Чөтгөр шүглэсэн зуслангийн байшинд дөчин жил хэн ч орсонгүй

3b49f2d7dec173b8big

Шадивлангийн зуслан хэмээх нэгэн сайхан зуслан байсныг хотынхон андахгүй. Одоо ч бараг хотын нэгэн дүүргийн гэр хорооллын үргэлжлэл маягтай болоо юу даа. Тэгэхээс ч аргагүй биз. Түүнээс ч чинагш орших Шаргаморьтын зуслан хүртэл хотын зах болчихоод байгаа юм. Харин өнгөрсөн зууны сүүлчээр буюу дал, наяад онд тэд харин зуслан шиг зуслан байсан юм шүү. Биднийг гардаг байхад Шадивлангийн зусланд олон албан байгууллагын айлууд гардаг байлаа. Тэр үеийн автобусны эцсийн буудлын хавьцаа хаа очиж байгаль сайхантай, уулаараа модтой, урдуураа жижиг горхитой, цэцэг ногоо жигдэрсэн үзэсгэлэнтэй газар байв. Хотын Барилга засварын нэгдсэн трестийн айлууд тэнд зусдаг уламжлалтай байлаа. Энд өгүүлэгдэх явдал далаад оны дундуур буюу 1974 оны зун болсон юм. Айлууд жигдэрсэн тул зарим нь хашаа хороо, байшин сууцаа янзалж, будаж шунхдаж байсан үе л дээ. Тэгээд ч улсын баяр наадам дөхсөн болохоор айлууд амьхандаа байр саваа чимэж байсан биз ээ. Хамгийн арын хүрэн байшинд ганц хүүтэй залуу хос амьдардаг байв. Нэгэн ням гарагийн өдөр дунд бид сагсан бөмбөгийн талбайд баг багаараа талцан тоглож байтал тэр байрны эзэн будаг, багс барьчихсан байшингийнхаа цонхны рамуудыг будаж байсан юм. Намхан талдаа нөхөр тул хөл дороо дөрвөн хөлтэй модон сандал тавьсан байсныг бид хожим нь үзсэн билээ.

Биднийг тоглоомондоо ид улайрч байтал гэнэт хүмүүс орилолдох сонсогдов. Яав, юу болчихов гээд хартал өнөө байшингийн дэргэд хүмүүс шавжээ. Хүүхэд байсан учраас хэрэгт дурлалгүй яах билээ. Дэрхийгээд л очсон санагдана. Тэгтэл нөгөө залуугийн сандал нь шалчийгаад уначихсан өөрөө газарт хөдөлгөөнгүй хэвтэж харагдав. Эмч дуудсан байлаа. Одоогийнх шиг гар утас энэ тэр байсан биш. Трестийн даргын гэрээс утсаар дуудсан болов уу даа. Ахмад хүмүүс “Ээ, мэдэхгүй. Салхийг нь тавьцгаа. Амьсгаагүй болчихож” гэлцэнэ. Харин эхнэр, хүү хоёр нь орилж, хашгичиж байсан санагдана. Тэгж, тэгж трестийн даргын машинаар эмнэлэг рүү авч явдаг юм бил үү гэлцэж байтал тэр дороос түргэний тэрэг гараад ирсэнсэн. Түргэний эмч үзэж төвдсөнгүй. Судсыг нь хальт барьж, ганц хоёр чагнуурдаад томчуудтай юм яриад, цагаан даавуугаар бүтээгээд аваад явчихыг нь харснаа одоо ч мартдаггүй юм. Олны хэлцэх нь “Шархүү бурхан болчихжээ. Хачин юм даа. Иймхэн юмнаас унаад үхчих гэж. Цаг нь болсон баймааргүй дээ. Залуу хүн гэнэт үхчихдэг” гэж ирээд л бие биедээ сонин болгодогсон. Тэгэхэд л анх удаа хүн нас барсныг газар дээр нь харсан юм уу даа. Оршуулга, будаалгаа хийчихээд тэднийх нүүгээд явчихав. Төдөлгүй хоёр том охинтой нэг айл ирж тэрхүү байшинд нь орж билээ. Том охин нь тэр жилээ аравдугаар анги төгсөөд Багшийн дээд сургуульд орсон гээд нэг хөөрхөн эгч байх бөгөөд бидэнтэй хааяа сагсан бөмбөг тоглодог нь хүүхэд зангаа гээгээгүйнх биз. Улсын баяр ч болж, томчууд баярлахаар хот орж, хүүхдүүд бид гэрээ сахин зурагтаар наадам үзэнгээ сагсаа тоглож байлаа.

Тэгтэл Сараа эгч солиорчихож гэсэн яриа гардаг байгаа. Яагаав, нөгөө хөөрхөн оюутан эгч. Гэрийнхэн нь баярлахтай мантай. Галзуугийн эмнэлгийн эмч дуудсан гээд биднийг хавьтуулахгүй байлаа. Бас л эмнэлгийн машинтай эмч ирээд Сараа эгчийг аваад одож билээ. Тэгэхэд тэр үед бөөн яриа гарсны заримыг сонирхуулбал “Шөнө охиных нь хөнжлийг хүн татсан юм байх аа. Орилж босч ирээд тэр чигтээ солиорсон гэнэ. Айл амьтанд үхэл хагацал болчихоод орхиод удаагүй байранд орж байдаг ёс мэддэггүй улс юм байх даа. Ядаж дөчин есөн хоногийг нь өнгөрөхөөр ордог байгаа. Хүн амьтнаас ч асуугаагүй бололтой. Шүтлэггүй улс юм байх аа. Одоо яая гэхэв” гэлцэх нь салхинд хийссэн хамхуул мэт сар, сүрхийн тарж байв. Сагс тоглодог хүүхэд болгон л Сараа эгчийн тухай ярина. Нүд нь гөлийгөөд, үс нь сэгсийгээд хачин болчихсон харагдсан гэж ирээд л зарим нь бүр өөрөө харсан мэт мэдэмхийрдэг байв. Тэр айл ч удалгүй нүүгээд явлаа. Биднийг тэр байшин руу зүглэхгүй байхыг эцэг, эх даалгадагсан. Тэр жил тэр байранд дахиж айл ороогүй юм. Түүнээс хойш нэг л айл тогтдоггүй байр болсон байв. Хий үзэгдэл, буг чөтгөр, ад тийрэн шүглэсэн байшин гээд ярьдаг ч чухам яг юу болоод байгааг хэлдэггүй, бид ч мэддэггүй байжээ. Биднийг аравдугаар ангиа төгстөл лав айл амьтан орж барьдаггүй орсон нэг нь удалгүй нүүчихдэг байв.

Баттай сонссон юм гэвэл орсон айлын охид, бүсгүйчүүдийн хөнжил гудсыг татдаг, өвөр түрийд нь ордог гэх яриа байлаа. Өөр баттай юм сонсч байсангүй. Тэгээд ч тэр эр чухам ямар учиртай хүн байсан талаар ч мэдэж амжаагүй. Яахлаараа буг болсон хойноо бүсгүйчүүдийн өвөр түрий татдагийн учрыг ч ойлгоогүй өнгөрсөн дөө. Тэгсээр явтал зах зээлд шилжиж монголчууд, тэр дундаа нийслэлчүүд нэг хэсэгтээ зусланд гарах нь битгий хэл бараг мартсан байсан даа. Ихэнх нь зуслангийн байраа өмчлөхийн оронд зарж үрж байсан санагддаг юм. Тэгсхийгээд тэр байрны талаар ч мартагдсан нь ойлгомжтой. Тэгтэл буцаад л зуслангийн байшин, зусланд гарах асуудал яригдах болсон. Барилга засварын нэгдсэн трест компани болж, зуслангийн байшингуудаа ахмадууд хийгээд олон жил тогтвор суурьшилтай ажилласан, тогтмол зусланд гардаг байсан хүмүүстээ байрыг нь худалдах болоход манайхан ч хоцроогүй. Хэр тааруу үнээр худалдаж аваад засч тохижуулаад бас ч гэж боломжоороо томруулаад авсан билээ. Түүнээс хойш манай эмэгтэй дүүгийнх тэр байшинд жил бүр гардаг байгаад бүр өвлийн болгоод тохижуулж орхисон бөлгөө. Саяхны нэгэн бямба гарагт дүүгийндээ айлчлах далимаар зуслангаа эргэтэл ганцхан өнөө байшин өнгөө хувиргалгүй, харин ч хуучирч ноорон үлджээ. Байсан байрандаа байх ч хүмүүс ч тоохгүй юм. Бас нурааж бариа ч үгүй харагдана. Ноднингоос гэр оронгүй бололтой нэг хүүхэн, хоёр залуу хааяа хэд хоногоор ирж хонодог болсон тухай тэр хавийнхан ярьж байлаа.

Хүмүүс яагаад ордоггүйнх нь учир шалтгаан мөн л хий үзэгдэлтэйгээр тайлбарлагдах ажээ. Бидний багцаагаар, багцаагаар ч гэж дээ, баараггүй тооцоолсноор лав л дөчин жилийн нүүр үзэж буй байшин юм. Олон жилийн танил нэг нөхөр намайг жаал явуулсан уу, ортой үнэн юм ярьсан уу, ингэж дуулгалаа. Тэрхүү байранд орсон айлын охид юм уу эхнэрт нь өвчин тусаад байдаг юм байна. Нэгэн залуу гэр бүл, эсвэл хамтран амьдрагч ч байж мэдэхээр хоёр хүн 2000 оны эхээр тэнд зуссан юм байх. Нөхөр нь оройтож ирдэг ажилтай байж л дээ. Тэд тэр талаар мэдэхгүй болоод л орсон хэрэг шүү дээ. Тэр жилийнхээ наадмын дараахан нэг шөнө нөхрөө хүлээсэн хүүхэн зурагтаа үзэж байгаад унтахаар болж бүх гэрэл, зурагтаа унтраагаад хэвтэж орхисон юм байх. Тэгээд зүүрмэглэж орхихгүй юү. Гэнэт нэг хүн хөнжлийг нь сөхөх шиг болохоор нөхрөө ирж гэж бодоод сэртэл юу байсан гэж санана. Тал нүүртэй нүцгэн залуу зогсч харагджээ. Ухаанаа тавьсан хүүхэн унтлагын хувцастайгаа үүнийг яригчийнд орж ирсэн гэнэ билээ. Хоёр нүд нь орой дээрээ гарчихсан, хамаг бие нь дагжиж чичрээд сүйд болжээ. Ингээд дээр болсон явдлыг яриад уйлаад байсан бөгөөд мөн л ухаан солиорох өвчин туссанаар эмэгтэй эмнэлэгт очиж, эр нь нүүгээд явчихжээ. Тиймэрхүү явдал тэр хавиар ганц биш тохиосныг тэндхийнхэн ярьж байв. Зарим айл тэр байрыг сонирхдог ч болсон явдлыг үнэнээр нь ярихаар больчихдог юм байна. Шадивлангийн зуслангийн чөтгөртэй гэх байрны тухай цухас өгүүлэхэд ийм бөлгөө. Өнөөдөр ч байрандаа байж л байна. Нэг ухаа шар байшин.


URL:

Сэтгэгдэл бичих