Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэдэлд байсан газарт хэн барилга барих гэж байна вэ
Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр буюу удирдлагын академийн зүүн талд ямар ч зөвшөөрөлгүй 16 давхар орон сууц сүндэрлэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Хамгийн гол нь дээрх барилгын эргэн тойронд амьдарч буй олон оршин суугч шөнө оройн цагаар хүнд механизмын техник хэрэгсэл оруулж ирэн амгалан тайван байдал алагдуулж байна хэмээн гомдол гаргасан учир дээрх барилгын талаар дахин эрэн сурвалжиллаа.
Бидэнд олдсон мэдээллээр эл барилгын газар нь экс ерөнхийлөгч Н.Энхбаярын мэдэлд байсан аж. Үүнийг эх сурвалжууд ч хэлж байсан. Уг нь ямар ч газар болон барилга өөрийн гэсэн эзэнтэй байдаг. Гэтэл энэ барилгыг барихаар зэхэж буй эрхмүүд экс ерөнхийлөгчөөс уг газрыг нь хэрхэн яаж авсан нь ч сонирхол татаж байна.
Уг нь бүх зүйл хуулийн дагуу ном журмаараа явагдах ёстой. Гэтэл уг барилга аль хэдийн ажилчдын цайны газраа барьж ашиглалтад оруулсан байхад яагаад холбогдох албаны хүмүүс өнөөг хэр нь мэдээгүй байна вэ. Эндээс нэг зүйлийг ажиглахад жирийн иргэн ийм их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж барилгын ажил эхлүүлэх нь юу л бол.
Хэдийгээр одоогийн байдлаар захиалгч компани нь “Атмор”, гүйцэтгэгч нь “Гранд” ХХК гэж байгаа боловч энэ хоёр компанийн талаар тодорхой мэдээлэл өгөх албаны хүмүүс ч олдоогүй юм.
Хэрвээ дээрх үл мэдэгдэгч компани барилгын ажлаа эхлүүлэхээр бол дараах зүйлийг дагаж мөрдөх ёстой. Тодруулбал “Барилгын ажлыг эхлүүлэх хүсэлтийг хөрөнгө оруулагч нь захилагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгчээр дамжуулан холбогдох байгууллагад тавих”, Барилга байгууламжийн газар олголт, төлөвлөлт, инженерийн шугам сүлжээтэй холбогдсон зөвшөөрлийн дагуу аймаг, нийслэлийн захиргааны байгууллагын барилгын асуудал хариуцсан агентлагийн нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан 30-35 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэх дүрэм журам байдаг. Гэтэл эдгээрийг үл огоорч ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлж байгаа нь нөгөө л нэг бидний хэлж заншсан эрх мэдэл бүхий эрхмүүдийн барилга гэж хардахаас өөр аргагүйд хүрч буй юм. Энэ нь зарим нэг барилгын компанийн эзэд муу аргад ихээхэн гаршсан байдгийг ч нотолж байна.
Мөн “Төр нэгэнт хүний хувийн өмч босч орон сууцууд ашиглалтад орж, оршин суугчид нэгэнт тухайн байрыг худалдаж авсан байхад тэдгээр орон сууцыг нураана гэж байхгүй. Тиймээс орон сууцаа барьж ашгаа олсны дараа зөвшөөрөл болон бусад холбогдох бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлж авна” гэсэн ойлголт нь тэдний гаршсан нэг муу арга.
Дээрх орон сууц ч иймэрхүү увайгүй аргаар улсын баяр наадмын дараа ийнхүү сүндэрлэхээр аль хэдийн ажилдаа орсон гэсэн үг.
Б.Хуяг, Б.Тулга нар төрсөн ах дүүс
Анх дээрх барилгын газрыг 2009 онд Б.Хуяг гэгч орон сууцны зориулалтаар худалдан аваад 2010 онд “Рескон” ХХК-нд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн байдаг. Тэгээд ч дээрх баримт өдгөө газар зүйн байршлын кадастарын зурагт тодоос тод буусан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Хуяг нь экс ерөнхийлөгч Н.Энхбаярын гарын хүн гэгдэх Б.Тулгын төрсөн ах нь аж.
Б.Хуяг нь өнгөрсөн он жилүүдэд интерполоор эрэн сурвалжлагдаж дуулиан тарьж байсан нэгэн гэдгийг хүн бүхэн мэднэ. Ямартай ч дээрх газрыг жилийн дотор яагаад бэлэглэлийн гэрээгээр “Рескон” компанид өгөх болов гэдэг нь ч сонирхолтой.
Өнөөдөр Зайсан орчмын газар нутаг хэдэн арван тэрбумаар үнэлэгдэж байхад зүгээр л “Би чамд бэлэглье” гээд өгөх нь юу л бол. Мөн эл барилгыг хэн гэдэг нууц ноёнтон барьж байгааг Хотын дарга Э.Бат-Үүл мэдэхгүй байгаа нь ч олны анхаарлыг эрхгүй татаж буй юм.
Аргаа барсан Хотын дарга эл барилгын учрыг олуулахаар өчигдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны мэргэжилтэн Бум-Эрдэнэ, Мөнхсүх нарыг шалгалтаар явуулахаар болсон байна.
Бид энэ талаар тус албаны дарга Эрдэнэтуяагаас асуухад “ Одоо хүртэл бидэнд тодорхой мэдээлэл ирээгүй. Маргааш гэхэд учир нь олдох байх. Өнөөдөр манай хоёр мэргэжилтэн даалгавар аваад тус барилга руу шалгалтаар явах гэж байна. Тиймээс бид одоогоор тодорхой мэдээл өгөх боломжгүй” гэв.
Зайсангийн ойр орчмын газарт 2006 оноос эхэлж орон сууцны хороолол олноороо сүндэрлэн босч байхад эл газар л “Дархан цаазтай” газар шиг торойн үлдсэн атлаа яагаад өнөөдөр ийнхүү бусдад бэлэглэлийн гэрээгээр арилжаалагдаж хууль бусаар барилгын ажлаа эхлүүлэхээр болов. Тэр тусмаа бүр “Оргил” рашаан сувиллын эх булаг дээр шүү. Нэлээд хэл ам дагуулж буй энэ барилгын талаар иргэд болон ойр хавийн оршин суугчид нь үзэл бодлоо илэрхийлж эхэлж байна. Тиймээс хотын удирдлага ч олон нийтийн асуултад булуулж мэдэхээр байна.
Р.Төгс
Эх сурвалж:
URL: