Зэвсэгт хүчинд нүүрэлсэн хариулагагүй гамшиг үргэлжилсээр

 46712

     Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн усанд хөвдөг тээвэрлэгч ПТС-2 Эгийн голд осолдож тус ангийн ахлагч Г.Гандорж, “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэг ажилтан амиа алдсан хэргийн тухай бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн

    “Эгийн голын усан цахилгаан станц” төслийнхөн хэрэгцээт зарим техникээ зөөхөөр Зэвсэгг хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавтай гэрээ байгуулан Хялганатын 234 дүгээр ангиас хоёр ширхэг ПТС-2 загварын усанд хөвдөг тээвэрлэгч авсан. Энэ ажлыг биечлэн удирдахаар тус ангийн захирагч, хурандаа Б.Энхбаяр хөвдөг тээвэрлэгчээ экипажийн хамт авч Эгийн гол дээр долдугаар сарын 1-нд очсон. Тэд ПТС-2-т төслийн өрмийн машиныг ачиж гол руу ороод урсгалд цохигдон хөмөрч уг осол болсон байна. Хамгийн гол нь хөмрөх үед тээвэрлэгч дээр явсан хүмүүсээс хоёр нь осолдож өнөөг хүртэл цогцсыг нь ч олж чадаагүй байгаа юм.

    Ослын шалтгааныг тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав Алтай ханы Таван богдын тэнгэрийг тайх ёслолд оролцохоор явахаасаа өмнө байгуулжээ. Ажлын хэсгийг ахлах үүргийг ЗХЖШ-ын Хяналт, шалгалт үнэлгээний газрын дарга, бригадын генерал Г.Энхбаатарт хүлээлгэсэн бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа С.Өлзийтогтох, Ерөнхий зориулалтын цэргийн командлалын инженерийн мэргэжилтэн, дэд хурандаа Т.Жаргалсайхан нарыг ч энэ ажлын хэсэгт оруулжээ

    Гэтэл ажлын хэсгийн ахлагч, бригадын генерал Г.Энхбаатар хамт үүрэг гүйцэтгэхээр томилогдсон хоёр офицероо орхиод оронд нь загасчин найзуудаа аваад Эгийн гол руу явчихсан гэнэ. Хачирхалтай нь үлдэж хоцорсон хоёр нь байтугай өөр бусад дарга нар нь ч Г.Энхбаатар генералтай холбоо барьж дийлэхгүй, гар утас нь байнга холбогдох боломжгүй гэсэн дохио өгөөд аргыг нь барсан байна. Тиймээс ослын шалтгааныг тогтоох үүрэг авсан хоёр мэргэжилтэн унаагүй хоцорсон, ажлын хэсгийн ахлагч орхиод явсан тухай ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваад дуулгаж байж дахин машин гаргуулж Эгийн гол руу явсан гэнэ

    Ухаангүй ноёнд урагшгүй албатын үлгэрийг Зэвсэгт хүчний жанжин штаб нэг биш удаа давтах болсон. Үүнийгээ ч дэслэгч генерал Ц.Бямбажав маш сайн ойлгодог бололтой. Эгийн голын ослын шалтгааныг тогтоолгохоор илгээсэн Г.Энхбаатар генерал нь сураггүй болсон тул эрж хайхаасаа өмнө энэ ажилдаа дахин өөр хүн томилоход хүрчээ. Тодруулбал, загасчин найзуудаа дагуулан “зугаалахаар” одсон Г.Энхбаатар нь утсаа салгаад алга болсон тул Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбатыг Эгийн гол руу илгээсэн байна. Тиймээс ослын шалтгааныг тогтоох гурван машин гаргаж өгсөн гэсэн үг. Уг нь ажлын хэсэг ганц машинаар яваад ажлаа гүйцэтгэчихээд ирэх ёстой байтал том толгойтой генерал нь осол болж хүн үрэгдсэн хэргийн газарт ажиллуулахаар томилсныг нь загас барьж зугаацан хорхойгоо дараад ир гэлээ хэмээн андуу ойлгосноос болоод Жанжин штабаас дахин хоёр машин гаргаж бензин тосноос эхлээд чамлахааргүй зардал гаргахад хүргэжээ.

    Хамгийн эмгэнэлтэй нь хоёрын хоёр генерал томилоод ч одоо болтол ПТС-2 усанд осолдсон хэргийн учгийг тайлах байтугай живж сураггүй болсон хоёр хүний цогдсыг ч олоогүй байна. Салбарт нь бараг л долоо хоног тутам осол гарч эрдэнэт хүний амь эрсдэж байхад дэслэгч генерал Ц.Бямбажав Баян-Өлгий аймагт Алтай ханы Таван богдыг тайх ёслолд оролцохоор яваад эзгүй гэнэ. Утас шөрмөсөөр холбогдоод асууж сураглаж л яваа байх. Гэхдээ төрийн бас цэргийн хүний чанд баримтлах ёс зүй гэж байдаг бол эрхэм генерал ойрхон хоёр ч алба хаагч нь цэл залуугаараа үрэгдчихээд байхад сайн дураараа огцордоггүй юм гэхэд, ослын газарт өөрөө очоод ус самардаж гүйдэггүй юм гэхэд ажил хийх чадвартай, өгсөн үүргийг нь ойлгодог хүмүүс томилоод аль тав зургаа хоногийн өмнө болсон ослын шалтгааныг тогтоож, албан үүргээ гүйцэтгэж яваад осолдсон залуусын цогцсыг олохын төлөө нойр хоолоо умартан ажиллах ёстой баймаар. Гэтэл ажлын хэсэг томилсон нэртэй ажлаа хийж мэдэхгүй албатдаа найдаад зугаацаж цэнгэхээр одсон Ц.Бямбажав генералыг газрын эрт байны бага дээр гавьяаных нь амралтад үдэж болдоггүй юм болов уу хэмээн цэргийнхэн ойр зуураа шивнэж биш бүр чанга дуугаар ярилцаад эхэлснийг Зэвсэгт хүчний Ерөнхий Командаагчийн сонорт уламжлахад буруудахгүй л бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих