ТЕНДЕРТ ЯЛАХЫН ТУЛД АВЛИГА ӨГЧЭЭ

авилаАНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монголын бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлыг танджээ. “Сант марал” сан хамтран АНУ-ын Азийн сангаас хэрэгжиж байгаа ” Монгол Улсад засаглал ил тод байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд явуулсан энэ судалгаанд 300 гаруй компани хамрагдсан байна.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИЗНЕСИЙН ОРЧНЫГ ЧАМЛАВ
Бизнес эрхлэлтийн орчин дэх авлигыг 2012 оноос хойш дөрөв дэх удаагаа тандаж байгаа аж. Энэ удаагийн судалгаа дан бизнес эрхлэгчдийг хамарснаараа онцлог болжээ. Уг судалгаанд хамрагдсан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, уул уурхайн салбарын бизнесмэнүүд бүгд авилгад өртсөн тухайгаа мэдээлжээ. Үүнээс барилга, уул уурхайн салбарын бизнес эрхлэгчид илүү авилгад өртсөнөө онцолсон байна. 2012 онд хийсэн энэ судалгаагаар бизнесийн орчинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бизнесмэнүүдийн хувь 27.2 байсан бол энэ онд 14 хувь болж буурчээ. Үүнд ихэвчлэн жижиг, дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс хамрагдсан аж.

Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчид бизнесээ өргөжүүлэхээр хамтрагч, хөрөнгө оруулагч хайсан ч дорвитой алхамд хүрэхгүй байгааг судалгаагаар дамжуулжээ. 2012 онд бичил бизнес эрхлэгчдийн 42 хувь нь хөрөнгө оруулалтын орчин сайжирч байна гэж хариулж байсан бол энэ онд ердөө 20 хувь нь хөрөнгө оруулалтын орчинд ам сайтай байгаа аж.

БИЗНЕСМЭНҮҮДИЙН БЭРХШЭЭЛ ТАТВАР, ЛИЦЕНЗ, ЗЭЭЛ …
Бизнес эрхлэлтийн орчин дэх авлигын судалгаанд оролцогчдын 52 хувь нь бизнес хийхэд чөдөр болж байгаа зүйлээр татварыг нэрлэсэн бол 27 хувь нь лиценз олголт болон сунгалтыг, 27 хувь нь банкны зээлийг онцолжээ. Банкнаас зээл авахад бэрхшээл тулгарч байгааг хоёр жилийн өмнө бизнесмэнүүд онцолж байсан бол энэ үзэгдэл өнөөдөр ч гэсэн хэвээр байгааг судалгаанд  хамрагдсан бизнесмэнүүд хэлжээ. Харин бизнесийг боомилж буй төрийн байгууллагуудыг татварын газар тэргүүлж, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутгийн захиргаа удаалсан байна. Бизнес, үйлдвэрлэлийн ажилд тушаа болж байгаа эдгээр шалтгаанд тухайн компани ажлын цагийнхаа 50-иас дээш хувийг, хөрөнгө мөнгөнийхөө 20-30 хувийг зарцуулж байгааг дуулгажээ. Тухайлбал, тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгах талаар албаны хүний хариултыг авахын тулд ажлын цагийн 25-50 хувийг зарцуулдаг байна.

ТЕНДЕРТ ЯЛАХЫН ТУЛД АВЛИГА ӨГЧЭЭ
Бизнесмэнүүд, үйлдвэрлэгчид төрийн худалдан авах ажиллагаа, тендерийн гэрээ байгуулах явцад авлигатай байнга, түгээмэл тааралддагаа судалгаанд тэмдэглэжээ. Төрийн байгууллага дахь авлига шууд нөлөөлж байгааг компанийн удирдлагууд онцолсон байна. Тэдний 43 хувь нь төрийн албанд авлига маш их байна гэж хариулжээ. Бизнесийн салбар дахь авилга ялангуяа тендерт ялахын тулд авлига өгч байгаа байдал арилахгүй байгааг судалгаанд хамрагдсан бизнесмэнүүдийн дийлэнх нь онцолсон байна. Мөн тэд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг ажлууд дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Засгийн авлигатай тэмцэж байгаа арга бизнес дэх авлигыг цэвэрлэж чадахгүй гэж дүгнэжээ. Компанийн удирдлагууд бизнес дэх авлигагүй бол орлого 50-70 хувиар өснө гэж тооцоолжээ.

 

Э.Өнөр /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих