Хатдын өлгий нутаг Баян-Адарга

143346-09072014-1404871969-1215669754-hatadЭзэн богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймаг бичиж үл барагдам их түүхийн өлгий нутаг. Энэ ч үүднээс тус нутгийг зорьж, хөвөрсөн их түүхийн багахан хэсэгтэй танилцах нэгэн байхад, тус нутгийн уул, ус, ургамал, хүн зон гэх мэт түүхэн холбогдолтой бүхнийг судлах эрдэмтэн судлаачид бий. Энэ дагуу судалгааны үр дүнгээ олонд танилцуулж, түүхийн хуудсыг нэмдэг. Яг үүний нэгэн адил түүхийн хуудсанд шинээр, тодоор үлдэх үйл ажиллагаа энэ сарын 7-нд боллоо.

Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд “Монгол хатдын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг” эрдэм шинжилгээний хурал болсон юм. Уг хурлыг Ерөнхийлөгчийн зөвлөх М.Хүдэрбаатар санаачилж, “Монгол хатан судлал” ТББ, “Монголын саран ээж” нийгэмлэг, Богд хааны ордон музей болон Баян-Адарга сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, тус сумын Засаг даргын тамгын газар хамтран зохион байгууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний хурал болсон тус сум нь хатдын өлгий нутаг гэдгээрээ алдартай. Өөрөөр хэлбэл, тус суманд Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд наймдугаар Жавзандамба хутагтын хоёр хатан мэндэлж байжээ.

Өөрөөр хэлбэл, тус суманд Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд наймдугаар Жавзандамба хутагтын хоёр хатан мэндэлж байжээ.

Эх дагина Дондогдулам болон Наваанлувсангийн Гэнэнпил нар Шашин төрийг хослон өрнүүлэгч эх дагина байсныг түүх өгүүлдэг. Энэ ч утгаараа тус суманд Монгол хатдын өргөөг барьж байгуулсан байна. Монгол хатдын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг” эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ардын жүжигчин Н.Сувд болон Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн, доктор професорууд оролцож, илтгэл тавьсан юм. Тухайлбал, “Монгол хатдын төрд гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр МУИС-ийн Улаанбаатар сургуулийн дэд захирал С.Цолмон илтгэл тавьсан. Үүнээс гадна “Монгол хатдын түүхэнд холбогдох баримт”, “Язгуурын гурван хатны амьдрал онон мөрөнтэй холбогдох нь”, Өүлэн хатны амьдралын тухай”, “Исламын ертөнцөд Монгол хатдын гүйцэтгэсэн үүрэг”, “Богд хааны ордон музейд хадгалагдаж буй Дондогдулам хатны холбогдолтой үзмэр”-ийн талаар сонирхолтой илтгэлийг олонд сонирхууллаа. Баян-Адрага суманд талаар товч түүх дурьдахад, Хүннүгийн язгууртны 198 булш, Буурлын агуй, Чингисийн Хэрмэн зам, Чингис Жамухын Хүйтний хөндийн их тулааны гэрэлт хөшөө, Монгол Хатдын хүндэтгэлийн өргөө, Божирын энгэрийн хүн чулуу зэрэг түүх соёлын дурсгалт газар олон бий.

Төрийн цэцэн билэгт их хатдын өлгий нутаг Халхын Сэцэн Хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу нь 1680-аад оны үед бүрэлдэн тогтносон бөгөөд Хамаг Монголын Ханлиг-Чингис газар хэмээн түүхийн сурвалж бичиг судлаачдын бүтээлүүдэд тэмдэглэгдсээр ирсэн байна. Түүх хөвөрсөөр 1923 онд Ардын засгийн газрын 38, 43-р тоот, мөн онд батлагдсан нутгийн захиргааг шинэчлэн байгуулахад Хөвчийн Жонон вангийн хошууг Биндэрьяа Хан уулын хошуу хэмээн нэрлэж, арван сумаар зохион байгуулж, хошууны зүүн урд орших Шуусын голын хөвөөнд Баян-Өлзийт сумыг анх байгуулсан нь одоогийн Баян-Адрага сум юм. 1931 онд Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдсөнөөр Баян-Өлзийт сумыг Баянхонгор болгон өөрчилж, мөн 1933 онд иргэдийн санал хүсэлтийн дагуу Баянхонгор сумыг Баян-Адрага хэмээн нэрлэн улмаар 1959 онд одоогийн байгаа газраа төвлөрүүлсэн байна. Ингээд тус сумаас төрсөн хоёр хатны талаар танилцуулж байна.

Цэндийн Дондогдулам /1874-1923/

Эх дагина Дондогдулам нь Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин бөгөөд 1874 оны намрын сүүл сарын 15-нд төрсөн гэдэг. Учир нь энэ өдрийг Монголчууд эх дагинын түмэн өлзий гийсний баяр хэмээн мөргөл үйлдэж байжээ. Богд Жавзандамба хутагт Амарбаясгалантад залрах үед Дондогдулам Жонон ван Цогбадрахын хатны аягачаар явж байгаад Богд гэгээнтэй учирсан гэдэг. YIII Богд Жавзандамба энэ эмэгтэйтэй нууцаар ханилж байгаад 1902 онд гэрлэж Ачлалт ялгасан дагина, Эрх цагаан дарь цол өргөмжлүүлсэн байна. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад Богдын хатан Дондогдуламыг Улсын эх дагина хэмээн өргөмжлөн, улмаар “Шашин төрийг хослон өрнүүлэгч эх дагины тамга” гэсэн бичигтэй тамгыг өгч байжээ. Улсын эх дагина Дондогдулам 21 жил Богд хаантай ханилж байгаад 49 насандаа таалал төгсчээ.

Наваанлувсангийн Гэнэнпил /1905-1938/

Улсын эх дагина Дондогдуламыг таалал болсны дараа Хан төрийн долоон эрдэнийн нэгэн болох шинэ цагаан дарийг тодруулахад, Хөвчийн Жонон вангийн хошууны Наваанлувсангийн Гэнэнпил Богд хааны хатнаар өргөмжлөгдөж байжээ. Түүнийг ирээд удаагүй байхад Богд таалал төгсч, хатныг ачаа хөсгийн хамт нутаг буцааж байжээ. Хатнаар өргөмжлөгдөх үедээ Лувсандамба хэмээх бөх нөхөртэй байсан гэдэг. Тиймээс нутагтаа эргэж иргээд түүнтэй ханилж Доржханд, Цэрмаа, Гантөмөр хэмээх гурван хүүхэд төрүүлснээс дунд охин Цэрмаагийн охин Цэрэнханд болон түүний үр хүүхдүүд нь нутаг усандаа амьдарч байгаа юм байна. Гэнэнпил хатан нь хэлмэгдлийн үед Богд хаантай гэрлэж байсан гэдгээр баривчлагдан хэлмэгдсэн ажээ.

Э.Пагма

/Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих