Дархан аварга А.Сүхбат Дархан аварга Г.Өсөхбаярт тахимаа өглөө

uls_53c0ac2810383_1Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн гурвын даваа энэ мөчид Төв цэнгэлдэх хүрээлэнд  үргэлжилж байна. Энэ даваанд хүчит 128 бөх уран мэхийг уралдуулан барилдаж буй. Өчигдөр бөхийн барилдаан эхлэхэд шинэхэн хоёр дархан аваргын хэн нь зүүний магнайд гарах вэ гэдэг дээр асуудал үүсч, маргаан дэгдсэн. Нэгийн давааны өмнө дархан аварга Г.Өсөхбаяр зүүн талын магнайд очоод зогсчихсон харагдсан. Гэтэл дархан аварга А.Сүхбат хөлийн цэцээр явж маргаан үүсгээж амжсан. Учир нь “жижиг” А.Сүхбат  түрүүлж аварга болсноороо  “Би зүүний магнайг тэргүүлэх ёстой” гэсэн байр суурьтай байсан.

Уг нь Г.Өсөхбаяр дөрөв түрүүлсэнээрээ зүүн талыг тэргүүлэх ёстой. Харин А.Сүхбат гурав түрүүлсэн дархан аварга. Ийм эрэмбэ үйлчлэх ёстой гэж нэг хэсэг нь үзжээ. Гэтэл дархан аварга цол хүртсэн хүнд ийм эрэмбэ үйлчлэхгүй. Учир нь 11 түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ 10 түрүүлсэн Х.Баянмөнхийн өмнө зогсож зүүн талд гардаггүй гэж бас маргажээ. Эцэст нь зүүнийг А.Сүхбат, барууныг Г.Өсөхбаяр манлайлан гаргахаар хөлийн цэц шийдвэрлэсэн юм.

Харин өнөөдөр гурвын даваан эхлэх мөчид дархан аварга А.Сүхбат, дархан аварга Г.Өсөхбаярыг амалсан нь наадамчин олныг гайхшруулаад авлаа. Гэвч барилдааны эхэнд Дархан аварга Г.Өсөхбаярт тахимаа өгснөөр энэ жилийн баяр наадмыг хоёр даваатайгаар өндөрлүүлж байна. А.Сүхбат аварга дархан аварга цолыг хүртээд наадамчин олноо хүндэтгэн энэ жил зүлэг нөгөөн дэвжээн дээрээ гарсан аж.

Харин фэйсбүүк хуудсаар бүх сонирхогчид түүний тахимаа өгсөн явдлыг “А.Сүхбат зүүний магнайд гарах ёстойгоо орон даяар ингэж ойлгуулахаар шийджээ. Нэгийн давааны эхэнд А.Сүхбатыг зүүний магнайд гаргахгүй гэж маргаан гарсан. А.Сүхбат зүй ёсоор зүүний магнайдаа гарах байсан. Гэтэл нэр бүхий хүмүүс гаргахгүй гэсэн. Тиймээс үүнд бухимдсандаа А.Сүхбат гурвын даваанд зүүний магнайд хэн нь гарах ёстой, хэн нь эхэлж ам авах ёстойг утгаар нь ойлгуулахаар дархан аварга Г.Өсөхбаярыг амласан гэж би ойлгож байна.Давсан даваагүй хамаагүй, зүүний магнайд босох бөх барууны магнайгаа авч болдгийг, түүнээс дээр босдгийг ингэж харуулж дээ” хэмээн жиргэж эхлэв.

Н.Батаа

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих