Эрх мэдэл, албан тушаалтай нэг нь “Л.Гансүхдээд” байвал энэ улс яаж хөгжих вэ!

olloo_mn_1399854913_Lgansux

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох асуудлаар АТГ эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн тухайгаа дуулгасан.  Л.Гансүхийг уг хэрэгт сэжигтнээр тооцсон байна.  Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, урьдчилсан байдлаар 3,6 тэрбум төгрөгийн хохиролын асуудал яригдаж байгаа гэж байна.

Л.Гансүх Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа нийслэлийн иргэдийг нүүрсээр хангана хэмээн  төсвийн хөрөнгийг завшсан байж болзошгүй гэв.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх  УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайдаар ажиллаж байх хугацаандаа ийн улсын хөрөнгө мөнгийг хувьдаа завшсан болж таарч байна. Дээрээс нь түүний туслахаар ажиллаж байсан хүмүүс, эхнэрийнх нь төрсөн дүүгийн хүүхэд хүртэл хам хэрэгтэн болж мэдэхээр байгааг дуулгая.

Нэмж хэлэхэд ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх хилээр оргон зайлсан мэдээ хоёр сарын өмнө өдөр тумын зарим нэг хэвлэл болоод сайтуудаар гарч байв. Өөрөөр хэлбэл өөрийг нь улсын хөрөнгө мөнгийг хувьдаа завшсан тухай дуулгаж, мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хил даван зугтсан тухай бичиж байв. Үнэхээр түүний утас холбогдохгүй байгаа бөгөөд тэрбээр сүүлийн хэдэн сар харагдахгүй байгааг улс төрийн хүрээнийхэн хэлж байна.

Ер нь бол улс орон хөгжихгүй, тоотой хэдэн хүн баяжиж, ард ядуурч байгаагийн хамгийн том шалтгаан бол эрх бүхий хүмүүс улсын хөрөнгийг хувьдаа завшдагтай холбоотой гэвэл буруу дуугарсан лав болохгүй юм. Эрх мэдэл, албан тушаалтай нэг нь Л.Гансүх мэтээр улсын төсөв мөнгөнөөс их хэмжээгээр хумслаад байвал манай улс эдийн засгийн хямралын өмнө өвдөг сөхрөхөөс яах бэ? Ийм л үед хууль хяналтын байгууллага нь шударга ажиллаж , ардын өмнө тэднийг шийтгэж,  хариуцлагатай , хуультай улс гэдгээ баталмаар байгаа юм. Эс бөгөөс төрийн том албан тушаалд очсон нэг нь баяжиж, хөлжиж болдог юм байна гэсэн ойлголт нийгэмд бий болж бузар аргаар улсын төсөв хөрөнгийг халааслагчид ар араасаа төрсөөр байна. Үүнийг одоо л таслан зогсоохгүй бол Монгол улс Африкийн ядуу буурай улс орны араас орох ойрхон болоод байна гэдгийг дуулгах байна.

Ж.Батхишиг

hunnu.mn


URL:

Сэтгэгдэл бичих