Наадам үзэх тасалбар авахын тулд иргэд гадаа хонож байна
Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадам болоход тун цөөхөн хоног үлджээ. Наадам юу юугүй болох үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд орж, наадмын нээлт, хаалт болон хүчит бөхийн барилдаан үзэх тасалбарыг авахын тулд иргэд хонон өнжин дугаарладаг болоод олон жилийг үдэж байна гэхэд хэлсдэхгүй. Жил бүрийн өдийд Бөхийн өргөө болон Соёлын төв ордны үүд олон хүнд даруулдаг. Энэ жил мөн л адил дээрх газрууд олны хөлд даруулсан байна. Учир нь өчигдрөөс эхлэн наадмын тасалбарыг худалдаалж эхэлсэн.
Тасалбарын урт дараалалд олон цаг зогсч, ажлаа алдаж байгаа иргэд “Хэдий болтол ингэж хорь, гучин жилийн өмнөх шиг ингэж чирэгдэл учруулах байх вэ дээ. Үүнийг жаахан боловсон болгомоор юм. Онлайнаар худалддаг болчихвол хэнд ч чирэгдэл учрахгүй. Нийслэлийнхэн ая тухтай суудал, сайн байрлалын тасалбаруудыг нь танил талаараа авчихаад наран талын, тухгүй байрлалтай суудлыг ард иргэдэд зарж байна” хэмээн бухимдаж байлаа.
URL: