“Ц.Оюунгэрэл Д.Сумъяабазар хоёр их сайн харьцаатай юм шиг байна лээ”
“АСА” циркийн хувьчлалтай холбоотой маргаан өнгөрсөн гуравдугаар сарын дуулианы нэг байсан.
Энэ асуудал дээр “АСА” циркийн захирал, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж хэвлэлийн хурал зарлан О.Магнайд хандан хатуухан үгсийг шидлээд авсан.
Харин үүний хариуд ШӨХТГ-ын дарга О.Магнай “Хүн бяртай, мөнгөтэй байж болно, гэхдээ хууль хүн бүрт адилхан үйлчилнэ” хэмээн хариу барьсан.
Циркийг зориулалтын бусаар ашиглаж, менежментийн гэрээгээ зөрчсөн гэсэн үндэслэлтэй уг асуудал “АСА” циркт үйл ажиллагаа сайжруулах есөн сарын хугацаа олгосноор түр намжаад байна.
Энэ талаар өнөөдөр ШӨХТГ-ын даргаас тодруулахад,
-Манайхаас циркэд есөн сарын хугацаатай шаардлага хүргүүлсэн. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн болгоод цирк шиг цирк болох ёстой. Надад ирж байгаа мэдээгээр циркийн тоглолтууд тоглож байх шиг байна.
Циркийн тухайд гэвэл хоёр асуудал байна. Нэгдүгээрт Үндэсний цирк гэж компани, хоёрдугаарт байр савыг нь эзэмшдэг “Royal Plaza” ХХК. Үндэсний цирк бол цаашдаа циркийн үйл ажиллагааг ингэж явуулна гээд бидний шаардлагад хүндэтгэлтэй хандаж байна. “Royal Plaza” ХХК ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй. Тиймээс Төрийн өмчийн хороонд циркийг төр буцаан авъя гэсэн саналыг хүргүүлсэн. Төрийн өмчийн хорооны хурлаар ойрын үед энэ асуудал шийдэгдэх байх.
Нэг юм хэлэхэд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл дээр энэ асуудал хоёр сар саатсан. Миний ойлгож байгаагаар Ц.Оюунгэрэл Д.Сумъяабазар хоёр их сайн харьцаатай юм шиг байна лээ. Ц.Оюунгэрэл нэг юм гарахаар л Д.Сумъяабазартай уулзъя гэдэг юм байна лээ. Тэгээд энийг хоёр сар саатуулсан. Сүүлдээ түүнийг хүлээх шаардлагагүй юм байна гээд Төрийн өмчийн хороо руу бичиг явуулсан. Энэ дээр Ц.Оюунгэрэл сайд ёсзүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн юм.
Эх сурвалж: Gogo.mn
URL: