Ж.МӨНХБАТ: ТӨР ЗАСАГ ӨӨРӨӨ ДАМПУУРЛЫН ИРМЭГТ ИРЧИХСЭН БАЙНА
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хаврын чуулган хаалтаа хийлээ. Улс төрийн ууган хүчин энэ удаагийн хаврын чуулганыг хэрхэн дүгнэв. Монгол Улсын нийгэм эдийн засагт хэр үр дүнтэй чуулган болж өндөрлөсөн гэж үзэж байгаа вэ?
-Цөөнхийн зүгээс энэ хаврын чуулганыг тийм ч үр дүнтэй болж чадсангүй гэж дүгнэж байгаа. Хаврын чуулган эхэлснээс хойшхи хоёр сарын хугацаанд парламент үндсэндээ завсарлага авч, асуудлыг хойш нь татсан байдалтай байсаар энэ хугацааг үдлээ. Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлэх хэрэгтэй. Ардын нам буюу цөөнх асуудлыг гацаадаг, хойш нь татаж байна гэсэн зүйлийг эрх баригчид багагүй ярьсан. Угтаа энэ бол үнэнд нийцэхгүй яриа. Та бүхэн мэдэж байгаа. “Давхар дээл” болон Засгийн газрын сайд нарт хариуцлага тооцох талаар ч Ардын нам нэг ч удаа завсарлага аваагүй. Тэгэхээр энэ бол үндсэндээ эрх баригчдаас хамааралтай зүйл. Дээрээс нь энэ том асуудтуудыг оруулж ирэхийн тулд бусад улс төрийн хүчнүүдтэйгээ ярилцдаг, үзэл бодлыг нь сонсдог зөвшилцлийн механизмыг бий болгож чадаагүй нь эрх баригчдын алдаа байсан. Тийм ч учраас энэ чухал асуудал шийдлээ олсонгүй. Улс орны тусгаар тогтнолтой холбоотой том хуулиудыг нэг амьсгаагаар чуулганыг хаалттай болгож байгаад бөөндөх маягаар шийддэг асуудал биш.
-УИХ-ьш хаврын чуулган хангалтгүй боллоо, тарчихвал яасан юм бэ ч гэсэн зүйлийг ярьж байна. Үүнд сөрөг хүчний хувьд ямар байр суурьтай байгаа вэ. Ер нь УИХ тарах хэмжээнд хүрсэн гэж үзэж байна уу?
-XXVII Их хурлаас хойш манай намынхан 21 аймаг, есөн дүүргээ хоёр удаа тойроход иргэд сонгогчдын ярьж байсан хамгийн чухал асуудал нь энэ. Монгол Улсад засаглалын хямрал бодитоор нүүрлэчихлээ. Энэ төр засаг өөрөө дампуурлын ирмэгт ирчихсэн байна. Засгийн газартайгаа хариуцлага тооцож, шахаж шаардаж чаддаггүй. Тэр байтугай улс орны амин чухал асуудал, ард түмнийхээ хувь заяагаар дэнчин тавиад өр зээл авчихсан олон бондын зарцуулалтыг хүртэл хянаж, тайланг нь тавихгүй, ганц сайдад ч хяналт тавиад хариуцлага тооцож чадахгүй байгаа УИХ бол Монголын түүхэнд байгаагүй муу парламент гэдгийг иргэд ярьж байсан.
УИХ-ыг тараах асууддыг ч мөн хөндсөн. Манай намын Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд энэ асуудлыг хөндөөд явж байна. Ер нь сөрөг хүчний хувьд нэг зүйлийг шулуухан хэлэх нь зөв байх. Бид намрын чуулганаас өмнө Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлыг дүгнэх ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага тавина. Тэр чуулганаар эдийн засагт дорвитой ахицдэвшил гаргаж, уналтыг зогсоож чадаагүй бол Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг хөндөнө. Ганц сайдад хариуцлага тооцъё гэхээр зугтаалгаж, бултуулаад завсарлага авсаар байгаад намрын чуулганаар шийдэхээр хойшлуулчихлаа. УИХ өөрөө ийм унхиагүй, олхиогүй байх юм бол тараах асуудлыг ярихаас өөр арга байхгүй. Нийгэм ч гэсэн үүнийг хүсч байгаа. УИХ-ын ээлжит бус чуулганы зарлан хуралдуулах нөхцөл бүрдчихлээ л гэж харж байгаа. Төрийн завхрал явсаар зарим нэг салбартаа завхайрал болж хувирч байх шиг байна. Тэгэхээр үүнийг таслан зогсоох ёстой л гэж үзэж байгаа.
-Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног зарласныг зөвхөн цаг хугацаа хожих гэсэн арга гэх хүн ч байна. Энэ асуудалд сөрөгхүчин ямар байр сууринаас хандаж байгаа вэ. Ер нь 100 хоног гэдэг эдийн засгииг эрчимжүүлээд босгоод ирэх боломжгой хугацаа мөн үү?
-Яахав эрх баригчид санал оруулж ирээд хүсэлт тавьсан. Бид бол 100 хоногийн хөтөлбөрийнх нь төлөвлөгөөг боловсруулж батлалцаад ажлаа хийх боломжийг нь олгосон. Ер нь дэлхийн түүхэнд бүхэл бүтэн улс орны хувь заяа, тэр дундаа эдийн засгийн амин чухал асуудлыг 100 хоногийн дотор босгож ирж байсан түүх байдаггүй юм билээ. XX зууны эхэн үед Манжийн төрийн хамгийн сүүлийн хаан болох Гуан Сэ шинэчлэлийн 100 хоног гэдгийг зарлаж байсан юм билээ. Ингээд өнөөх 100 хоног нь дампуурал болоод үүний үр дүнд Манжийн төр мөхөж өнөөх хаан суудлаасаа огцорсон түүх байдаг. Тэгэхээр дэлхийд 100 хоногтой хоёр дахь удаагийн тохиолдол нь манай Шинэчлэлийн Засгийн газрын түүхэнд гарч ирж байгаа нь энэ. Одоогийн байдлаар өнөөх 100 хоногийн талаас илүү нь явчихлаа. Бид бүхэн төдийгүй Монголын ард түмэн харж байна. Аливаа зүйлд, хэлсэн үгэндээ эзэн байх ёстой. Эрх баригчид бүлгийн даргаасаа өгсүүлээд. “Энэ 100 хоногийн хугацаанд эдийн засгийг босгож, өндийлгөж ирж чадахгүй бол бид өөрсдөө хариуцлага ярина” гэсэн. Бид ч мөн хариуцлага ярина. Ер нь бодит утгаараа 100 хоногт бүхэл бүтэн улс үндэстний эдийн засаг бүү хэл нэг компани, тэр байтугай нэг гэр бүлийн эдийн засаг ч хөл дээрээ босч ирнэ гэдэг эргэлзээтэй шүү дээ.
-Хаврын чуулганаар орсон хуулиудаас хамгийн их шүүмжлэл дагуулсан нь Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт байлаа. Энэ хуулиар газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхээс өгсүүлээд малчдын өвөлжөө хаваржааг хүртэл хувьчлах асуудал туссан. Танай намын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Газар бол улсын үндэс гэж үг бий. Энэ газар шорооны төлөө өвөг дээдэс маань хэдэн үе удмаараа амь биеэ үл хайрлан тэмцсэний хүчинд өнөөдөр Монгол гэдэг улс энэ газар шороон дээр тусгаар тогтнолоо олж төвхнөсөн. Төрд зүтгэж байгаа хүмүүс бид юуны төлөө явж байгаа билээ гэдгийг маш сайн бодох хэрэгтэй санагддаг. Эрх ашгаа эрэмбэлж сурах хэрэгтэй ч гэдэг. Улс төрд явж байгаа төрийн хүн гэдэг бол дандаа улсынхаа төлөө, нийтийн, олны эрх ашгийн төлөө явдаг. Тэгэхээр Газрын тухай хууль бол Монгол Улсын тусгаар тогтнол магадгүй үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь намыг бүлэг үзэж энэ хуулийг тууштай эсэргүүцэхээ илэрхийлсэн. Энэ хуулийг хэвлэл мэдээллийнхнээс гадна цахим ертөнц дэх иргэд олон нийт ч мөн биднийг дэмжиж ажилласан. Ер нь бид нэг зүйлийг бодох хэрэгтэй. Өнөөдөр байгаа энэ газар шороо, нутаг усаа зарж, хүнд өгчихөөд, эсвэл хэн нэгэнд булаалгачихаад хаана очих вэ. Монгол хүний үнэ цэнэ өөрөө юу болж хувирах вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Наад захын жишээ гэхэд 22-ын товчооны цаана малчид хонио услахдаа өдрийн 1000 төгрөгийг хятадуудад төлдөг гэсэн мэдээлэл байгаа нь үндэсний аюулгүй байдлын асуудал яалт ч үгүй мөн. Энэ бол хэдхэн хүний, эсвэл аль нэг амбийцтай, ашиг сонирхлын төлөө улайрсан хурган болон хуцан даргын хийдэг ажил биш. Тэгэхээр энэ хуулийг батлах болбол Монголын ард түмнээс нээлттэйгээр санал асуух хэрэгтэй.
-Шинэчлэлийн Засгийн газар Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн хүрээнд нэлээн хэдэн хуульд өөрчлөлт оруулж заримыг нь хаврын чуулганаар батлуулчихлаа. Эдгээр хуулийн төслүүдээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл олны анхаарлыг татаж байгаа. Эдийн засаг хүнд байхад ийм хууль батлуулах нь зөв үү?
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих гэсэн их гоё нэртэйгээр орж ирсэн боловч цаанаа их олон зүйлийг багтаасан. Үүнд манай бизнес эрхлэгчид нэг зүйлийг хэлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр шударга зүтгэсэн нь хохирдог. Хулгайлсан, хумсалсан нэгийг нь өршөөдөг ийм л хуулийн төсөл боллоо. Хоёрдугаарт, бид хэд хэдэн хуулийн заалтад эргэлзэж байгаа. Тухайлбал, хуулийн төсөлд өршөөсөн хүнийхээ нотлох баримтыг устгана гэж заасан байгаа. Тэр ч бүү хэл, энэ талаар мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүнийг таваас тавин сая төгрөгөөр торгоно гээд оруулаад өгчихсөн. Энэ бол зүгээр цагаан захтай дарга нарт зориулсан заалт. Гуравдугаарт, одоо шүүх болон мөрдөн байцаах шатанд шалгуулж байгаа хэргүүд уг хуульд буюу өршөөлд хамаарахгүй гэсэн байна. Жишээлбэл, сая төгрөгийн татвар төлөөгүй байгууллага Өршөөлийн хуульд хамрагдаж чадахгүйгээр өмнөх хуулийн дагуу ялаа эдлээд явах ёстой юм шиг байгаа юм.
Мөн энэ хуульд нэг ноцтой заалт байгаа. Тэр нь их хэмжээгээр мөнгөө гадны болон дотоодын банкинд нуун дарагдуулсан бол ил гаргаж болно гэсэн байна. Гадаадын орнуудад их хэмжээгээр нуун дарагдуулбал тухайн мөнгөний 20-25 хувийг татварт авдаг. Гэтэл энэ хуульд ийм заалт нэг ширхэг ч байхгүй. Тиймээс энэ хуулийн төсөл дээр дахин маш нухацтай ярих ёстой.
-Хаврын чуулганы үеэр хэд хэдэн чухал хуулийн төсөл орлоо. Тухайлбал, “Давхар дээл”, зарим нэг сайдын асуудал, төмөр зам гэх мэт. Ер нь улс төр дэндүү хувь хүн болон бүлэглэл рүү хандаад байх шиг. Монголын ууган намын нарийн бичгийн даргын хувьд эдгээр асуудалд байр сууриа илэрхийлнэ үү. Ер нь улстөрчдийн ёс зүй ямар түвшинд байна гэж та харж байгаа вэ?
-Юуны түрүүнд “Давхар дээл” болон Х.Тэмүүжин сайдын асуудал МАН-ын санаачилсан хэрэг байгаагүй. Энэ бол Ерөнхийлөгчийн болон “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүний санаачилсан асуудал. Үүнийг нь бид ёс зүйн хувьд зөв асуудал байсан учраас алдаа байвал “Давхар дээл”-ээ тайлъя гэсэн байр суурийг баримталсан. Гэвч эрх баригч намынхан энэ асуудлыг сунжруулж хариуцлагаас бултсаар байгаад энэ хаврын чуулганыг хэрүүлийн алим хуваалцсан байдалтайгаар өнгөрөөлөө. Төрд ажиллаж байгаа хумүүст тавигддаг гурван чухал асуудлын нэг бол ёс зүй. Ерөнхийлөгч саяхан хэвлэлээр ёс зүйн алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайдын охин нь “Цэвэр агаар” сангийн хоёр тэрбум төгрөгийн хэрэгт орооцолдсон байхад “Надад хамаагүй” гээд явж байдаг. Ер нь Шинэчлэлийн Засгийн газар маш олон зүйлийг шинэчилж байна. Тухайлбал, албан өрөөндөө ажлаа хийх ёстой төрийн сайд хүн арын өрөөндөө албаны бус ажилд зүтгэдэг нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв тийм биш бол “Энэ бол худлаа” гээд мэдэгдэх ёстой. Гэвч тийм зүйл болсонгүй. Энэ асуудал нь үнэн бол төрийн сайд хүний хувьд Ерөнхийлөгчийн хэлсний дагуу ард түмнээсээ хариуцлагатайгаар уучлалт гуйх хэрэгтэй. Бид өнөөдөр үнэхээр ёс зүйт төр гэдэг асуудлыг ярих цаг нь болчихоод байна. Шинэчлэлийн Засгийн газар үүний эсрэг шинэчлэл хийгээд байна уу гэж харж байна. Ардчилсан нам ардчиллын үнэт зүйлийнхээ эсрэг зүйлийг л хийгээд байна. Ер нь бүгдийг эсрэгээр нь хийхийг шинэчлэл гэдэг юм байна гэж сүүлийн үед ойлгоод байгаа.
-Өнөөдөр ид яригдаж байгаа асуудал бол төмөр замын цариг. Олон нийт энэ асуудлыг нэг тал нь Х.Баттулга гишүүний байр сууринаас, зарим хэсэг эсрэгээр нь илэрхийлж байх шиг. Ер нь илэрхийлэхэд хэцүүхэн асуудал болчихоод байна. МАН энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Төмөр замын баримтлах ерөнхий бодлогыг манай нам эрх барьж байхдаа шийдвэрлэсэн. Энд тухайн зам баригдахдаа хэдэн царигтай байх вэ гэдгийг УИХ-аар оруулж шийдвэрлүүлж байхаар ерөнхий зарчмыг баталсан. Энэ байр суурин дээрээ МАН хэвээрээ байгаа. Ер нь өнөөдөр нарийн, өргөн гээд буу шийдэм бариад талцчих гээд байгаа энэ цаг үед эрх баригчид энэ асуудлыг хоорондоо хэлэлцээд шийдвэрлэчих хэрэгтэй.
-Үндэсний эрх ашиг болон тусгаар тоггнолоос гадна нийтийн дунд өөр нэг санаа зовоосон асуудал байна. Тэр нь арилжааны банкууд малчдын малыг барьцаалан зээл олгосон байдаг. Гэтэл хөрөнгийн зах зээлд нь Хятадын банк ороод ирлээ. Энэ байдал нь иргэдэд багагүй түгшүүр үүсгээд байгааг хэрхэн харж байгаа вэ?
-Хятадын арилжааны банк орж ирэх мэдээллийн дагуу арилжааны банкны удирдлагууд манай намын байранд ирж уулзалт хийсэн. Энэ үеэр бид үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гээд олон сэдвээр ярилцсан. Би дахин хэлмээр байна, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолын чухал асуудалд ширээн доогуураа хөлөө жийлцэж байгаад ч хамаагүй ширээ тойрч суугаад нэгдсэн ойлголцолд хүрчих хэрэггэй. Манай нам тогтвортой байдлын үзэл баримтлалыг батлахьш тулд бусад намыг үндэсний зөвшилцөлд уриалаад байгаа. Тэгэхгүй бол МАН-ын үзэл баримтлалыг АН үгүйсгэдэг. Ингэсээр байгаад улс орон хөгждөггүй. Үүнийг ард түмэн ч ярьж байна. Энэ нэг хэдэн тоглож болохгүй юмыг тогтчихмоор байгаа юм. Чухал асууддууд дээр ийм байр суурь баримтална шүү гээд тохирох хэрэгтэй. Мөн улс орноо хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөг хамтарч гаргах хэрэгтэй. Хамаагүй, бусад асуудлаараа улс төр хий л дээ.
-Та МАН шинэчлэгдэж, залуужиж байгаа гэлээ. Гэтэл өнөөдөр парламентад хариудлагатай ахмадууд үгүйлэгдэж байна шүү дээ?
-Тийм, үгүйлэгдэхээр барахгуй үгүйлэгдэж байна. Өнөөдөр Ц.Нямдорж гишүүн шиг зарчмын байр суурь илэрхийлдэг улстөрч цөөхөн байна. Тэгэхээр нам гэдэг ахмадууд нь залуучууддаа зааж сургадаг, зөвлөдөг тийм эв нэгдлийн орчин юм. Өмнө нь манай намыг шүүмжилдэг байсан. Дандаа ахмадууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гэж. Тэгэхээр энэ удаагийн шинэчлэл бол МАН залуучууддаа боломж олгож чаддаг нам гэдгээ харуулсан юм.
-Таны яриа болгоныг МАН-ын байр суурь гэж ойлгож байгаа. Дээр нь Монголын улс төр ойлголцох, зөвшилцөх цаг дээр ирчихлээ. Тэгэхээр Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэвэл МАН хүлээж авах юм байна гэж ойлголоо зөв үү?
-Та буруу ойлгосон байна. Манай бүлгийн дарга хаврын чуулган эхлэхэд үүнийг хэлсэн. Харин би одоо хэлье. МАН хадаг тавьсных нь дагуу гүйж очоод Засгийн газарт орно гэж байхгүй. Манай намын гишүүд ч “МАН нэг хэсэг хүмүүсийн нурааж буулгасныг өрж эвлүүлдэг айл биш. 1996-2000 онд баахан нураалт хийсэн. Түүнийг нь өрж босгосон. Одоо дахиад нураасныг нь босголцох хэрэггүй шүү” гэж хэлж байгаа. Харин том бодлогуудаа хэрэгжүүлэхийн тулд ойлголцох хэрэгтэй.
-Танай нам цөөнх болсон хэдий ч сонгуулиар амласан зүйлээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа байх. Энэ ажлыг хувиар тооцох боломжтой юу?
-Манай нам мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын хэмжээнд хэрэгжүүлэх боломжгүй болсон хэдий ч Малчдын тэтгэврийг таван жилээр наашлуулах, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэх, Ахмадуудад ач санах тухай хууль, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулсан хууль гэх амлалтуудаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Хуулийн төслүүдээ өргөн барьчихсан. Харамсалтай нь хэлэлцэгдэхгүй байна. Ялсан ч, ялагдсан ч хэлсэн үгэндээ эзэн болдог зарчимтай байх хэрэгтэй.
-Танай нам 2016 оны сонгуулиар баримтлах бодлогоо тодорхойлж эхэлсэн үү. Та залуу хүний хувьд залуучууд руу чиглэсэн ямар нэгэн бодлого хэрэгжүүлэх санал санаачилга байна уу?
-МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулиар баримтлах бодлого тодорхой. Манайх шинэчлэлийн тодотголтой XXVII их хурлаа хийсэн. Нам харьцангуй шинэчлэгдсэн. Өнөөдөр 34 настай Ерөнхий нарийн бичгийн дарга ажиллаж байна гэдэг бол МАН тодорхой хэмжээгээр шинэчлэгдсэний шинж. Удирдах зөвлөлийн 60 орчим хувьд шинэ залуучууд орж ирсэн. Улс төрийн намд олон өнгө, амт, үнэр байх ёстой. Энэ бүхэн нэгдэж байж хүчирхэг болно гэж ойлгодог. МАН 2016 онд өмнөх алдаануудаа давтахгүй. Ер нь ялагдал гэдэг бол гутрал биш ухаарал юм байна. Юуг алдав гэдгээ ухаарч түүнийгээ засч залруулах хугацаа юм байна гэж ойлгодог. Алдаагаа ухаарсан хүн, ачаагаа тэнцүүлсэн ат хол явдаг гэсэн үг бий. Тийм учраас МАН-ын хувьд алдаагаа ухаарах цаг хугацаа үргэлжилж байна. Манай намд байдаг нэг том давуу тал бол сахилга бат. Сахилга бат гэдэг хариуцлага. Намын их хурлаар манай залуучууд ахмадууддаа суудлаа тавьж хүндэлдэг, ахмадууд нь залуучууддаа зайгаа тавьж дэмжиж чаддаг гэдгээ харуулсан. Бусад нам үүнээс үлгэр авах хэрэгтэй. 24 жилийн өмнө ардчилал ярьж байсан намууд өнөөдөр өвгөн партизаныхаа яриаг хүүрнээд л сууж байна шүү дээ.
-Та ирэх сонгуульд даргынхаа хамт намаа удирдаж оролцох хүний хувьд өмнөх алдаануудаа дүгнэж байгаа юу. Монголын сонгогчдын олонхи нь залуучууд. Гэтэл танай нам өнгөрсөн сонгуулиар ахмадуудад ач сануулах, тэтгэврийн насыг наашлуулах зэрэг амлалт өгч байсан. Энэ нь танай намын бодлого буруу байсан гэдэгтэй санал нэгдэх үү. Мөн эсрэгээрээ цахим ертөнцөд сурталчилгаа бага хийснээр залуусын саналыг авч чадаагүй гэсэн дүгнэлт гарсан гэсэн. Энэ үнэн үү?
-2012 оны сонгуулиар манай намын гаргасан алдаануудын нэг нь яах аргагүй залуучууд руу чиглэсэн хандлага. Цахим ертөнцөд ажиллах арга барил байсан. Энэ бүхнийг бид ойлгож байгаа. Сонгогчдын 60 гаруй хувь нь залуучууд болчихлоо. Монголын сонгогчид залуужиж байна. Тэгэхээр нийгмийн тулгамдсан асуудлын дийлэнх нь залуучуудад байна гэсэн үг. Үүнийг яаж шийдэх вэ гэдэг гарцыг улс төрийн намууд хайх ёстой. Залуусынхаа талаар ямар боддого баримтлахаа өнөөдрийг хүртэл тодорхойлоогүй л байна шүү дээ.
Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: