Герман 7:1 Бразил: Герман машин төгс ажиллаж, талбайн эздийг бут ниргэв!
Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг Бразилын багийг талбайд нь 7:1-ийн харьцаатайгаар бут ниргэж, итгэл төгс шигшээ тоглолтонд шалгарлаа. Т.Кроос, А.Шюррле нар дубль хийж, Т.Мюллер, М.Клозе, С.Хедира нар тус бүр нэг гоолыг оруулжээ. М.Клозе ДАШТ-ий түүхэн дэх мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу амжилттай хоёр шигшээ багийн тулаанд Германы баг илт илүүрхэж, 7 минутын дотор оруулсан 4 гоол тоглолтын хувь заяаг шийдэн, 7:1-ээр өрсөлдөгч Бразилын багийг хожсноор шигшээд шалгарлаа.
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Дэлхий нийт Бразилын шигшээг ийм хол зөрүүгээр хожигдож, ийм гутамшигтайгаар ялагдал амсана гэж огтхон ч тооцоолоогүй, ийм явдалд бэлэн биш байлаа. Зөвхөн цэнгэлдэхэд цугларсан 70 мянган фанатаас гадна цэнхэр дэлгэцээрээ тоглолтыг шимтэн суусан хэдэн тэрбум фанатууд бүгд шоконд оров. Энэ бол Бело Хоризонтед болсон хядлага, бут ниргэлт, үнэмлэхүй ялалт байлаа.
Герман машин төгс мэт ажиллаж, минутаас минутанд, секундээс секундэд буюу довтолгооноос довтолгоон ирэх тусам улам аюултай мэт тоглолтыг үзүүлж байв. Тэд ДАШТ-ий хагас шигшээгийн түүхэн дэх хамгийн гайхалтай тоглолтуудын нэгийг үзүүлж, 7 гоол оруулсан анхны баг болсон нь энэ байв. Энэ үдшийн Германы багийн үзүүлсэн эрчтэй, хурдтай, гоолтой бөгөөд давамгай тоглолт олон зуун жилийн турш дуурсагдах нь лавтай.
Бразилын ард түмэн уйлж байв. 54 жилийн өмнө Маракана Уругвайд хожигдсны дараа чимээгүйхэн нулимсандаа живж байсан гэдэг шиг Бразил хэмээх том гүрэн тэр чигтээ гансарч байлаа. Эхний гоолын дараа сандралд орсон ард түмэн, 2, 3, 4, 5 дахь гоолоо ердөө 7 минутанд алдсан нь хүлээж авахад арай л хүнд байв. Тэдэнд бодит байдалтай эвлэрэхэд чамгүй цаг хэрэгтэй байлаа. Самбагийн хаад Герман машины өмнө сөхрөв. |
Талбайн төвд давуу байдлаа тогтоож, эзэгнэн тоглож байсан нь Германы багийн ялалтын гол шалтгаан байсан гээд хэлчихэд буруудахгүй. Сами Хедира- Тони Кроос- Бастиан Швайнштейгер нарын гурвал энэ өдөр эсрэг багийн Луйс Густаво болон Фернандиньо нарын хослолыг хөнгөхөн дийлж, санаачлагатай довтолгоонуудыг эхлүүлж байсан нь Бразилчуудад хэтэрхий хүндээр туслаа. Хамгаалалтын алдаа, байр эзлэлтийн асуудал байсан нь үнэн ч ийм том ялагдлын гол шалтгаан төвийн хагас хамгаалалтын байрлалд ялагдсан, гол тулгуураа алдсан нь байсан гээд хэлчихэд буруудахгүй. Дасгалжуулагч Луйс Фелипе Сколари ч тоглолтын эхнээс 2 төвийн хамгаалагчтай хувилбарыг сонгож, байрлалын өөрчлөлтөө хэтэрхий хожимдож буюу 2-р үе эхлээд хийсэн нь шүүмжлэл дагуулах нь тодорхой юм. Түүнийг Паулиньо, Рамирес нарыг талбай дээр гаргахад тооны харьцаа аль хэдийн 5:0 болчихсон байв.
Германы багийн довтолгооны шугам энэ өдөр үнэхээр гайхалтай байлаа. Хоорондын ойлголцол, бөмбөг дамжуулалтууд болон ойрын пассууд нь энэ өдрийн чимэг байлаа. Германы багийн төвийн хагас хамгаалалт гайхалтай байснаас гадна Т.Мюллер, М.Өзил, М.Клозе нар ч Силвагүй Бразилын багийн хамгаалалтыг амархан гэгч нь сэтэлж байв. Германчууд хүн төрөлхтний ойрд хараагүй уян хатан, илүү хурдтай, илүү эрчтэй тоглолтыг гаргаж байлаа. Хаалгач Мануэл Нойер ч 2-р үеийн эхэнд хэд хэдэн эвгүй довтолгоог, түүний дотор Оскарын гадарлаж, Паулиньогийн дараалан цохисныг зогсоож,өөрийгөө яг одоо дэлхийн №1 хаалгач байгаа гэдгээ батлан харуулав.
Мюллерийн эхний гоол бэлдсэн хувилбар дээрээс ороход Бразилын хамгаалалт ямар хариу өгөхөө мэдэхгүй байв. 5 шар өмсгөлтэй хамгаалагчид торгуулийн шугам дээр 2хон Герман тоглогчтой зууралдаж байхад Мюллер сугарч гарч ирэн гоол оруулсан юм. Тони Кроос, Сами Хедира нарын гоол дээр ч гэсэн талбайн төвд бөмбөг таслан, хамгаалагчаас илүү сугаран гарч ирэхэд бие биенээ суллан, хойшоо суулгаж буй нэг ИЛҮҮ дамжуулалт нь гоол болж байв. Хувийн амжилтаас илүү багийн эрх ашигт нийцүүлэн, багийн анддаа дамжуулалт өгсөөр байсан нь Германы багийн амжилтын гол нууцуудын нэг байлаа.
ОНЦЛОХ МӨЧ
Миро Клозегийн рекорд тогтоосон гоол. 2002 оны ДАШТ-д олны танил төдийлэн болж амжаагүй байсан Клозе Германы шигшээд гараанд гаран, улмаар эхний тоглолтдоо Саудын Арабын багийн хаалганд 3 гоолыг толгойгоороо оруулж байсныг олон хүн санаж байгаа байх. Түүнээс хойш Клозе ДАШТ-д нийт 15 гоолыг оруулж, алдарт Роналдогийн бүх цаг үеийн дээд амжилттай зэрэгцээд байсан юм. Тэгвэл тэрээр тоглолтын 23 дахь минутанд Кроос, Мюллер нарын хувилбарын дараагаар цохилт гүйцэтгэн, гоол оруулж гоолын тоогоо 16 болгож чадсан. Нийт 4 ДАШТ-д 23 тоглолтонд 16 гоолыг оруулсан тэрээр ганцаараа Ж.Фонтайн, Г.Мюллер, Роналдо нарын үе үеийн агуу довтлогчдын урд орж, ганцааараа энэ жагсаалтыг тэргүүлж эхлэв. Түүний мэдрэмж, байр эзлэлт, бөмбөгний төлөөх тэмцэлдээнийг магтан дуулцгаая. Браво Клозе, баяр хүргэе!
ОНЦЛОХ ТОГЛОГЧ
Тони Кроос. Яагаад тэр Байернаас өндөр цалин хүсч байгааг, яагаад түүний араас Реал Мадрид, Челси, Манчестер Юнайтед гээд Европын топ клубүүд хөөцөлдөөд байгааг тэрээр энэ ДАШТ-д үзүүлж буй тоглолтоороо бүрэн харуулж байна. Багийн хагас хамгаалалтын гол тулгуур болж, бөмбөг барин, хэмнэлийг удирдаж, гол дамжуулалтуудыг хийж буй тэрээр энэ өдөр үнэхээр ТАНСАГ тоглолтыг үзүүлэв. Тэрээр энэ тоглолтонд 2 гоолыг оруулсан бөгөөд эхний гоолын дамжуулалтыг булангийн цохилтоос хийсэн юм. Ялангуяа түүний эхний гоол дээр солгой хөлөөрөө цохиж буй нь түүний чадварыг бүрэн илтгэж чадах гоол болсон төдийгүй 2 дахь гоолоо өөрөө бөмбөг таслан эхлүүлсэн нь багийнх нь голыг шугамыг хэрхэн эзэгнэж байсныг онцлох дүр зураг байлаа.
ОНЦЛОХ СТАТИСТИК
Германы шигшээ баг ДАШТ-д түүхэндээ 223 дахь гоолоо оруулж, Бразилын багийг гүйцлээ. Тэд хагас шигшээд 7 гоол оруулсан анхны баг болсон бол Бразил түүхэн дэх хамгийн хүнд ялагдлаа амсав. 2 баг нийлээд хаалга руу 18 удаа цохилт гүйцэтгэсэн нь энэ ДАШТ-ий дээд амжилт болсон байна.
csports.mn
URL: