Шагчдын үйлдэл хэрээс хэтэрч, наадмын тасалбарыг 80 мянган төгрөгт хүргэв
Маргааш үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол болно. Дээл гоёлоо хэдийнэ зэхсэн наадамчид нээлтийн ёслолыг тэсч ядан хүлээж байгаа.
Гэтэл энэхүү хүлээлтийг “Наадмын нээлтийн тасалбар олдохгүй байна” гэх ганцхан өгүүлбэр харлуулж орхих нь. Энэ жилийн хувьд наадмын нээлт үзэх тасалбарыг долоодугаар сарын 6-наас эхлэн 7, 8-нд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхэлсэн. Тасалбарын багцын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 000, 20 000, 24 000 төгрөгийн ханштай байв.
Тэгвэл наадмын тасалбар худалдан авах гэсэн наадамчид шөнө дөлөөр ирж дугаарлан авч чадахгүй байгаагаа бухимдан ярьцгааж, энэ талаар цахим ертөнцөд ч нэлээд хэл ам болов. Билетийн кассууд нэг хүнд хоёроос дээш тасалбар зарахгүй гэж бас иргэдийг бухимдуулаад авав. Үнэндээ бодит байдалд билетийн кассаар харьцангуй цөөн хүн үйлчлүүлсэн ч тасалбар дууссан гэх хариулт олонтаа сонсов. Гэвч үнэн хэрэгтээ наадмын тасалбар аль хэдийнэ дамлагчдын гарт орж, нийгмийн сүлжээгээр зараа тавиад амжсан байна.
Энгийн иргэндээ хоёроос дээш тасалбар зардаггүй билетийн кассныхан шагчдад яагаад тасалбарыг тийм олноор зарчихдагийг иргэд ойлгохгүй байгаагаа ч хэлж байсан. Тиймдээ ч иргэдийн дунд билетийн кассынхан шагчидтай хамтарч ажиллаж байна гэх хардлага бий. Ямартай ч үр хүүхдээ дагуулаад наадмаа үзчих хүсэлтэй иргэдэд олдохгүй байгаа тасалбарыг шагчид хэдийнэ 40-80 төгрөгт хүргээд авчээ. Уг нь наадмын нээлтийн тасалбар Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 000, 20 000, 24 000 төгрөгөөр худалдаалагдсаныг дээр дурдсан. Гэтэл шагчид тасалбарын үнийг 2-3 дахин нугалж зарж байгаа аж. Мэдээж хэдэн хүн амьдрах гэж ядарч явна гэж өмөөрөх нэгэн байгаа ч 80 мянган төгрөгөөр наадмын тасалбар худалдаж авч, гоёлоо бэлтгээд, тухайн өдөр хүссэнээрээ хуушуураа авч идэх иргэн өнөөдөр хэд бий гэлээ гэдгийг бодолцох хэрэгтэй.
Наадмын тасалбартай холбоотойгоор хүмүүс “Манай Төв цэнгэлдэх хүрээлэн хэтэрхий жижиг байна. Шинээр 50 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих цаг болжээ” гэх зэргээр санал шүүмжлэл өрнүүлжээ. Хэдийгээр шинэ цэнгэлдэх хүрээлэн барих цаг болсон нь үнэн ч нэн тэргүүнд шагчдын асуудлыг шийдэх цаг болсон гэмээр. Учир нь шагчид зөвхөн наадмын нээлтийн тасалбар шаглаад зогссонгүй Хүй долоон худагт хурдан морины уралдаан үзэх зөвшөөрлийг ч дамлан худалдаалж байна. Өчигдрийн байдлаар Хүй долоон худагт машинаа байрлуулах нэг зөвшөөрлийг 40 мянган төгрөгөөр санал болгож байв.
Ийнхүү нэг хэсэг нь наадам үзэхийн тулд хонон өнжин тасалбар авахаар дугаарлаж байхад нөгөө хэсэг нь худалдаанд гарсан хэдэн тасалбарыг нь авч хав дарчихаад амандаа багтсан үнээ хэлж суух юм. Ер нь шагчдын үйлдэл хэрээс хэтэрч байгааг уран бүтээлчид ч хэлдэг. Ялангуяа хошин урлагийнхан шагчидтай холбоотой гомдлыг нэлээд тавьдаг. Учир нь үзэгчдэд уран бүтээлээ хүргэх гэхээр тасалбар дууссан байна гэх гомдол их ирдэг аж. Гэтэл үнэн хэрэгтээ тасалбар дууссан биш мөнөөх л шагчид хэдийн аваад хав дарчихсан байдаг байна. Тэд нэг тоглолтоо 8-10 мянган төгрөгөөр тоглодог хэдий ч шагчид тасалбарыг 20-30 мянган төгрөгөөр худалдаалдаг гэнэ. Биднийг наадмын тасалбар авахаар Соёлын төв өргөөний кассыг зорих үед “Наадмын билет зарна” гэсэн хүмүүс үүгээр түүгээр гүйлдэх бөгөөд тэдний хувьд тухайн худалдан авагчийн хүссэн тоогоор тасалбар зарах бодолтой байгаагаа ч хэлж байсан.
Ийнхүү монгол үндэсний эрийн гурван наадмаа үзэх хүсэлтэй иргэдийн итгэл шагчдын өмнө мохож, санаа алдан ирэх жилийн наадмыг хүлээх эсвэл сэтгэлээ хуурч, Төв цэнгэлдэхийг хэд тойрон хуушуур авч идэхээр хэмжигдэж байна. Гэтэл мөнөөх Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна дэлгэц ч байдаггүйгээс наадамчид ёстой наадмын хуушуур идээд л буцдаг гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр цааш цаашдаа Баяр наадам зохион байгуулах комиссынхон үүнд анхаарч, ялангуяа наадмын тасалбарыг шагчдын гарт очуулахгүй байхад арга хэмжээ авч ажиллана гэж найдъя.
Б.МӨНХЖИН
Эх сурвалж: www.info.mn
URL: