APPLE DR. DRE РЭППЭРИЙГ ТЭРБУМТАН БОЛГОВ УУ?
Beats чихэвчээрээ хамгийн их алдарт гарсан Dr. Dre рэппэр, хөгжимчин, бизнесмэний үүсгэн байгуулсан Beats Electronics компанийг 3.2 тэрбум ам. доллараар Apple компани худалдан авахаар сонирхож байгаа талаар хэд хэдэн эх үүсвэрт мэдээллээд байна. Хэрвээ гэрээ хэлэлцээр амжилттай дуусгавар болвол Apple компаний түүхэн дэх хамгийн том худалдан авалт болох юм.
Энэхүү мэдээлэл хамгийн эхлээд Financial Times-д гарсан ба удалгүй The New York Times, Bloomberg News болон Wall Street Journal зэрэг мэдээллийн хэрэгсэлүүд дагалаа.
Пүрэв гарагийн орой Dr. Dre-ийн Facebook хуудаснаа энэ талаар видео орсноор энэхүү үйл явцыг дахин бататгасан байна. (Постын орчуулга: Apple-тай хийсэн 3,2 тэрбум-ийн гэрээ нийтэд ил болсон орой би яаж яваад Dr. Dre-тэй студид нь байж таарав!!! BEATS ЧИХЭВЧ ДӨНГӨЖ САЯ ХИП ХОПЫГ ӨӨРЧИЛЛӨӨ)
Гэвч хэлэлцээр бүрэн дуусаагүй байгаа ба Apple албан ёсоор нийтэд мэдээлэл хийгээгүй байна. Хэрвээ бүх зүйл амжилттай болвол дараа долоо хоногт албан ёсоор зарлана. Dr. Dre болон Jimmy Lovine нар 2008 онд анх Beats Electronics компанийг үүсгэн байгуулсан ба одоогоор АНУ дах чихэвчний зах зээлийг сайн чанар өндөр үнэтэй Beats чихэвчээрээ тэргүүлж байгаа юм.
“Beats by Dr. Dre” нэртэйгээр зарагддаг чих далдалдаг том чихэвчийг рэппэр, алдартнууд түгээмэл хэрэглэдэг ба Studio гэгч хамгийн алдартай загварын нэгжийн үнэ 300 ам. доллар байдаг. Beats чихэнд зүүдэг жижиг чихэвч, Bluetooth дууны өсгөвөр зэрэг өөр бүтээгдэхүүн мөн борлуулдаг.
Apple Beats Electronics-ийн аль үйл ажиллагааг ашиглах сонирхолтой байгаа нь одоогоор тодорхойгүй байна. iTunes, Spotify, Rdio зэрэг хөгжим татах эх үүсвэрүүдтэй өрсөлдөхөөр 2012 онд Beats Music бүтээгдсэн. Шүүмжлэгч нар хэв маяг, загварыг нь сайшааж байсан ч хэрэглэгч нар тийм ч сайн татаж чадахгүй өдийг хүрсэн. Apple компаний энэхүү үйлдэл 2001 онд iTunes гаргаснаас хойш дэлхийн дижитал хөгжмийн зах зээлийг эзэгнэж ирсэн байр сууриа хадгалах боломжийг олгож магадгүй юм. Сүүлийн хэдэн жилүүдэд iTunes дэх худалдаа тогтмол буурсаар байгаа. Spotify, Rdio, Beats Music нар бүгд яг нэг төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хүссэн төхөөрөмжнөөсөө сарын 9,99 ам. доллар төлөөд хүссэн дуугаа сонсох. Одоогоор Apple iTunes-д шууд өрсөлдөгч байхгүй. iTunes дэлгүүрт хэрэглэгч нар дуу эсвэл цомог бүрийг тусад нь худалдан авдаг. Сүүлд гарсан iTunes Match, iTunes Radio үйлчилгээ нь iTunes дэлгүүрээс худалдан авсан дуунуудаа сарын 25 ам. доллар төлөөд ямар ч төхөөрөмжнөөс сонсох боломжийг нээсэн байна.
2012 онд утас үйлдвэрлэгч HTC компани Beats-ийн 51 хувийг 300 сая ам. доллароор худалдан аваад, дараа нь 25 хувиа эргүүлж зарсан байдаг. 2013 онд HTC One ухаалаг утсандаа Beats-ийн үйлдвэрлэсэн дуу өсгөгчийг суурилуулснаар дуугаралт хөгжим цацалтаараа шүүмжлэгч нараас маш сайн дүн авсан юм. Тэгхээр iPhone болон iPad төхөөрөмжнүүдэд Beats дуу өсгөгчийг суулгах боломж байгаа.
Apple компани энэхүү гэрээг бүрэн дуусгаж Dr. Dre-г тэрбумтан болгосноор iPhone, iPad гэх мэт хэрэглэгч нарын сайшаал хүртсэн төхөөрөмжнүүдэд ямар нэмэлт шинэ өөрчлөлт орох нь бидэнд сонин хэвээр байна.
URL: