Допинг тарьсан адуу 40 саяд хүрдэг
-ХУВИЙН ХЭРЭГЦЭЭГЭЭР ОРУУЛЖ ИРСЭН ХЭМЭЭН МЭДҮҮЛЖЭЭ-
Улс их баяр наадам тэмдэглэхэд хэдхэн хоног үлдлээ. Баяр наадмын өмнөхөн ихээхэн хэмжээний сэргээш буюу допинг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн хэрэг гарсан нь тохиолдол уу. Тодруулбал энэ сарын 3-нд “Чингэс хаан” олон улсын нисэх буудлын Буянт-Ухаа дахь гаалиар 30 гаруй сая төгрөгийн үнэтэй сэргээшийн төрлийн эм тариа оруулах гэж байсныг илрүүлсэн талаарх мэдээллийг Хилийн гаалийн газрын албаны эх сурвалжууд мэдээлсэн. Допинг буюу сэргээш нь манай улсын хилээр оруулж ирэхгүй байх, хориотой эмний жагсаалтад бүртгэгдсэн бүтээгдэхүүн аж. Тиймээс хориотой бараа буюу допингийн хэргийг ХХЕГ-ын Хилийн тагнуулийн албанд шалгаж эхэлжээ.
Энэхүү 10 төрлийн 314 ширхэг сэргээшийн төрлийн бэлдмэлийг Тайланд улсаас оруулж ирсэн бөгөөд Монголын бодибилдинг, фитнесийн холбооны тамирчин Д.Бат-Эрдэнэ гэх залуу оруулж ирсэн байна. Харин тэрбээр “Энэ эмийг 11-р сард болох бодибилдингийн ДАШТ-т бэлтгэх хугацаандаа уухаар оруулж ирсэн хувийн хэрэгцээний эм. Энэ удаагийн сэргээшийг 6 сая төгрөгөнд оруулж ирсэн” хэмээн мэдүүлжээ.
-СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСНИЙ ДАРАА ХҮЧ ЧАДАЛ, БУЛЧИН ШӨРМӨСТЭЙ БОЛДОГ АЖ-
Хэдийгээр сэжигтэн Д.Бат-Эрдэнэ ийнхүү мэдүүлсэн ч албаныхан сэргээшд шинжилгээ хийхэд 30 сая төгрөгний үнэтэй болох нь тогтоогдсон гэсэн бөгөөд. борлуулж дамлаж худалдаалвал 60 сая төгрөг ч хүрэх үнэтэй сэргээшүүд байсан аж. Хэрэгт нэг хүнийг саатуулан шалгаж байгаа хэдий ч ийнхүү сэргээш хууль бусаар оруулдаг бүлэглэл байдгийг албаны хүн хэлсэн юм. Энэхүү сэргээш нь хориотой эмний жагсаалтад байдаг, манай улсын хилээр оруулж болохгүй нь ССАЖЯ-наас гаргасан шинжилгээгээр тогтоогдсон байна. Мөн энэхүү эмийг Тайландад ч худалдан борлуулдаггүй хориотой эмний жагсаалтад байдаг гэдгийг албаны хүн мэдээлсэн юм. Сэргээшийг ихэвчлэн бөхчүүд болон бодибилдингийн залуус их хэрэглэдэг байна. Хэрэглэсний дараа биед нь өөрчлөлт орж хүч чадалтай, булчин шөрмөстэй болдог юм байна. Гэвч дараа нь гарах үр дагавар нь их сөрөг. Таван жилийн дараа гэхэд хүний элгэнд сөргөөр нөлөөж, дархлаа нь сулрах шинж тэмдэг илэрдэг байна.
-БЭЛДМЭЛ УУСАН АДУУ САРЫН ДАРААНААС СУЛЬДАЖ ЭХЭЛДЭГ-
Энэ удаагийн сэргээш илэрсэн нь л болохоос илрэхгүйгээр хилээр орж ирж, улмаар элдэв янзаар ашиглагддаг сэргээшний төрлийн бэлдмэлүүд байдаг бололтой. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар энэ төрлийн бэлдмэлийг адуунд их хэрэглэдэг аж. Тодруулбал адуунд хэрэглэсний дараа адуу маш хурдан давхидаг тул иргэдэд хурдан морь гэж итгүүлдэг гэж байгаа юм. Улмаар нэг сая төгрөгөөр зарах адууг хурдан морь гэж 40 сая төгрөгөөр зарж байсан тохиолдол ч өмнө нь гарч байсан тухай хэлсэн юм. Харин энэ бэлдмэлийг уусан адуу сарын дараа гэхэд хүч тамиргүй болж, сэргээшээ хэрэглэхгүй л бол сульдаж, тамирдаж эхэлдэг аж.
Б.ЦЭЛМЭГ
medee.mn
URL: