Монголын баялаг үнэгүй гадагшилж байна

Монголчууд түүхэндээ ашигтай наймаа хийж байсан тохиолдол ховор гэнэ. Дэлхийг байлдан дагуулж байхдаа л ашигтай байсан байх магадлалтай. Түүнээс хойш манжууд цай, даалимбаар хожим нь оросууд чихэр, тоглоомоор манай аль олигтойг зөөсөөр иржээ. “Бид хоёр хөршдөө л шулуулсаар ирсэн” гэж хэлээд хэрэгт орсон хүн байдаг гэнэ. Ардчилсан орон болсон ч өнөөдөр дээрдсэн зүйл алга. Малчид малынхаа түүхий эдийг хятадуудад хорин жил өгсөн боловч өөдөлсөн нь хуруу дарам. Монгол нүүрсийг хотын гэр хорооллынхон Эрээний ченжүүдээс дөрөв дахин үнэтэй авч хэрэглэнэ. Монголоос гарсан нэг грамм зэс Хятадаас зуу дахин үнэтэй болж орж ирнэ. Хятад руу үнэгүй шахам гаргасан түүхий нефть Оросоор дамжин 15-20 дахин үнэтэй бензин болж бидэнд гялтайна. Японы нэгэн жуулчин “Танай эдийн засгийн бүтэц Хятадад зориулагдсан байна” гэж хэдэн жилийн өмнө хэлж байв. Орос, Хятадаас хараат бус байх ганц гарц нь УИХ-аас гаргасан өргөн царигтай төмөр замын бодлого боловч эцсийн үр дүнг хүртэхэд хугацаа шаардлагатай. Орос солонгос хоёрын яриа байдаг Солонгос нь “Танайх хоёрхон сая хүн амтай, 200 тэрбумын баялагтай гэдэг үнэн үү” гэж асууж, сэхүүн монгол хариуд нь “Очоод үз” гэж хариулж. Хариуд нь солонгос “Очих шаардлагагүй. Эсвэл тэр чинь та нарынх биш. Эсвэл байхгүй. Тэгээд л та нар манайд шаваад байгаа биз дээ” гэж тавлажээ. Эндээс манай баялаг биднийх мөн үү, мөн бол яагаад бидэнд ашиг өгдөггүй вэ” гэсэн асуулт гарна. Эдийн засагчид онгоц нисэхгүй бол үхэр тэрэгнээс хямд, галттэрэг замгүй бол илжигний үнэнд хүрэхгүй гэж үздэг. Энэ үзэл нь манай эдийн засаг онгоц, галт тэрэгтэй боловч гахай нүцгэн, нохой явган байна гэдгийг баталж байна. Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээгээр бол 2007-2009 оны экспортын 90 хувийг зэсийн, 7 хувийг молибдений баяжмал, хоёр хувийг катодын зэс, нэг хувийг мах эзэлж байна. Харин импортын 42 хувийг нефть, 28 хувийг технологийн бараа, 15 хувийг машин, 13 хувийг химийн бодис, хоёр хувийг тоног төхөөрөмж эзэлж байна. Эндээс харвал бид сүүлийн гурван жил, газраа ухаад л хямдхан зөөснийгөө экспорт гэж нэрлэж байна. Иймээс л гадныхан биднийг гахай шиг газар ухаж, нохой шиг эсгий бараадаж амьдардаг гэж үздэг гэнэ. Ганц чаддаг ажил нь газар ухдаг болоод, бид газар ухаад байгаа биш гэнэ. Хэргийн учир бидэнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо олгохгүй байгаа эдийн засгийн тогтолцоо аж. Өнөөгийн технологийн ертөнцөд түүхий эд үнэд орж технологи хямдарч байна. Харин манайд эсрэгээр түүхий эд хямдарч, технологи үнэд орно. Гучин жилийн турш төрийн гаргасан зэс хэдэн тэрбум долларын өр болж хувирсан бол хэдхэн сар нүүрс гаргасан хувийн компани орчин цагийн хот говьд байгуулж эрх баригчдыг ичээж байна. Ирэх гурван жил эдийн засаг улам томорно. Инээдтэй манай эдийн засаг томорно гэдэг нь илүү их баялгаа гаргахыг хэлнэ. Бусад оронд эдийн Засаг томорно гэдэг нь үйлдвэр, үйлчилгээ нэмэгдэхийг хэлдэг гэнэ. Зарим оронд түүхий эдийг гаргахыг хориглож эхэлж байна. Зарим нь өндөр татвар тогтоосон. Одоо экспортолж байгаа баялаг дээр маргааш, нүүрс, цайр, уран, нефть, жонш нэмэгдэнэ. Зэсийн экспорт хоёрхон жилийн дараа гурав дахин нэмэгдэнэ. Бидний гаргах баялаг гурав дахин нэмэгдсэн ч бидний амьдрал гурав дахин нэмэгдэх баталгаа байхгүй. Хэргийн учир хэн, юунаас, хэдэн төгрөг олоод хэнд, юунд зарцуулж байгаа нь бидэнд нууц. Харин энэ бүхнийг хянадаг арга байдаг гэнэ. Хэрэв гаалийн татвартай болчихвол хятадуудад өгч байгаа баялгийг бүрэн биш гэхэд талыг хянаад байх боломжтой гэнэ. Хүүхдээс булааж ямаанд өгдөг мөнгө дахин босгох боломж бүрдэнэ. Ганц зуун мянга биш нийслэлд шаардлагатай 300 мянган айлын орон сууцыг барих боломжтой болно. Гэхдээ мэдээж эрхэм гишүүд сэтгэл гаргавал шүү дээ. Дээр нь бас далд эзэд нь зөвшөөрвөл.


URL:

Сэтгэгдэл бичих