Түүхий эдийн салбарт “Чингис”, “Самурай” бондоос 140.4 тэрбум төгрөг олгоно

мөнгөАрьс, шир үйлдвэрлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг баталсан тухай ҮХААЯ-наас мэдээллээ. Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох уг зээлийг 2012 оны УИХ-ын 74 дүгээр тогтоолоор баталж байсан бол Засгийн газрын бондын хүү өндөр, мөн зээлийг дамжуулан зээлдүүлэх арилжааны банкууд ч өндөр хувьтай хүү санал болгосон, зээлийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгаагүй зэрэг шалтгаанаас болж хойшилсоор өдийг хүрсэн. Тэгвэл өнгөрсөн сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банк дахь “Самурай” бондын хөрөнгөөс санхүүжүүлэх нь зүйтэй” гэж үзэн энэ сарын 4-нд хэлэлцэж баталжээ. Зээлийн 140.4 тэрбум төгрөгийн 110 тэрбумыг “Самурай”, 30 тэрбумыг “Чингис” бондоос тус тус гаргахаар болжээ.

ҮХААЯ- нд 220 тэрбум төгрөгийн зээл хүссэн 96 төсөл ирснийг харилцагч банкуудад судлуулахаар өгсөн байна. Өнөөдрийн байдлаар 18 үйлдвэрлэгчийн төсөлд 57 тэрбумын зээл олгохоор банкны зээлийн хорооны шийдвэр гарч, санхүүжилтийг шилжүүлэхээр Хөгжлийн банкинд хүргүүлээд байгаа аж. Зээл нь жилийн долоон хувийн хүүтэй ба үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн харилцдаг арилжааны банкаас авч болох юм байна. Мөн арьс, ширийг дотоодын үйлдвэрт нийлүүлсэн иргэдэд Засгийн газраас урамшуулал олгохоор 24 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингэхдээ бог малын арьс тутамд 3000, бод малын шир тутамд 15000 төгрөгийн урамшуулал өгч байгаа аж. Одоогийн байдлаар 2.7 тэрбум төгрөгийн урамшууллыг иргэд авсан байна.

Манай улсад жил бүр дунджаар 10 сая арьс, шир түүхий эд болон гардаг байна. Үүнээс есөн сая нь бог, нэг сая нь бод малынх байдаг гэнэ. Тиймээс энэ их арьс, ширийг дотооддоо гүн боловсруулж экспортолбол эдийн засгийг хөгжүүлнэ гэж яамныхан үзэж байгаа юм байна. Тухайлбал, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Нийт арьс, ширийн 80 хувийг Хятадын компаниуд худалдан авч, дотоодод хагас боловсруулж экспортолдог байсан. Харин энэ зээлийг олгосноор, мөн түүхий эдээ дотоодын үйлдвэрт нийлүүлсэн малчдад урамшуулал олгосноор энэ тоо өөрчлөгдөж байна. Арьс, ширний үйлдвэрүүд жил бүр нийт түүхий эдийнхээ 20 хувийг хагасаас дээш төвшинд боловсруулна гэсэн зорилготой ажиллана. Арьс, ширний 80 хувийг дотооддоо гүн боловсруулж экспортлосноор жилд 200 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 20 мянга гаруй ажлын байр бий болно.

2018 онд 1.1 их наяд төгрөгийг олох боломж үүснэ. Арьс, ширээ хагас боловсруулаад экспортолход л 30-40 тэрбум төгрөг манай улсад үлдэнэ. Мөн түүхий эдээ үндэсний үйлдвэрт нийлүүлсэн иргэдэд олгох урамшуулал нь Хятад компаниудын бий болгосон ченжийн сүлжээг өөрчилж, малчин-түүхий эд бэлтгэн нийлүүлэгч-үйлдвэр гэсэн сүлжээг бий болгож байна” гэв. Мөн “Дархан нэхий” ХХК- ийн ТУЗ-ийн дарга Р.Сүмбэнхүү “Манай үйлдвэр 42 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа томоохон байгууллага. Тиймээс банкны зээлийн барьцаа, нөхцөл боломжийн санагддаг.

Харин жижиг, дунд үйлдвэрүүд хөрөнгө багатай учир энэ тал дээр хэцүү. Тиймээс жижиг, дунд үйлдвэрүүдийн техник технологийг нь барьцаалан зээл олгох хэрэгтэй. Ингэж л үндсэн хөрөнгө бий болгоход нь тусалбал тэд эргэлтийн хөрөнгөтэй болно. Төр засгаас бага хувийн хүүтэй, уян хатан, боломжийн барьцаатай зээл олговол зүгээр юм шиг санагддаг” гэсэн юм


URL:

Сэтгэгдэл бичих