Н.Алтанхуяг огцрохгүй, “женко” нам байгуулна

алтааУлстөрийн байдал нам гүмхэн, баяр наадмын уур амьсгал ид оволзож байна. Н.Алтанхуягийн худлаа ярихыг сонсож байхаар  бөхийн таавар хэлэлцэж, хэний морь түрүүлэх тухай ярих нь сонин байгаа биз. “Фортуна”-гийн гал тахиж бөөлөхийг харахаас хэний морьд өнгөлөг байгааг шинжих нь илүү сонирхолтой. Ерөнхийдөө энэ Засгийн газар, УИХ-ын хэдэн нөхдийн балайрахыг сонсохоор наадмын гоёлоо бодсон нь хамаагүй дээр цаг үед иржээ.
    Харин “ганц дайчин ганцаардахгүй” гэгчээр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг бол ард олон сонсоод байгаа бололтой. Хаврын сүүл сар мушгиж, Н.Алтанхуягийн Засгийн газраас татгалзан, сенсааци дэгдээсэн “женко”-гийн энэ үйлдэл газар авсангүй. Яагаад гэвэл тэр Засгийн газраас гарч, улмаар Н.Алтанхуягийн танхимыг унагах төлөвлөгөөний үүднээс “давхар дээл” тайлах нэрийн дор гарч одсон. Гэтэл энэ нь санаснаар болсонгүй, Н.Алтанхуягийн хайрцагийг эвдэж дийлсэнгүй.
     Ингээд Засгийн газрыг тараах төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн “женко” В төлөвлөгөөнд шилжиж, Засгийн газрын ганц нэгэн гишүүдийг тогшиж үзэв. Цаадуул нь ганц олдсон боломжоо алдахгүйн тулд тэр бүрий хатгаасанд өртөхийг хүссэнгүй. Ингэхээр арга буюу зарим сайдууд руу дайрахаар шийдэв. Мэдээжийн хэрэг энэхүү дайралтад нас залуугийн зэрэгцээ багагүй будилуу “хонгио” Х.Тэмүүжин өртөхгүй юу. Тиймээс Х.Тэмүүжингийн нялх амрагаар тодроод буй Г.Сарангэрэл гэгчийг мөрдөнгөөс суллагдсан даруй нь телевизийн нэвтрүүлэгт хөтлөн оруулж, Х.Тэмүүжинтэй амрагийн харьцаатай гэдгийг нь хэлүүлж чадав. Ерөөсөө хоорондын харьцааг нь сайтар яриулаад авав. Үүний дараа мэдээжийн хэрэг өнөөх будилуу Х.Тэмүүжин нь Г.Сарангэрэлийгээ үгүйсгэж, пий пай л боллоо. Уг нь “хонгио“ эр хүний хувиар ингэх хэрэггүй л байсан юм. Тэгээд ч Х.Тэмүүжингийн ор дэрний асуудал энэ төрд юуны хамаа байна. Ажлаа л сайн хийж байвал 19-тэй охин эргүүлнэ үү, 59-тэй эмээ эргүүлнэ үү Х.Тэмүүжингийн хэрэг биз дээ.
     Гэтэл Хууль зүйн сайд маань яаран сандран мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийлсэн нь өөрийгөө бариад өгчихлөө. Мөн ч тэнэг нөхөр гэдгийг зөвхөн энэ процесоос харж болно. Х.Баттулга хэдийгээр алсуураа Засгийн газрыг ганхуулах алхам хийгээд бүтэлгүйтсэн ч Х.Тэмүүжин гэгч ямар өчүүхэн нөхөр болохыг ард түмэнд сайтар таниулж өгсөн нь том гавьяа.  Магадгүй цаашид засгийг унагах хөрс суурь болж магад. Манайхаас өөр ёс зүйтэй улстөрд бол унаж л таарна л даа, манайд даанч тийм биш.
    Ийнхүү олон угсраа мэх хийж, барьцаа лавшруулахыг оролдож байгаа Х.Баттулгыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуудаж нэг сайн загнав ч шоудав ч. Үүнээс харвал АН тэр чигтээ Х.Баттулгаас айж байгаа нь илт. Н.Алтанхуяг нарынх нь үгэнд орохгүй болохоор Элбэгтээ шургаж загнуулж байгаа царай нь энэ. Угтаа бол Элбэг загнаад байгаа хэрэг биш, АН-ын айдсыг л дамжуулж, аятайхан байгаарай гэж гуйж байгаа хэрэг шүү дээ. Ингээд ч Х.Баттулга тоохгүй, барьцаа улам л лавшруулахыг хичээж, загнасан гэх Элбэгийгээ ч хэвлэлээр доош хийж, эс тоов. Сүүлдээ Х.Баттулгын эсрэг захиалгатай гэмээр нийтлэлүүд шил даран цувж, захиалгат нэвтрүүлэг хийдэг л гэнэ, улс орноо худалдах гэж байна л гэнэ. Бүр МоАХ-ноос хөөнө л гэнэ. Тэр нэг бүлэглэлээс хөөх эсэх нь түүнд тийм ч чухал биш гэдгийг цаад малууд нь ойлгохгүй л дээ. Тэгээд яах юм. Ямар Монголоос хөөж чадах биш, тэр тусмаа их улстөрөөс хэзээ ч хөөж чадахгүй л дээ.
      Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Х.Баттулга нам байгуулж,  айсуй 2016 оны сонгуульд оролцох юм гэнэ. Болохгүй зүйл алга. Нэр нүүртэй, бодлоготой, хөрөнгөтэй эр хүний хийх л ажил. Шалдан банди нар нам болж амьдраад байхад “женко” арвыг байгуулсан ч яадаг юм. Харин “женко” нам байгуулах юм бол АН хүнд байдалд орно. Нэгэн цагт АН-аас тасарч одсон МҮАН-аас арай дээр юм байгуулчихаа цаадхи чинь мэднэ. 2016 оны сонгуульд АН-ын саналыг хуваагаад зогсохгүй, УИХ-д хүчирхэг бүлэглэлийг бий болгож чадна. Юутай ч “шударга ёс”-ын хэдэн нөхдөөс арай өөр улстөрийн замналтай, ангид улстөрийн бүлэглэл бий болгож чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ингэхээр АН ахин сонгуульд оролцоно, ялалт байгуулна гэх зэрэг асуудал байхгүй. Мэдээжийн хэрэг зөв замаар хүчирхэг бодлого хэрэгжүүлэхээр оролдож яваа Х.Баттулгыг АН-аас дагах улстөрчид маш олон бий. МАХН-д МАН-аас урвасан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас арай дөмгүүр нөхдөөр багаа бүрдүүлчих болов уу.
      Яахав, АН-ын цаашдын улстөр Н.Алтанхуягийн хайрцгаар яваад байвал АН өөрөө мөхөлд очиж таарах нь. Ийм бүтэхгүй нөхрийн хайрцгаар явахаар нэг нам бүү хэл улс орон балрах гэж байгааг бид сайтар харж сууна. Тэгэхээр байдал улам дор орчихоогүй байгаа дээрээ АН-ынхан “женко”-гоо найрч, Н.Алтанхуягийн оронд аваачиж суулгавал зохилтой. Эс тэгвэл та нарын ирээдүй өнөөдрөөр төгсөж байгааг сайн хараарай. Х.Баттулгын нам гээд гараад ирвэл АН цаашаа л биз дээ. Хэрвээ Х.Баттулгад эрхийг нь өгвөл энэ нам нэлээд бүтээлч болж харагдана. 2016 он хүртэл багахан хугацаанд сэвтэж гэмтээд дуусан нэрээ бага ч болов засах боломж л ирж байна гэсэн үг. Түүнээс биш Н.Алтанхуяг нар АН хэмээх нэрийг байхгүй болголоо л доо.

С.Баяр

URL:

Сэтгэгдэл бичих