“Гурван гал” эмнэлгийн эмч нар хүний аминд хүрсэн бололтой
Н.Удвал сайд аа. Өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр “Гурван гал” эмнэлэгт найман настай хүү хоолойны махаа лазераар авахуулах хагалгаанд ороод амиа алдчихлаа. Гэтэл өнөөдрийг хүртэл эл хүүгийн үхлийн шалтгааны талаар танай яамнаас нэг ч мэдээлэл хийсэнгүй.
Болсон явдлыг сийрүүлбэл талийгаач Ц-д 2014 оны зургаадугаар сарын 27-нд Ч.Батчулуун эмчийн удирдлага бүхий баг гүйлсэн булчирхайн хагалгаа хийсэн байна.
Хагалгаа хийгдсэн оройноос эхлэн хүүгийн толгой нь хүчтэй өвдөж бие нь муудсан аж. Ар гэрийнхэн нь хүүг зургаадугаар сарын 29-нд Эх нялхсын эмнэлэг рүү шилжүүлэн эрчимт эмчилгээний тасагт яаралтай эмчилгээнд оруулсан боловч хүү энэ сарын 2-ны өдөр нас баржээ. Тиймээс талийгаач хүүгийн ар гэрийнхэн хүүгийнхээ үхэлд хагалгаа хийсэн Ч.Батчулуун эмчийг буруутган Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс болон МХЕГ-т эл асуудлыг шалгуулахаар гомдол гаргаад байна.
Бид хүүгийн хагалгаа хийлгэсэн гэх “Гурван гал” эмнэлгийн чих хамар хоолойн тасгийн эмч Ч.Батчулуунтай уулзах гэсэн боловч түүнийг “Одоогоор байхгүй, хагалгаанд орсон. Тэгээд ч энэ тухай мэдээллийг бид өгч болохгүй” гэж тэнд ажилладаг эмч, сувилагчид нь хэлсэн юм.
Ч.Батчулуун эмчийг ямар удирдамж, стандартын дагуу дээрх лазерын хагалгааг хийснийг нь эмчээс нь асууж тодруулах гэсэн боловч бидэнд хариулт өгөх хүн олдоогүй юм.
Ингээд мэдээллийг нягтлаж МХЕГ-ын холбогдох албаны хүмүүсээс эл асуудлыг тодруулахад “Өнгөрсөн баасан гарагт манай байгууллагад найман настай хүү эмч нарын буруутай үйлдлээс болж амь насаа алдсан гэх гомдол ирсэн.
Өөрөөр хэлбэл “Гурван гал” эмнэлгийн эмч Батчулуунаар ахлуулсан баг хүүд хоолойн мах авах лазерын хагалгаа хийсэн юм билээ. Өнөөдөр манай байцаагч нар энэ асуудлыг шалгахаар явах гэж байгаа учраас үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Юутай талийгаач хүүг дээрх эмнэлэгт хагалгаанд орсон нь үнэн гэдгийг албаныхан нотолж байсан. Тэгвэл хүү эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж амь насаа алдсан уу гэдэг асуудал юм.
Уг нь Эрүүл мэндийн яамнаас шинээр нэвтэрч буй бүхий л төрлийн хагалгааг олон нийтэд сурталчилан таниулах ёстой. Гэтэл иргэд энэ тухай мэдээлэл маш хомс байдаг учраас иймэрхүү эрсдэлд олноороо орж байгаа гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх.
Мөн хүүд хийсэн хоолойны мах авах лазер хагалгааны удирдамж нь Эрүүл мэндийн яамнаас баталсан стандарт мөн эсэх нь ч нь асуудалтай юм. Хэрвээ тус яамнаас дээрх хоёр удирдамжийг баталж өгсөн бол эмч нар иймэрхүү эрсэлд орох нь ховор гэдгийг учир мэдэх хүмүүс ч хэлж байсан.
Ингээд бид Эрүүл мэндийн яамны эмчилгээ тусламж үйлчилгээний газрын дарга Буянжаргалтай уулзаж дээрх асуудлыг тодруулах гэсэн боловч түүнийг мөн л эзгүй байгаа гэх хариулт өгсөн юм.
Дээрх мэдээллийг нягталж явахад тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт таван настай хүү мөн ийм хагалгаа хийлгэж байгаад бие нь муудсны улмаас амь нас нь ч дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлсэн.
Тэгэхээр тус эмнэлгийн чих хамар хоолойн тасгийн эмч нарын баг Эрүүл мэндийн яамнаас ямар стандарт, удирдамжийн дагуу эл хагалгааг хийгээд байна вэ. Энэхүү мэдээллийг эрэн сурвалжилж хүргэх болно.
Үргэлжлэл бий…
Р.Саруул
URL: