Төв цэнгэлдэхийн 14 мянган шинэ сандал хэний бизнес вэ
Баяр наадмыг зохион байгуулах комисс энэ жил Төв цэнгэлдэхэд 14 мянган шинэ сандал байрлуулах бизнес хийлээ.
Энэхүү сандалыг 274 сая төгрөгөөр авсан тухай Баяр наадмыг зохион байгуулах комиссийн дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва онцолллоо. Ингэхдээ бараг л “274-хэн сая төгрөгт багтааж чанартай сандал худалдан авах даалгавар аваад манай комиссийн гишүүн Батбаяр явсан” хэмээн ярьсан юм.
Түүний ярианаас монголчуудыг тав тухтай наадуулахын тулд 14 мянган сандалыг 274 сая төгрөгт багтаан худалдан авсан нь бараг л давашгүй хүнд даваа байсан төдийгүй энэхүү үүргийг онцгой сайн биелүүлж, баатарлаг гавьяа байгууллаа гэх ухааны зүйл анзаарагдсан.
Гэмт хүн гилбэлзэнэ гэгчээр 14 мянган сандалыг өөрсдийн шийдвэрээр худалдан авсанаа цайруулахаар сандран өгүүлж байсан Наадмын комиссийнхон хэний далд бизнесийг цэцэглүүлсэнээ задлах шаардлагатай биз ээ.
274 сая төгрөг гэдэг тоглоом биш. 274 байтугай 20 сая төгрөг ч мөнгө. Гэтэл тендэр ч зарлалгүй, зүгээр л өөрсдөө яваад авчихсан гэж байгаа энэхүү сандалны нууц ноёнтон нь хэн бэ гэдэг асуудал анхаарал татахгүй байхын аргагүй. Эсвэл баяр наадмыг зохион байгуулах комиссийнхон өөрсдөө хуваагаад халаасалчихсан юм уу.
Уг нь Төв цэнгэлдэхийн өмнөх модон сандалыг жил бүрийн наадмын өмнө 15 сая төгрөгөөр будаж, засварладаг байсан гэх. Харин энэ удаа сандал худалдан авсанаар ийм жижиг сажиг урсгал зардал дахин гаргах шаардлагагүй болсоноо ч наадмын комиссийнхон өгүүлсэн.
Гэхдээ 15 сая төгрөг хэмнээд авсан сандал нь хэдэн жилийн настай бол гэдэг бас л сонин. Хоёр хүрэхгүй жилийн настай бол тун удахгүй дахиад л сандал засварлах нэрийдлээр 10, 20 сая төгрөг нь урсаад эхэлбэл яах билээ. Бараг л 300 сая төгрөгийн өртөгтэй эдгээр сандал наад зах нь 15 жилийн настай байж жил бүр гаргадаг байсан гэх 15 сая төгрөг хэмнэсний үр шим гарна.
Юутай ч Төв цэнгэлдэхийн 14 мянган шинэ сандал хэний бизнес гэдэг нь бүрхэг үлдсэн төдийгүй эдгээр хятад бүтээгдэхүүн 15 жилийн настай гэдэгт итгэж өгөхгүй л байна шүү.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13359
URL: