Монгол наадмаа үзэх гэж иргэд гадаа хонож байна
Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадам болоход тун цөөхөн хоног үлджээ. Наадам юу юугүй болох үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд орж, наадмын нээлт, хаалт болон хүчит бөхийн барилдаан үзэх тасалбарыг авахын тулд иргэд хонож, өнжин дугаарладаг болоод олон жилийг үдэж байна гэхэд хэлсдэхгүй. Жил бүрийн өдийд Бөхийн өргөө болон Соёлын төв ордны үүд олон хүнд даруулдаг.
Энэ жил мөн л адил дээрх газрууд олны хөлд даруулсан байна. Учир нь өчигдрөөс эхлэн наадмын тасалбарыг худалдаалж эхэлсэнтэй холбоотой. Тиймээс бид энэ удаагийнхаа сурвалжлагыг баяр наадмын тасалбар худалдаалж буй Соёлын төв ордноос бэлтгэлээ. Тасалбар худалдаалах кассын үүдээс эхлэн “Хүүхдийн номын сан” хүртэл иргэд цуван зогсчээ. Биднийг очиход ар араасаа дугаарлан зогсох тэдгээр хүмүүс нэлээд бухимдсан байдалтай, “Арай дэндэж байна шүү. Хурдан оруулаач ээ. Өө, тэр Э.Бат-Үүл дарга руу ярьж хэлэх юмсан. Даанч энгийн ард бидний утсыг авахгүй л дээ” гэх зэргээр чанга дуугаар хашгирч байлаа.
Соёлын төвийн хана даган зогсох хүмүүсийг эмх цэгцтэй байлгах үүднээс наагуур нь төмөр хашлага хийж цагдаа нар хамгаалтад гарсан харагдав. Гэсэн ч хүмүүс бие биеэсээ өрсч орохын тулд хэд хэдээрээ давхралдан зогсчээ. Хажуугаар нь явах хүмүүсийг “Хөөе чи яах гэж байна. Урдуур орохгүй шүү” гэж хардсан янзтай уцаарлана. Тэд бидэнд ч бас тэгж хэлээд амжсан юм. Харин бидний зорилго өөр болохыг мэдээд “Хүүе нааш ир. Яриа өгье” гэж тал талаас дуудлаа. Харин нэг эгч бусдыгаа төлөөлж байгаа бололтой нэлээд бухимдаж, цагдаа нарт хандан “Та нар цаад хүмүүстээ хэлээд өгөөч. Бид энд хонож, өнжин хүлээж байна шүү дээ. Одоо цаг хэд болж байгааг мэдэж байна уу. Энэ арай л дэндэж байна шүү. Ард түмэн ямар хүчтэйг мэднэ биз дээ .
Бид чинь хүн шүү дээ” хэмээн хоолой чичрүүлэн байж хэллээ. Харин бусад нь “Зөв өө, зөв” хэмээн дуу нэгтэйгээр дэмжиж байсан юм. Энэ үед цаг аль хэдийнэ 12.00 болсон байв. Тэдний бухимдаж буйг харахад тэвчээрийн хязгаар нь эцэстээ тулж, цөхрөнгөө барсан бололтой. Өмнөх өдөр нь хоносон зарим хүн өглөө эрт ажил эхлэхэд тасалбараа авна гэж найдсан хэрэг. Харин эмэгтэйн хэлсний хариуд цагдаа “Бид дөнгөж сая хэлсэн. Тасалбараа тоолж аваад тамгалж байгаа юм байна. Одоо удахгүй байлгүй дээ.
Бусад зүйлийг нь мэдэхгүй шүү. Бид ажлаа л хийж байна” гэж байлаа. Хүмүүс ингэж улайран дайрч байгаа нь мэдээж хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, Төв цэнгэлдэхийн суудал хязгаартай. Хоёрдугаарт, хүмүүсийн хэлдгээр шагийн наймаачдаас урьтаж авах. Энэ мэтчилэн олон шалтгаанаас болж ийнхүү зогсч байгаа нь мэдээж. Тэнд найман настай балчраас наян настай буурай хүртэл байсан юм. Жирэмсэн хүн, хүүхдээ тэвэрсэн эх, таяг тулсан өвөө, эмээ, хөтлөлцөх хосууд… гээд барагцаагаар 400- 500 хүн байх шиг харагдлаа. Зарим нь бүр гэрээсээ сандал авчирсан байв.
Харин зарим нь цаас дэвсэж цементэн шалан дээр сууж, зарим нь хана налан унтаж байх юм. Тэдний байгаа байдлыг харахад сэтгэл эмзэглэмээр ч юм шиг. Энэ л дүр зураг Бөхийн өргөөний гадаа бас харагдаж байв. Заавал ийм байдлаар тасалбар худалдаалах хэрэг байсан л юм байх даа. Арай л өөр зохион байгуулалтаар худалдаалах хэрэгтэй юм шиг санагдлаа.
Миний мэдэхээр ингэж хонож, өнжин наадмын тасалбар худал даж авдаг бичигдээгүй журам тогтоод дөрөв, таван жил болж байна. Аль эртээс л “Энэ сарын зургаанд наадмын билетийг Бөхийн өргөө болон Соёлын төв ордны кассаар худалдаална” гэж Үндэсний баяр наадмын салбар хорооноос мэдээлж байсан. Гэтэл ямар ч бэлтгэлгүй, иргэдийн хүсэл болсон наадмын тасалбарыг тамгалаа ч үгүй, худалдаалах кассандаа хүлээлгэж өгөөгүй байх юм. Ингэж иргэдэд хүндрэл учруулж, асуудал үүсгэж байгаа нь наадмын бэлтгэл ямар байгаа болон иргэдийг хүндлэхгүй байгааг харж болмоор байна.
Бид хэд хэдэн хүний сэтгэгдлийг сонссон юм. Я.Дуламсүрэн “Би өчигдөр 20.00 цагт энд ирээд хоносон. Өнөөдөр уг нь 09.00 цагаас худалдаалж эхлэх юм гэсэн. Одоо хүртэл оруулахгүй байна. Хоёр хөгшиндөө наадам үзүүлэх тасалбар авах гээд л зогсч байна даа. Ямар ч зохион байгуулалт байхгүй билет нь одоо л ирж байх шиг байна” гэлээ. Я.Дуламсүрэнтэй гурван настай хүүгээ дагуулсан байлаа. Энэ хүнтэй адилхан хоносон хүмүүс нэлээд олон байв. Хоноод хамгийн түрүүнд тасалбараа авчихаад ажилдаа явна гээд чадаагүй хүнтэй ч таарсан юм. “Өглөө эрт тарааж эхэлнэ гэхээр нь хоносон юм. Би хувийн байгууллагад ажилладаг. Өнөөдөр ажилтай байсан. Тэгсэн хүнд сурталтай хүмүүсээс болж ажлаа тасалчихлаа. Нэг өдрийн цалин байхгүй шүү” гэж учир байдлаа хэлж байлаа. Энэ хүний цаана ийм шалтгаантай хэчнээн хүн байгааг хэн ч хэлж мэдэхгүй.
Тэнд байгаа хүмүүс бүгд л ядарсан царайтай, бухимдсан байдалтай байлаа. Ийн ярицлах зуур “Хүүе, нааш ир. Нэг нь хэд билээ” гээд хүмүүсийн дуу гарч, бужигнаж эхлэв. Хүлээлгэж байсан тасалбарыг нь гадаа худалдаалаад эхэлсэн юм болов уу гэсэн бодол тээн бөөгнөрсөн хүмүүсийн зүг явлаа. Харин тэнд тасалбар биш хуушуур, бууз байсан юм. Үнийг нь асуухад нэг хуушуур 600-1000 төгрөгийн үнэтэй байв. Хоносон хүмүүс өлссөн учир юу ч гэж байсан булаацалдаад авч байлаа.
Бас болоогүй ээ. Энэ байдлыг ашиглаад хуушуур, бууз, ундаа ус зараад жижиг бизнес хийж хэдэн төгрөгийн орлого олж байгаа нь энэ. Үүнийг харахад бэсрэг наадам болоод ч байгаа юм шиг. Бид хамгаалалтад гарсан Нийслэлийн цагдаагийн газрын хошууч А.Гэрэлт-Эрдэнээс нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулсан юм. Тэрбээр “Манайх өчигдрөөс / уржигдар/ хамгаалалтынхаа хайс төмөр зэргийг тавьж, хоёр гурван хүн хонож ажилласан. Тэгээд өнөөдөр /өчигдөр/ 07.00 цагт албан ёсоор 40 хүний бүрэлдэхүүнтэй хамгаалалтад гарлаа. Өглөө хамгаалалтад гарах үед 200-300 хүн хоносон байсан. Одоо бараг 600-700 хүн байна. Одоогоор ямар нэгэн үймээн гарсангүй. Хэрвээ тасалбараа худалдаалахгүй энэ хэвээр удвал хүмүүс бухимдсандаа яаж ч магадгүй л байна” гэв. Харин бид Соёлын төвийн тасалбар худалдаалах кассын хүнээс хэдэн зүйл тодруулах гэсэн боловч хаалга нь түгжээтэй, онгойлгохгүй байлаа. Ямартай ч 16000, 20000, 24000 төгрөгийн үнэтэй наадам үзэх тасалбарыг хоёр өдөр худалдаалах юм байна.
Гурван өдөр наадам үзэх эрх бүхий багцын тасалбар нь 24000 төгрөг аж. Тэнд байгаа хүмүүсээр барагцаалахад нэг өдөрт л наадмын тасалбар дуусах нь мэдээж. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хүмүүсийн хүсэн хүлээсэн мөч ирлээ. Учир нь 13.00 цагийн үед тасалбар худалдаалах кассын хаалттай хаалга нээгдэж арав, арваар нь оруулж эхэллээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга М.Отгонбаяр “Энэ жил 13000 орчим билет хэвлэнэ. Үнийн хувьд 16000-24000 төгрөгийн багц байна. Нийслэлийн хүн ам сая 300 давчихсан.
Цэнгэлдэх хүн амын ачааллын 0.1 хувийг ч даахгүйд хүрлээ. Гэтэл эрэлт маш их байдаг. Тиймээс нэг хүнд 2-4 билетээс илүүг өгөхгүй байх зохион байгуулалтыг газар дээр нь хийнэ. Нийслэлийн цагдаагийн газраас хамгаалалт гаргахаар болсон. Энэ нь нэг хүн билетийг олноор нь авч өндөр үнээр шаглаж зарахаас сэргийлж байгаа юм. Хүмүүсийн ярьдгаар чадалтай, бүлтэй залуучууд нь дайрч авчихаад дахин дугаарлаж авах гэж оролд дог. Энэ байдлыг тас лан зогсооно” гэж байсан. Харин наадмын комиссынхон ийм байдлаар хүмүүст хүндрэл учруулахгүй байх тал дээр огтхон ч анхаараагүй бололтой. Ямар сайндаа л тасалбараа там галж бэлдээгүй байхав дээ. Нийслэлийн цагдаагийн газрынхан тасалбар авч буй хүмүүсийн хажууд зогсч хэдийг авч байгааг нь хянаж байсан юм. Харин зарим нэг хүн гэр бүлээрээ үзэхийн тулд тав, зургааг авах хүсэлтэй байлаа.
Харин бид яагаад ингэж оройтож хаалгаа нээсэн, хэдэн тасалбар худалдаалах зэргийг торуулах гэсэн боловч “Завгүй байна” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Оройтож онгойсон юм чинь завгүй байх нь ч аргагүй биз дээ. Хамгийн түрүүнд орсон арван хүн эхнээсээ гарч эхэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадам үзэх тасалбар барьсан нэгэн бяцхан хүү “Ээж ээ, одоо гурвуулаа хоол иднэ биз дээ” гэхэд ээж нь “Тэгнээ миний хүү. Хонож дугаарласны хэрэг бүтлээ” гэсээр зөрлөө.
Тасалбараа авсан нь баярлаж, аваагүйн ээлж нь хэзээ ирэх бол гэсэн янзтай дугаарлан зогссоор байв. Биднийг буцах үед нэгэн эмэгтэй заавал хэлэх юм байна гэсээр ирлээ. Түүнийг Б.Нарантуяа гэдэг. Тэрбээр “Иймхэн зүйлийг зохион байгуулж чадахгүй бол наадмын комисс байх хэрэггүй. Хотын дарга Э.Бат-Үүл ээ дунд шатны албан хаагчдад тань хариуцлага байдаггүй юм байна. Улсын баяр наадмаа үзэх гэж ард түмэн чинь хоосон хонож байна шүү дээ. Ард түмнээ хүндлээч ээ” хэмээж байсан юм. Энэ хүн 80 насыг зооглож байгаа аж. Наадам үзэх гэж хоносон настай буурлуудынхаа үгийг ийн дамжуулж байгаа нь энэ гэнэ. Ийм байдлаар наян настай хөгшдөө хүртэл гадаа хонуулж байхаас ичих цаг нь болжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
URL: