КГБ-ын нууцыг задрууллаа
Хүйтэн дайны он жилүүдэд Оросын тагнуулууд Уайтхоллын цэвэрлэгч, Кембрижийн их сургуулийн Черчиллийн нэрэмжит архивын газрын сахиул зэрэг халхавчаар нууц үйл ажиллагаа явуулж байсан тухай КГБ-ын баримтад маш тодорхой, дэлгэрэнгүй бичжээ. Тухайлбал, Их Британийн цөмийн реакторын технологийн судалгааг хийж байсан судлаач, Коммунист намын гишүүн Мелита Норвүүдийг 1935 онд Зөвлөлтийн мэдээллийн ТАСС агентлагийн сурвалжлагч агсан Ротштейн гэгч хүн элсүүлсэн аж.
“Хола” хэмээх нууц нэртэй Норвүүд нь цөмийн эрчим хүчтэй холбоотой үнэлшгүй ач холбогдол бүхий олон тооны бичиг баримтыг даргынхаа сейфээс хулгайлж, гэрэл зургийг нь дарж, Оросын талд дамжуулан өгдөг байсан аж. Ийн олон жил үүргээ маш сайн гүйцэтгэсэн тул Холаг Улаан тугийн одонгоор шагнаж, насан туршид нь сар бүр 20 фунт стерлингийн тэтгэвэр олгодог байсан гэнэ.
“Трибюн” сонингийн редактор Дэн хэмээх нууц нэртэй Оросын тагнуул 1960-аад оны үед КГБ-ын суртал ухуулга дээр суурилсан нийтлэл бичиж, нийтэлснийхээ төлөө 200 фунт стерлингийн шагнал хүртжээ. Түүнчлэн алдарт Кембрижийн тагнуулын сүлжээний Гай Буржессийн тухай тэмдэглэхдээ архинд донтсон ч 389 бичиг баримтыг КГБ-д дамжуулан өгсөн. Гэхдээ мөнхийн согтуу байдаг байсан тул нууц хадгалах тал дээр эргэлзээтэй гэх зэргээр маш дэлгэрэнгүй тайлагнасан байгаа юм.
В.Митрохиний задруулсан баримтын хавсралтаас үзэхэд КГБ Их Британид 200 гаруй хүнтэй хамтран ажилладаг байсан нь тодорхой харагдана. Тэд 1970-аад оны үед Польшийн кардинал Войтыла, Пап лам Хоёрдугаар Ион Павел нарыг сургааль номлол, уулзалтынх нь үеэр хэрхэн тагнадаг байсан тухай ч КГБ-ын нууц баримтат өгүүлжээ. Европын орнуудад байрлах нууц, зэвсгийн агуулахуудын жагсаалт, байрлалыг нь заасан газрын зургийг хүртэл маш нарийн гаргасан байгаа юм.
АНУ-ын ТЕГ-ийн ажилтан байсан Филип Эйжитэй холбоо барьж, КГБ-ын зүгээс тусгай даалгавар өгдөг байсан байна. КГБ-ын даргаар 1960-1970-аад оны үед ажиллаж байсан Юрий Андропов өөрийн шууд тушаалын хүн болох Ф.Эйжигээс дамжуулан Рампартс сэтгүүлд Вьетнамын дайны эсрэг сурталчилгаа, Че Геварагийн өдрийн тэмдэглэл зэргийг хэвлүүлжээ. Түүнчлэн Ю.Андропов нь 1968 онд болон Прагын хавар хэмээх үйл явдлын гол оролцон тоглогч аж. Митрохины дэлгэсэн баримтууд дотор олон тооны хэвлэлийн ажилтнуудыг хөнөөх тушаалын тухай ч дурдаастай бий. Ю.Андроповын тушаалаар КГБ Прогресс хэмээх ажиллагааг явуулж, туршлагатай тагнуул нэрийн дор сонин хэвлэлд ажилладаг 15 хүнийг хөнөөх жагсаалтыг гаргаж байсан нь үнэн юм байна.
Кембрижийн их сургуулийн Черчиллийн архивын газрын түүхч хожмоо МI5 гэж алдаршсан тагнуулч болсон тухай баримт бас бий. Гэхдээ хамгийн сонирхолтой нь нэр нь үл мэдэгдэх тэр этгээд анхлан Зөвлөлтийн талын тагнуул, мэдээ дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байв. Тухайн үедээ Москватай хамгийн их зөрчилдөж байсан АНУ-ын ХМТ-ныхны мэдээлж буйгаар Митрохины дэлгэсэн материалууд нь Зөвлөлтийн тагнуулын ажиллагаа, КГБ-ын дотоод үйл ажиллагаатай холбоотой хамгийн үнэн зөв, найдвартай эх сурвалж хэмээн тодорхойлсон байдаг юм.
time.mn
URL: