Улаанбаатар хэмээх их нууруудын хотгор
Бороо үргэлжлэн орж нийслэлийн гудамж талбай их нууруудын хотгор болов. Шүхэр барьж, усны гутал өмссөн хүмүүс тогтоол усан дээгүүр гарах гэж мод чулуу дамжин “балетчин” шиг харайж байна. Энэ бол ойрын өдрүүдийн дүр зураг. Нийслэлийн төвд бол шавар шавхайд суучхалгүй тойрч аргалаад явах ч хажуугаар давхих машинуудаас хувцасаа “хамгаалах” гэж бөөн юм болно. Зарим хүмүүс борооны уснаас болж гэрээсээ гарч чадахаа байжээ. Гэр хороололд байдал ямар байгааг сурвалжиллаа. Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо буюу бидний хэлж заншсанаар Дөлгөөн нуурын ойролцоох гэр хорооллын гудамжаар алхав. Гудамж нэлэнхүйдээ усанд автжээ. Харин хүмүүс цөөхөн байна. Иргэдийн хэлж байгаагаар “Өглөө хүмүүс ажилдаа явах гэж гудамжинд дугаарлаж байгаа. Нэгнийгээ татаж гаргах гэж их юм болно. Харин ажилгүй хүмүүс гэрээсээ гарахаа больсон. Гүехэн усны голд чулуу тавьж байгаад гардаг юм. Гүнзгий устай газраар гарах боломжгүй учраас заримдаа 2-3 гудамж тойрч цагаа дэмий алдаж байна” хэмээн бухимдалтай байлаа.
Нэлэнхүйдээ усанд автсан гудамжаар гарах боломжгүй учраас овоолсон шороон дээгүүр мөн төмөр хашлага дамжин гарч байгаа хүмүүс тааралдав. Гэтэл гудамжны үзүүрт усанд хашигдсан хэдэн хүний дундаас ахимаг насны эмэгтэй гараараа даллаж байна. Яваад очтол “Чи усны гуталтайгаараа биднийг нэг нэгээр нь усны ирмэгээр түшээд гаргачих. Манай хүүхэд өчигдөр дүнгээ сонссон чинь Боловсролын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийн хуваарийг авсан. Тэгээд Дэлхийн зөнгөөс хөнгөлөлттэй сургана гэсэн. Уулзах гээд яараад явж байна. Нэг буянтай хүн нь ирж хайрга асгаж өгөхгүй бол энэ хавийн хүмүүс хэцүүдлээ. Урд гудмаар бас яаж гарна” гэсээр явав. Удалгүй нөгөөх эмэгтэй биднийг машинд суугаад төв зам дөхөе гээд дуудаж байна. Бид ч стана маркийн машинд суулаа. Нөгөө эгч машин жолоодож явсан залууд талархаад “Хажуугаар нь зарим ухамсаргүй жолооч нар эрчээрээ давхиж хамаг хувцас норгож шавар цацах юм. Хүмүүс баас шээстэй бохир усан дундуур гарч байна” хэмээн үглэв.
Иргэдийг бухимдуулаад байгаа тогтоол усыг хэрхэх талаар тус дүүргийн есдүгээр хорооны Засаг дарга Ж.Цэцэгмаагаас тодруулахад “Бороо их орсноос гудамж талбай усанд автаж хүн явах аргагүй болоод байна. Одоогоор усанд автлаа гэсэн дуудлага ирээгүй. Иргэд хашаан доторх усаа өөрсдийн нацосоор соруулж далан руу асгадаг. Иргэдээс гудамж талбайн усаа соруулья гэсэн гомдол ирвэл дүүргийн дэд бүтэц тохижилтын хэлтэс рүү хэлж соруулах юмуу хайрга асгуулах боломжтой. Гэхдээ иргэдээс санал гомдол ирэхгүй байна. Манай хорооны хувьд дахин төлөвлөлтөд орсон учраас газраа чөлөөлнө гээд хүмүүс хүлээлттэй байна” гэсэн юм. Харин Нийслэлийн онцгой байдлын газарт өнгөрсөн ням гаригаас хойш усанд автсан гэх 23 удаагийн дуудлага ирж аврагч, гал сөнөөгчид усыг соруулсан байна. Тухайлбал Чингэлтэй дүүргээс хоёр, Сүхбаатар дүүргээс тав, Баянгол, Сонгинохайрхан дүүргээс гурав, Баянзүрх дүүргээс есөн дуудлага ирсний ихэнх нь айл усанд автсан дуудлага байжээ.Ийнхүү гэр хорооллын иргэд усны гуталгүй бол гэрээсээ гарах “эрхгүй” эсвэл шавар шалбааг, бохирт хутгалдан ажил сургуульдаа явж байгаа асуудлыг хэрхэх вэ. Нийслэлийг бүхэлд нь хариуцдаг “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ гуравхан машинтай учраас ачааллаа дийлдэггүй гэж байна.
Ц.Баярмаа:
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙН УСЫГ ТӨЛБӨРГҮЙ СОРУУЛНА
Нийслэлд борооны ус соруулах ажил ямар байгаа талаар Улаанбаатар нэгтэл ОНӨААТҮГ-ын Шугам сүлжээний ахлах инженер Ц.Баярмаагаас тодрууллаа.
-Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орж хаа сайгүй ус тогтоод байгаа. Танай байгууллага хэр ачаалалтай байна вэ?
-Инженер техникийн ажилчид ачаалал ихтэй байна. Манайд ус соруулах машин гурван ширхэг байдаг. Тиймээс хэдэн өдөр дараалан бороо орохоор төв замуудынхаа усыг соруулж хүчирдэггүй. Заримдаа түрээсээр машин авах тохиолдол гардаг. Одоогоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хан-уул дүүргийн Олимпийн гудамж, Баянгол дүүргийн Гандангийн гудамж, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороолол гээд 20 гаруй цэгт ус соруулах, үерийн далан сувгийн усыг шавхаж байгаа.
-Иргэд танай байгууллагад дуудлага өгч усаа соруулж болох уу?
-Ачаалал багатай үедээ нийтийн эзэмшлийн талбайд тогтсон усыг дуудлагын дагуу үнэгүй соруулна. Өөрөөр хэлбэл орон сууцны дундах усыг соруулна гэсэн үг. Харин гэр хороололд очиж ус соруулахгүй. Учир нь гурван ширхэг машин хүрэлцдэггүй юм.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: