Энэ жилийн наадам иргэдийн сэтгэлд хүрсэнгүй

naadamirgediinsetgeldЖил жилийн наадам өнгөтэй сайхан болдог ч энэ жилийн наадмыг нээлтээсээ авхуулаад учир дутагдалтай болсныг иргэд шүүмжилж байв.

Тухайлбал энэ жилийн баяр наадмын нээлтийн үеэр “Хонхны дуу” эгшиглсэн нь олон хүний бухимдлыг төрүүлээд авлаа. Үндэсний их баяр наадмаараа Ардчиллын үйл хэргийн сурталчилсан дууг эгшиглүүлж эрх баригчид 1990 оны үйл явдлыг эргэн сануулахыг оролдлоо хэмээж байв.

Түүнчлэн Төв цэнгэлдэхэд очсон хүн бүрт төрийн далбаа бэлэглэсэн нь төрийн далбааны үнэ цэнийг бууруулж орхив.  Учир нь энэ тэндгүй төрийн далбаа гишгэгдэж хөл дор хөглөрч байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Дараагийн нэгэн олны анхаарлыг татсан үйл явдал бол нээлтийн үеэр МУГЖ Х.Лхагвасүрэн мориноосоо унаж, мөн ард түмний өмнө “амь барьж” дууллаа. Мөн цэнгээнт бүжгийн хамтлагууд ардын хөгжмийн хэмнэлд хөдөлгөөн бүр нь зөрсөн байдалтай арай ядан бүжив. Энхийг сахиулагчдаар бие биелгээ хийлгэсэн нь сонирхолтой байж болох ч цэргийн ёс жудаг, эрэмгий зориг руу “ус цацсан” явдал болов.

Ийнхүү Үндэсний их байр наадмын нээлт утга төгөлдөр төгс сайхан болж чадсангүй. Төв цэнгэлдэх дотор  энэ мэт дутагдалтай хошин үзүүлбэрүүд үргэлжилж байх зуур гаднах талбайд мөн л адил наадамчин олон бухимдсан байдалтай байлаа. Учир нь  Төв цэнгэлдэхийн гадаах үйлчилгээний цэгүүдийн цахилгаан тасарч, наадамчид хуушуураа хүлээн нэлээд хугацаа алдлаа.

Энэ мэт алдаа дутагдлаар дүүрэн Үндэсний их баяр наадам хоёр хоног үргэлжилж, зохион байгуулагчид наадамчин олноос тааруухан үнэлгээ авлаа.

 


URL:

Сэтгэгдэл бичих