Г.Өсөхбаяр:Энэ эрхэм цолондоо эзэн нь болж явахыг хүсч байна
Д.Болор
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу Монгол Улсын даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дархан аварга цол олголоо. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ зургадугаар сард баталснаар Үндэсний бөхийн далай аварга цолыг хассан тул даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга цолтой болж байгаа юм. Дархан аваргуудын баярын сэтгэгдлээс хуваалцлаа.
Дархан аварга Г.Өсөхбаяр “Монгол түмний маань мянга мянган жил уламжлагдаж ирсэн Монгол үндэсний бөхийн эрхэм цол болох Дархан аварга цол хүртсэндээ баяртай байна. Саяхан УИХ-аар баталсан хуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж батламжилж энэ эрхэм цолыг хүртээлээ. Сэтгэл өндөр байна. Өнөөдөр нэгэн үед хүч үзэж зодоглож, унаж давж нэгнээ хурцалж явсан А.Сүхбат маань Дархан аварга болсонд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Удахгүй болох наадамдаа монгол түмэн маань сайхан надаарай гэж хүсэн ерөөе. Дархан аварга гэдэг энэ эрхэм хүндтэй цолыг өндөрт өргөж, ёс жудагаа хамгаалж, залуучууд, бөхчүүддээ үлгэр дууриалал болж Монгол бөхийн төлөө зүрх сэтгэлээ зориулж явна гэдгийг хэлэхийг хүсч байна.Өвөөгийнхөө залгамжийг авч яваа учраас нэг талаас их хариуцлага. Их ачаа юм. Өнөөдөр өвөөгөө дурсахад сайхан байна. Төрийн наадамд хоёр удаа түрүүлсэн, 12 удаа шөвгөрсөн алдартай бөх байсныг монголчууд мэдэх байх аа. Өвөөгийнхөө залгамж нь болж яваагийн хувьд энэ эрхэм цолдоо эзэн нь болж явах юмсан гэж бодож байна” гэсэн юм.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: