Фукушимагийн хайлсан түлшийг Монголд булшлах талаар ярилцжээ.

Осолд нэрвэгдсэн АЦС-уудаас цацраг идэвх бодис асар ихээр алдагдаж, Япон орны хувь заяа дэлхий нийтийг түгшээж буй энэ өдрүүдэд Японы сэтгүүлч Ёичи Шимацугийн бичсэн чухал нийтлэлийг Монголчууддаа хүргэж байна. Шимацугийн нийтлэлийг Глобалчлал Судлалын Төв (The Centre for Research on Globalisation) хэмээх Канадын Монтреальд байрладаг бие даасан судалгаа шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагын вебсайт дээр тавьсаныг орчуулан хүргэхийн дашрамд нийтлэлийг улам ойлгомжтой болгохын үүднээс цөөн хэдэн зүйлийг сануулахыг хүссэн билээ.

Цөмийн хаягдал гэж юу вэ?
Цөмийн түлш болох ураныг олборлох, үйлдвэрлэх, ашиглах, дахин боловсруулах явцад гарч буй цацраг идэвхтэй хаягдал. Дотор нь харьцангүй бага цацрагтай (жишээлбэл, уран олборлолтын явцын хаягдал, эсвэл үйлдвэрлэл ашиглалтын үеэд өмссөн хувцас, тоног төхөөрөмж г.м.) болон цацраг идэвжил өндөртэй (цөмийн хаягдал түлш) гэж 2 хуваадаг.

Цөмийн хаягдал түлш гэж юу вэ?
Ураны түлшээр цөмийн реакторт эрчим хүч үйлдвэрлэхэд тус түлшин дэх ураны 10 хүрэхгүй хувийг ашигладаг. Үлдсэн 90 гаруй хувь ураныг агуулсан түлшийг цөмийн хаягдал түлш гэдэг бөгөөд урвалд орж асар иx цацраг идэвхжилтэй болсон тул агшны дотор үхлийн тунгаар хор ялгаруулдаг аниргүй алуурчин болсон байдаг.

Xaягдал түлш бол цөмийн түлшний олборлолт, үйлдвэрлэл, ашиглалтын явцад гарч буй хог хаягдлаас ХАМГИЙН ХОРТОЙ нь. Тухайлбал, эрчим хүч үйлдвэрлэхэд ашигласны дараагаар 10 жил хадгалсан нэг багц савханцар түлшнээс 1 метрийн зайтай зогсоход цагт 20,000 ремийн цацрагийн хордлого авдаг. Жишээ болгож хэлэхэд 25 ремээс дээш цацрагийн тун хүний эрүүл мэндэд халтай, 600-с дээш бол амь насанд аюултай, 5000 ремийн цацрагийн тун хүртсэн бол газар дээрээ өвчилж, долоо хоногийн дотор амь алддаг.

Цөмийн хаягдал түлш хэр удаж байж аюулгүй болох вэ?
Хаягдал түлшин дэх дийлэнх элементүүд нь 6 мянга 800-аас 24 мянган жил болж байж хагас задардаг, асар урт настай цацраг идэвхт элементүүд байдаг. Плутоний-239 гэхэд л хагас задралын үе нь ойролцоогоор 24 мянган жил. Энэ нь 24 мянган жил өнгөрч байж плутонийн цацраг идэвхжил 50 хувиар буурна гэсэн үг. Харин плутонийн бүрмөсөн задарч цэвэрших хугацаа нь дээрх хугацаанаас  дор хаяж 10 дахин урт ажээ. Өөрөөр хэлбэл, айх аюулгүй болтол нь нь хүлээе гэвэл наанадаж 240 мянган жил шаардагдах юм байна.

Цөмийн хаягдлыг хэрхэн хадгалдаг вэ?
Цөмийн хаягдал хадгалах арга нь дотроо түр хугацааны ба урт хугацааны (буюу хугацаагүй) хадгалах гэж ангилагдана. Түр хугацааны хадгалалт— дийлэнх орнууд хаягдал савханцарыг гурваас таван жил усан санд хөргөсний дараагаар реактороос гадагш зөөж, тусгай торх саванд байршуулдаг. Энэ нь 60 см бетонон ханатай, дотроо тусгай ган төмөр доторлогоотой 6 метр орчмын өндөртэй 180 тонн жинтэй сав байдаг.бараг метр зузаан бетонон торхонд хийж гадаа хадгалахыг хэлдэг. Энэ нь чухамдаа урт хугацаагаар хадгалах газрыг бэлэн болтол түр хадгалж байгаа юм. АНУ-д гэхэд Якка уулын байгууламжийг барихыг хүлээж ийнхүү хадгалсан торхууд зарим нь 40-өөд жил болж байгаа ажээ.


Урт хугацааны хадгалалт нь газрыг хэдэн зуун метрээр тусгайлан ухаж хадгалахыг хэлдэг ба дор хаяж 100 мянган жилийн  баталгаатай барих шаардлага тавьдаг тул үнэндээ хугацаагүй хадгалах гэж ойлгож болно. Тухайлбал, АНУ-ын Якка ууланд барьж байсан байгууламжид ашиглахаар төлөвлөж байсан торхонцоруудад 100 мянган жилдээ зэвэрч цоорохгүй, цацраг бодис  нэвчихгүй гэсэн баталгаа өгөхийг шаардаж байсан. Ийм байгууламжийг барихад асар их хугацаа, бас мөнгө шаардагддаг. Якка уулын байгууламжид гэхэд 100 гаруй тэрбум ам. доллар шаардлагатай гэсэн тооцоо гарч байсан.

Цөмийн хаягдлыг булшилснаар бүрэн аюулгүй болох уу?
Цөмийн хаягдлыг булшлах байгууламж одоогоор манай дэлхийд байхгүй эхнийхийг нь Финляндын Ункалад барьж байна. Ер нь бол цөмийн хог хаягдлыг зүгээр нэг газарт булаад мартчихаж болохгүй, байнгын хянаж шалгаж байх шаардлагатай. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн түүхээс үзэхэд хэдэн мянган жилээр байтугай 30 жилийн туршид хог хаягдлаа чандлан харж хандах хэцүү гэдэг нь батлагдаад байна.
Одоогоор цацраг идэвх багатай цөмийн хаягдлыг Герман зэрэг орнууд тусгай байгууламж барилгүйгээр газрын гүнд булшилж үзэж байсан. Гэвч Германы давсны хуучин уурхайд 1970 оноос хойш цацраг бодис  хадгалж байсан торх зэвэрч цоороод цөмийн хаягдал гадагш нэвчсэн ноцтой явдал 2008 онд болж дэлхий нийтийн анхаарлыг татсан. Урьд өмнө нь ийм асуудалтай хэзээ ч тулгарч байгаагүй тул Германчууд хэрхэхээ мэдэхгүй байна. Угтаа бол давсны уурхай руу орж, задран гоожсон торхыг солих шаардалагатай ч чухам хэрхэн хийх аргаа Германчууд олохгүй байгаа ажээ.

Мөн энэ талаар golomt.org дээрх “Цөмийн xаягдал” цуврал нийтлэлээс дэлгэрэнгүй уншиж болно.
Ингээд сэтгүүлч Ёичи Шимацугийн бичсэн нийтлэлийг та бүхэнд танилцуулья.  Тэрбээр урьд нь Japan Times Weekly сонины редактороос ажиллаж байсан бөгөөд одоо Хонконгт амьдарч, байгаль орчны сэдвээр бичихийн зэрэгцээ Хятадын 4th Media сонины ерөнхий редактороор ажилладаг ажээ.

Фукушимагийн цөмийн түлшний хаягдлыг хаана хаях вэ?
Эх сурвалж: http://www.globalresearch.ca/index.php?context=va&aid=25064

Фукушима-1 АЦС-ыг хаах явдал хойшилсон нь чухамдаа “Ураны хаягдал түлшээ хаана далд оруулах вэ?” гэдэг ганц асуудлаас болжээ. Тэдгээр хаягдал түлшний савханцаруудын дийлэнхи нь асар өндөр цацраг идэвхжилттэй, хэсэгчлэн хайлсан бөгөөд зарим нь үхлийн аюултай плутоний бодис агуулж байна.
Фукушимагийн станцыг бүхэлд нь бетоноор хучиж бунхлахын тулд эхлээд 6 реакторын дотор буй цөмийн задрагч түлш, мөн 7 тонн гаруй хаягдал түлшний савханцарыг хугацаагүй булшлах байгууламж руу зөөх шаардлагатай ажээ. Япончууд цөмийн хаягдал хадгалах байгууламжуудаа Хонсю арлын зүүн өмнөд хэсэгт аюулгүйн шаардлага хангахгүй газар барьсаны уршгаар цөмийн түлшний хаягдлаа нутагтаа хадгалах боломжгүй болсон байна. Роккашо суурингийн ойролцоох цөмийн хаягдал дахин боловсруулах байгууламж болон Муцу мужийн цөмийн хаягдлын агуулахыг намгархаг хөрсөн дээр барьсан тул явцын дунд жигд бус суулт өгч, шал нь цуурч хагарчээ.

Хаягдал түлшний савханцарыг Фукушима -1 станцын реакторууд дотор хэвээр нь үлдээж булшлаваас тун осолтой гэнэ. Учир нь тусгайлан хөргөх усан сан бүхий цөмийн реакторуудыг гаднаас нь хамгаалалтын давхар бетоноор бүрж хучихад туйлын хүнд болох тул дээрээс нь хаягдал савханцарын жин нэмэгдвэл барилгын суурийн даац хэтрэх аюултай юм байна. Цацраг идэвхжил арай багатай хаягдал түлшийг тусгай зориулалтын цементэн торхонд хийж, сэрүүн, хуурай нөхцөлд хадгалж болно. Харин Тохоку орчимд ойр ойрхон газар хүчтэй хөдөлдөг тул байшин барилгын суурь яваандаа эвдрэн цуурч, улмаар цацраг идэвхт хаягдал ус Номхон Далай руу цутгах ба түүнийг зогсоох боломжгүй. Тиймээс цацраг идэвхт хаягдлыг Японоос гадагш нь тээвэрлэхээс өөр аргагүй болжээ.

Америкчуудын хууралт

Япончууд Цөмийн Зэвсгийг Үл Дэлгэрүүлэх тухай гэрээнд 1970 онд гарын үсэг зурж нэгджээ. Тус гэрээнд Японы реакторуудаас гарсан цөмийн хаягдал түлшийг АНУ руу тээвэрлэж, тэнд нь  хадгалах буюу дахин боловсруулна хэмээн Вашингтоны эрх мэдэлтнүүд хуульчилж заасан нь цөмийн хаягдлыг дахин боловсруулж, атомын бөмбөг үйлдвэрлэхээс сэргийлэх зорилготой байв. Харамсалтай нь Лас Вегасаас холгүй орших Якка ууланд цөмийн хаягдлын агуулах байгуулах Америкчуудын төлөвлөгөөг олон нийт хүчтэй эсэргүүцсэн тул Вашингтон гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрчээ.

Саяхан Обамагийн засаг захиргаанаас зохион байгуулсан шинжээчдийн уулзалтаар АНУ даяар тархан байрласан цөмийн хаягдал агуулах байгууламжуудын сүлжээг барьж байгуулах нь зүйтэй гэсэн маргаантай санал дэвшүүлжээ. Тус саналыг удахгүй болох сонгуулийн сурталчилгааны үеэр цөмийн эрчим хүч ашиглахыг эсэргүүцэгчид хурцаар шүүмжлэх нь тодорхой. Өнөөг хүртэл АНУ-д 60 мянган тонн гаруй цөмийн хаягдал түлш хуримтлагдсан гэсэн тооцоо байдаг ба үүнд цэргийн болон эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг реакторуудын хаягдал ороогүй гэнэ. Тиймээс Невада мужид цөмийн хаягдлын байгууламж байгууллаа ч тэнд Фукушимагийн хаягдал түлшний савханцарыг багтаах зай үлдэхгүй бололтой.

Ази тивийн зүг
Токиогийн Эрчим Хүчний компани (товчилсон нэр нь Тепко) цөмийн түлшний хаягдлыг далд оруулахад зориулан 1 их наяд иен (12 тэрбум ам. доллар) зарцуулахаар төсөвлөжээ. Улмаар Францын цөмийн салбарт монополь эрх тогтоосон Арева компани Тепкотой хамтран цөмийн хаягдлыг хадгалах боломжтой улс орнуудыг судалж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Тепко-Аревагийн хамтарсан багийнхан Казахстан, Хятад, Монгол гэсэн Азийн гурван улстай сэмхэн холбогдож, “цөмийн хаягдлыг дахин боловсруулах төв” байгуулах талаар ярилцсан гэнэ. Үүний учрыг тайлбарлавал, цөмийн хог хаягдлыг булж, далд оруулах хогийн цэг гэж шулуухан хэлэхээсээ цэрвэсэндээ “дахин боловсруулах төв” хэмээн арай зөөлөн нэр томьёо хэрэглэж байгаа нь тэр юмсанжээ.

Цөмийн асуудалтай холбоотой нууц мэдээллээ ард иргэддээ бүү хэл томоохон албаны хүмүүстээ ч ажиг авахуулалгүй хав дарж чаддаг Бээжингийн ур чадварыг биширсэн Япончууд дээрх гурвын дотроос Хятадыг илүү сонирхож  байв. Японы сансрын хяналтын байгууллагаас Хятадын цөмийн эрчим хүчний байгууламжуудыг 24 цагийн туршид сансраас хянаж, цацраг туяа алдагдсан тохиолдол бүрийг нарийвчлан бүртгэдэг юм байна. Бээжин иймэрхүү мэдээллийг ард түмнээсээ нуудаг болохоор Хятадын эрх баригчидтай хэлэлцээр хийхдээ найдвартай хөшүүрэгтэй болсон гэж Япончууд итгэж байв.

Анхандаа ч Хятадын цөмийн эрчим хүчний салбарын эрх мэдэлтнүүд багц багцаар иен авах дуртай байжээ. Гэвч Хятад орныг нэлэнхүйд нь нөмөрсөн давсны солиорол тэдний хэлэлцээрт саад хийсэн юм. Фукушимагийн ослоор АЦС-ын цөмийн түлш хайлснаас хойш ганц хоёрхон долоо хоног өнгөрөхөд иоджуулсан давс хэрэглэвэл цацраг туяанаас үүсэлтэй бамбайн хорт хавдраас сэргийлж чадна гэсэн цуу ярианд итгэсэн Хятадын хэдэн сая иргэд хүнсний дэлгүүрүүдийн тавиурыг хоосолжээ.

Сүүнд нь меламин, гахайн маханд нь өсөлтийн гормон, хүнсний ногоонд нь пестицид, загасанд нь антибиотик, саяхнаас тариалангийн газарт нь цацраг идэвхт бодис илэрсэн болохоор эрүүл мэндэд нь шинэ төрлийн аюул заналхийлж байна гэсэн цуурхалд автсан Хятадын ард түмнийг үнэндээ буруутгах арга алга.
Хэрэв Хятадууд нутаг дэвсгэр дээрээ цөмийн хаягдал булшлахыг зөвшөөрвөл хорт хаягдaл ачсан ачааны тэрэгнүүд Тяньжин эсвэл Нинбо мэтийн хүн ам шигүү суурьшсан далайн боомтын хотуудаар харанхyй шөнөөр сүлжилдэх болно.

Хичнээн хичээсэн ч тэдгээрт ачсан нууц ачаа нь орчин үеийн боловсронгүй гар утас барьдаг ард иргэдийн хурц хараанаас мултарч дөнгөхгүй нь ойлгомжтой. Улмаар цөмийн хог шаарыг Хятадын баруун хязгаарт булшлахаар тээвэрлэх замд орших хот суурин, тосгодын асар олон ард иргэдийн дунд дүрвэн зайлах хөдөлгөөн өрнөх нь гарцаагүй. Ингэж  жирийн Хятад иргэдийн зүрхэнд хурсан айдас хүйдэс хялбар аргаар хармаагаа түнтийлгэх гэсэн эрх баригчдын бузар төлөвлөгөөг бүтэлгүйтүүлжээ.

Аж үйлдвэрлэлийн нөхөн сэргээх зарчим
Гадны улс оронд цөмийн хаягдал хадгалуулах тухай бодмогц хүн ам сийрэгтэй, Японд ураны хүдэр нийлүүлэгчид, нэн ялангуяа Австрали болон Канад санаанд орж ирэх нь мэдээж. Уран экспорлогч гэдэг үүднээсээ Канберра болон Оттава нь аж үйлдвэрлэлийн нөхөн сэргээх зарчмын дагуу цөмийн хаягдлыг хадгалах эцсийн хариуцлагыг хүлээx юм байна.

Аж үйлдвэрлэлийн нөхөн сэргээх журам нь цахилгаан бараа, гэр ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарт эртнээс хэрэгжиж заншжээ. Хэрэглэхээ больсон хуучин зурагт, компьютер, хөргөгчийг эргүүлэн авч дахин боловсруулж, устгахыг үйлдвэрлэгчээс нь шаарддaг улс орнуудын тоо улам бүр нэмэгдсээр байгаа ажээ.
Энэ зарчмын дагуу Рио Тинто болон CAMECO мэтийн уран олборлогч аварга том компаниудаас ядуурсан уранаа эргүүлэн авахыг шаардаж болно.

Ингэвэл цөмийн хаягдал хадгалах зардлыг ураны хүдрийн экспoртын үнэд шингээх болно. Энэхүү нэмүү өртөг нь цахилгаан үйлдвэрлэх компаниудаар дамжин эцсийн бүлэгт эрчим хүчний үнийн өсөлт маягаар хэрэглэгчид мэдрэгдэх нь ойлгомжтой. Хэрэв ураны зах зээлийн үнэ бусад түлшний үнээс илүү өндөр байх аваас цөмийн эрчим хүч үйлдвэрлэлт нь уурын хөдөлгүүрийн араас орж хэрэглээнээс гарах нь ойлгомжтой.

Фукушимагийн хаягдлыг Канад, Австрали руу тээвэрлэвэл “манай гадаа л биш бол яасан ч яахав” (“not in my backyard”) гэсэн явцуу үзэлтэй хүмүүс асар олноороо эсэргүүцэн жагсах нь тодорхой тул оппортунист үзэлтэй Канад, Австралийн улс төрчид ядуурсан уранаа буцааж авахыг зөвшөөрөхгүй л болов уу. Токиогийн хувьд тэдгээр улс төрчдийг чимээгүйхэн  ятгах цорын ганц арга бол өмнө нь Японы ашиг сонирхлыг хамгаалан уран олборлохыг дэмжиж байсан авилга авсан парламентын гишүүдийн нэрсийг интернетээр цацна хэмээн сүрдүүлэх явдал бололтой.

Цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашиг
Энэ бүгдээс үүдэн тунгааж үзвэл цөмийн хаягдлыг хугацаагүй хадгалах өртөг зардлыг нэмж тооцсон нөхцөлд цөмийн эрчим хүч нь нар, ус , салхи, далайн давалгаа мэтийн нөхөн сэргээгдэх эх сурвалжид хийж буй хөрөнгө оруулалттай өрсөлдөж чадах уу гэдэг асуулт гарч ирж  байна. Нөхөн сэргээгдэх эрчим хүчнээс ийм хаягдал үүсдэггүй болохоор дийлж гарах шинжтэй. Байгалийн хийгээр баялаг улс орнуудын тухайд бол байгалийн хийг гүйцэх хямд эрчим хүчний эх сурвалж гэж одоохондоо л лав алга. Сэм татаас гэж байдаггүй чөлөөт зах зээлийн нөхцөлд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлд ирээдүй харагдахгүй байна.

Цөмийн хаягдлыг хадгалах, бунхлах явдлыг үйлдвэрлэлийн чухал асуудал хэмээн нухацтай авч үзэж байгаагүй нь Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагийн гаргасан мэргэжлийн алдаа юм. АНУ-ын хаягдал түлшний савханцарын тоо хэмжээ ба АЦС-ын дотор реакторт буй түлшний харьцаанд баримжаалан тооцож үзвээс, манай гариг дээрх цэргийн бус зориулалттай 453 АЦС-уудад 200 мянган тонн өндөр идэвхжил бүхий цөмийн хаягдал агуулагдаж байна гэсэн дүгнэлт гарч байна. Тэгсэн мөртлөө цөмийн хаягдлыг хугацаагүй хадгалах агуулах байгууламж огт байхгүй ажээ.

Бид Фукушима-1 станцын мyхaрдлаас сургамж авч,  цаашид эдийн засгийн үр ашиг, технологийн боломж бололцооны асуудлыг анзаарахгүй, ойшоохгүй орхигдуулсаар явж болохгүй нь. Үнэлгээний байгууллагууд Тeпко компаний өр зээл 90 тэрбум ам. долларaac давсан хэмээн мэдээлж байгаагаас үзвэл цаашид тус компани нь Кашивазаки хотын АЦС болон Фукушима-2 АЦС-ын хаягдал түлшийг гадагшлуулж хадгалах төлбөр зардлыг төлж дийлэхээргүй болжээ. Японы засгийн газрын өр шир ч мөн ижил, ДНБ-ний хэмжээнээс 200 хувиар давжээ.  Эдний аль аль нь цаашид нэмэгдэх цөмийн эрчим хүчний өртөг зардлыг  төлж дийлэхгүй болсон нь тодорхой.

Тепко компани болон Японы засгийн газраас цөмийн хаягдлыг хадгалах, булшлах зардлыг дийлэхгүй болсон тохиолдолд хариуцлага нь түлш бэлтгэн нийлүүлэгч, түнш компаниуд болох Женерал Электрикс, Тошиба, Хитачи, Кажима Констракшн болон ялангуяа уран нийлүүлэгч САМЕСО болон Рио Тинто компаниуд, мөн Канад, Австралийн засгийн газрын нуруун дээр ирнэ гэсэн үг. Капиталист нийгэмд ч, иргэний хуулинд ч байдаг нэг үндсэн зарчим бол ямар ч тохиолдолд төлбөрийг хэн нэгнээр төлүүлж чаддагт оршдог.

Эцсийн зогсоол
Австрали, Канадын аль аль нь цaцраг идэвхт хаягдлыг буцааж авахаар яаравчлахгүй байгаа энэ нөхцөлд Япон болон түүний гэрээт түнш АНУ хоёрт цөмийн хаягдлаас хурдхан салах ганцхан зам үлдсэн нь МОНГОЛ УЛС.
Нэгэнт Улаанбаатар бусдад нүүрс, зэсээ ил аргаар олборлуулж, асар уудам газар нутгаа химийн хороор хордуулахыг зөвшөөрдөг юм чинь харийн хайлчихсан цөмийн түлшний хаягдал авахад дургүйцэх юу байх вэ? 2010 онд Монголын ДНБ-ний хэмжээ 5.8 тэрбум ам. доллар хүрч,  дэлхийн улс орнуудын дунд 136-д жагсчээ. Тэгэхээр Монголчуудын хувьд газраа дахиж ганц нүхлүүлчихээд төлбөрт нь 12 тэрбум ам. доллар авна гэдэг бол санаанд багтамгүй их мөнгө.

Харин цөмийн хаягдал ачсан цуваа Оросын Алс Дорнодыг дамжин өнгөрөх учраас төсөвлөсөн мөнгө Монголчуудад бүтнээрээ хүрэх нь юу л бол. Эрүүл мэнддээ онцгой анхаардаг Хятадуудыг бодвол Находка болон Владивостокийн оршин суугчид цацраг идэвхт бодис, архи хоёроор чөлөөтэй наадаж сурсан хүмүүс билээ.

Оросын зам тээврийг aтгадаг мафийнхан асар их мөнгө нэхсэн ч Монголын 3 сая хүнд тус бүрт нь 2 мянган ам. доллар буюу жилийн дундаж орлогоос нь давж гарахуйц мөнгө хүртээвэл тэд хөлөө олохгүй баярлаж таарна. Мэдээж цөмийн хаягдлын цэгээ байгуулчихаад үлдсэн мөнгийг нь тэдэнд тэгш хувааж олговол шүү дээ.

Гэвч жинхэнэ бодит байдал дээр төлбөрийн мөнгө цөмийн хаягдлыг булшлах байгууламжийн засвар үйлчилгээний санд орох ёстой тул Монголчууд сохор зоос ч олж үзэхгүй. Үнэндээ 12 тэрбум ам. долларыг ураны хагас задралын хугацаа болох 700 сая жилд хувааж үзвэл жилийн түрээсэнд ердөө 17 ам. доллар төлж буйтай тэнцэх аж. Энэ мөнгөөр хөргөөх төхөөрөмж авах нь байтугай манаач нохойныхоо хоолыг авч хүрэхгүй. За тэгээд тоолж суух хүн ч үлдэхгүй дээ–үраны урвал задрал явагдаж аюулгүй болох үед дэлхий дээр хүн амьдарч байсныг ул мөр гэх  чулуужсан олдвор л үлдэх болов уу даа.

Монголд хоосон хуурмаг, харалган бодолтой шунахай сэтгэлтнүүд ялан дийлэх нь тодорхой. Харин үлдсэн бид ёс суртахууны хариуцлага хүлээх үү? Дэлхийн олон нийт цөмийн хог шаараа хонины чанасан мах, гүүний айраг, Чингис хааны өлгий нутаг болсон эртний соёл иргэншилт улсад аваачиж хаясандаа гэмших болов уу?

Уран гоё үгээр залилан ятгaж, бохир хэргээ бүтээхээр Улаанбаатарт яваа Токио, Вашингтоны буруугаа гэмшигч дипломатууд аа, бусдыг няцаах үг чинь энэ байна: Монголын үндэсний баатар Их эзэн Чингис Хаан нулимс дуслуулж, буруугаа гэмшиж явсан удаатай юу? Сэтгэлдээ ихийг бодож битүү шаналаад юу хийх вэ.  Шийдвэр та бүгдийн гарт байна.

Амарлин
Эх сурвалж: “golomt.org”


URL:

Сэтгэгдэл бичих