОО ХАРУУЛНА АА” ХЭМЭЭЖЭЭ-

Долдугаар сарын 11-нд Орхон аймагт оршин суудаг нэгэн гэр бүл Булган аймгийн наадам үзэхээр явжээ. Улмаар бөхийн барилдаан үзээд сууж байтал бөхөд нь будлиан орсон юмсанж. Наадмын талбайд сууж байсан наадамчид хоёр хуваагдан хүчтэй маргаан болж байх үед тэрхүү будилааныг хувийн камераараа бичиж авсан гэрийн эзэн А хариуцаж байгаа хүмүүстэй нь очиж уулзан, энэ тухай хэлсэн байна. Гэтэл дээл өмссөн, хэн гэдэг нь үл мэдэгдэх, мандат, бичиг баримтгүй нэг хүн индрээс бууж ирээд “Юу гээд байгаа юм бэ. Энэ хүнийг стадионоос зайлуул” хэмээсэн аж. Энэ үгэнд нь эгдүүцсэн залуу уурлан хэдэн “хатуу үг” чулуудахад нөгөө хүн “Чамд хэн болохоо харуулна аа” гэсэн байна. Улмаар тэр даруйд дөрөв таван цагдаа Булганы цагдаагийн газар луу тайлбар авах нэрийдлээр А-г авч явжээ. Гэтэл “Хэн болохоо харуулна аа” хэмээн ам гараад байсан өнөөх хүн тус аймгийн цагдаагийн газрын дарга О.Ганбат байсныг тэнд очуутаа мэдсэн байна.

-ДОЛОО ХОНОГ ХОРИХ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР БОЛЖЭЭ-

Ингээд нялх хүүхэдтэй тэд цагдаагийн газар О.Ганбат эрхэмийг хүлээсэн боловч наадмын хамгаалалтаа дуусгаад очно гэсээр тав зургаан цаг болсон байна. Сүүлдээ тэсэхээ байгаад эхнэр нь н.Болдбаатар гэж байцаагчтай нь уулзахад “Манай цагдаагийн даргатай танай нөхөр хэрэлдсэн. Манай дарга сая арын хаалгаараа орж ирээд, хувиараа гомдолтой байгаагаа мэдүүлчихээд явчихлаа” гэсэн байна. Удалгүй түүнийг торгоод явуулна хэмээн шүүхийн байранд авчирчээ. Гэвч тэнд дахиад гурван цаг гаруй хүлээсний эцэст ямар ч мэдүүлэг авалгүй, ямар үндэслэлээр яах гэж байгаагаа ч хэлээгүй байж гэнэт хорих арга хэмжээ авна хэмээх шийдвэр гарсан талаар мэдэгдэх хуудас өгсөн байна. Тэдний хэлж буйгаар шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн учрыг нь олж, шийдвэр гаргах ёстой хүн атал зүгээр л цагдаагийн газрын даргын гар хөл болсон гэх. Г.Мягмарсүрэн гэх тэр шүүгчийн нөхөр нь тус аймгийн цагдаагийн газар ажилладаг аж. Ийнхүү хүнд байдалд орсон гэр бүлийн хоёр Булган аймгийн телевизийг дуудахад огт ирээгүй байна.

Хамгийн гол нь тэд үүнийг олон нийтийн өмнө танихгүй хүнээс хэдэн “хатуу үг” сонссондоо шаралхан эрх мэдэл албан тушаалаа ашиглан хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж, гомдолтой байгаагаа илэрхийлж буй юм билээ. Долоо хоногийн хоригдох шийдвэр авсан иргэн А-ийн эхнэрээс цөөн зүйл тодрууллаа.

-Шүүхийн шийдвэрийн талаарх бодлоо хэлээч?

-Цагдаа, шүүхийн байгууллагын гадаа хэдэн цаг хүлээхдээ монгол хүн байна даа уучлал гуйгаад учир зүйгээ олъё л гэж бодсоноос биш хоригдох шийдвэр авах гэж олон цаг хүлээгээгүй. Тэр шүүхийн шийдвэр дээр нь олон нийтийн амгалан тайван байдлыг адагдуулсан гэх шалтгаан бичсэн байгаа юм. Ямар ч авцалдаагүй. Ямар ч үндэслэлгүйгээр хорьсонд нь маш их гомдолтой байна. Баяр наадам болж байхад монгол хүмүүс монгол хэлээрээ уучлал гуйгаад салж болох хэргийг ийм түвшинд хүргэж байна. Эрх мэдэл, албан тушаалаа хувийн өс хонзондоо ашиглаж байна шүү дээ. Тэр шүүгч Г.Мягмарсүрэнд гомдолтой. Хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргаж л байдаг.

-Танай гэр бүлийн хүн тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?

-Манай хүн архи байтугай айраг ч уудаггүй. Тухайн үед согтуурлын зэрэг нь 0,00 гарсан. Хуулиа дээдлээд л тэнд тийм олон цаг хүлээсэн. Тайлбар авна гэж оруулангуутаа тэрнийгээ мэдүүлэг болгоод биччихсэн байгаа юм. Ийм асуудлаас болоод өчнөөн олон газраас цугласан хамаатан садангууд бүгд түгшүүрийн байдалтай, баярласан ч юм байхгүй баяр наадам өнгөрлөө.

-Цагдаагийн дарга О.Ганбаттай уулзсан уу?

-Уулзсан. Шүүхийн шийдвэр гарч байхад гэртээ унтаж байсан гэж байгаа. Тэгээд өөрийнхөө буруу зүйл хийснийг мэдэж байгаа биз. Тулга тойрсон утгагүй юм яриад байсан.

-Нөхөр чинь одоо хоригдож байгаа гэсэн үг үү?

-Манай хүний зүрх нь өвддөг, эмчилгээ хийлгээд дуусаагүй байсан. Тэр цагдан хорих байр нь сайхан ч газар биш юм билээ. Зүв зүгээр явж байгаад тийм газар орчихоор чинь сэтгэл санаагаар хямрана биз дээ. Тэгээд даралт нь буураад, одоо эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө аваад гаргачихсан байгаа. Ямар ч байсан хоёр хоног тэр газар нь хоригдсон. Эрүүл мэндийн шалтгаантай чөлөөний хуудсан дээр нь үлдсэн хоногийг нь нөхөн эдлүүлэх тухай бичсэн байна билээ. Бидэн шиг энэ асуудлыг сөхөж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахгүй хэн нэгэн байсан бол зүгээр нэг даргын үзэмжээр шоронд хориогдоод л явах болж байна. Зөв зүйл хийж байхдаа ч гэсэн цагдаагийн дарга гэж айж амьдарна гэж байхгүй биз дээ.

Б.ЦЭЛМЭГ 

Эх сурвалж: medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих