“Жижиг” үү, “Жүжиг” үү?

сүхбатӨнгөрсөн наадмын өдрүүдээр нар хур тэгширсэн сайхан болж өнгөрлөө. Харин наадмын нэг дуулиан шуугиан болсон Монгол Улсын Дархан аварга А.Сүхбатыг тойрсон жиг жуг яриа л олны анхаарал дунд хөвөрсөөр үлдлээ.

Түүний цолоо ард түмнээ хүндэтгэн зодоглоно хэмээн наадмын өмнөх өдрүүдэд хэвлэлээр шуугиж байсан нь оргүй биш байлаа. Тиймдээ ч ард түмэн олон жилийн өмнө барилддаг байсан шиг ээ уран сайхан барилдаан харна хэмээн хөөрцөглөн хүлээсэн нь талаар болсонд ард иргэд үнэхээр харуусал, гомдол дүүрэн байгаа бололтой.

Гэвч тэрээр гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаярт тахимаа өгсөнөө тайлбарлахдаа “Тав хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Г.Өсөхбаяр аварга бид хоёр Монгол Улсын дархан аварга цол хүртсэн.  Наадмын гурвын даваанд дүү аварга Г.Өсөхбаярыгаа амлан авч, тахимаа өгөн хүндэтгэл үзүүлээд явууллаа. Энэ үйлдэл маань төр, ард түмнийхээ хайр хүндэтгэлд талархаж, хүндэтгэл үзүүлж наадмын талбайд зодоглон, цолоо дуудуулъя гэж бодсонтой маань холбоотой” хэмээсэн нь түүний цагаатгаад өнгөрнө хэмээн найдсан бололтой. Харин ихийг хүлээж итгэл найдвар тээж бүтийхэн дотроо залбиран хүлээсэн наадамчин олны сэтгэлийг гонсойлгосон үйлдэл нь тийм ч таатай санагдсангүй.

Наадамчин олон маань өмнөх ярьж байсан хэлж байсан зүйлсийг сануулан цахим хуудаснаа жиргэж дургүйцлээ илэрхийлж байгаа нь ч үүний нотолгоо. Чухамдаа бол сайхан уран барилдаанаараа ард олны сэтгэлийг сэргэтэл сайхан барилдаад амжилтаа харуулах байсан юм. Нэгэн цагт олныг шуугиулж сэтгэлийг нь булиглуулж, догдлуулж явсан тэрээр ийнхүү наадамчидын хүлээлт талаар болсон. Ингэж хэлэхийн учир цагтаа “жижиг” хэмээн ард олноо өргөмжлөгдөн байсан түүнийг “жүжиг” А.Сүхбат хэмээн хөөрхөн егөөдөн нэрлэж байгаа нь ч тэдний дургүйцлийн илэрхийлэл болой.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих