А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт өнөөдөр “Дархан аварга цол” олгоно

uls_53b9f2718165b_1УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл энэ жилийн хаврын чуулганаар батлагдсан. Ингэснээр монгол бөхийн чимэг болох “Улсын далай аварга цол”-ыг хасахаар болсон.  Тэгвэл өнөөдөр 12 цагт Даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт далай аварга цолыг нь алагсаж “Дархан аварга” цол, тэмдгийг нь олгохоор болсон байна.

Үндэсний их баяр наадмын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан даян аварга А.Сүхбат “Миний хүсэн хүлээж байсан дархан аварга цолыг өгөхөөр боллоо, хууль нь батлагдчихлаа. Би энэ жилийн наадмаар барилдана” гэсэн мэдээлэл байна.  Мөн тэрбээр “Бөхийн амжилтыг минь цаг тухайд нь үнэлж байгаагүйгээс миний бие зодог тайлсан. Хэрвээ гаргасан амжилтыг минь үнэлж, надад дархан аварга цол олгох юм бол төрийн наадамдаа дахин зодоглоно” гэж мэдэгдэж байсан удаатай.

А.Сүхбат нь 2000, 2004 оны наадмаар тус бүр ес давж түрүүлсэн, 2001 оны тэгш ойн наадмаар 1024 бөхөөс 10 давж түрүүлсэн амжилтаараа дархан аваргын босгыг давж байна.

Г.Өсөхбаяр нь 2002, 2003, 2005, 2009 оны наадмуудад тус бүр ес давж, дөрвөн удаа түрүүлсэн амжилтаараа дархан аваргын бүлд орж буй юм.

Ийнхүү “Зургаан залуу зааны үе” гэгдэх монгол бөхийн нэгэн гайхамшигтай үеийг бий болгосон зургаан хүчитнээс хоёр нь дархан аварга цол хүртэж байна.

Мөн уг хууль батлагдсанаар улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, мөн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгохоор болсон.


URL:

Сэтгэгдэл бичих