Цэвэрлэх байгууламжаа аваръя
Өчигдөрхөн Туул голд бохир ус асгаж байгаа албаны машинуудын зураг цахим ертөнцөөр тархаж багагүй шуугиан дэгдээсэн юм.
Хатан Туулдаа бохир ус асгаж байгаа байгууллага нь “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ байсан бөгөөд бохир ус биш борооны ус асгаж байна хэмээн өөрсдийгөө өмгөөлөв.
Мэдээж борооны ус шүү гэдгийг хэн ч мэдэхгүй учраас Туулд бохироо асгаж байгаа ямар ч таних тэмдэггүй машиныг шүүмжлэх нь зүйн хэрэг.
Тэгвэл, нийслэлийн бүх бохирыг нэг дор цуглуулж байгаа Төв цэвэрлэх байгууламж түүнээс долоон дор үйлдэл хийж сууна.
22-ын товчооны орчимд амьдардаг иргэд ч үүнийг дуу нэгтэйгээр баталдаг.
Шат дамжлага дамжиж ариутгалд орсон “цэвэрлэсэн” усаа тэд Туул голд цутгадаг билээ. Гэтэл өнөөх цутгаж байгаа ус нь цэл ногоон өмхий самхай нь ханхалсан хэвээрээ урсаж очоод Туул голд цутгаж байна.
Хатан Туулдаа бохир ус асгаж байгаа байгууллага нь “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ байсан бөгөөд бохир ус биш борооны ус асгаж байна хэмээн өөрсдийгөө өмгөөлөв.
Тэндээс нь хүн, амьтан бүгд уудаг. Худалч хүнд Нисэхээс цаашхи Туул голын ус цэвэрлэх байгууламжийн цэвэрлээгүй шахам усаар урсч тэндээс нь уусан мал яр шархандаа баригдаж, усанд нь шумбах гэж гүйсэн хүүхдүүд ч тархи толгойноос нь элдэв яр гардаг талаар уншигчдаас маань хүртэл гомдол ирж байв.
Сэтгүүлч миний бие арай л ийм аймшигтай зүйл байдаггүй болов уу хэмээн өөрийн нүдээр үзэхийг урьтал болгосны дараа нүдээр үзэж сая л сонссондоо үнэмшсэн юм.
Үнэхээр өмхий ногоон ус хашааных нь араар урсч хатан Туулд маань цутгаж байна.
Уг нь манайхаас өөр улс хэзээ ч хотынхоо дотор цэвэрлэх байгууламжаа байлгадаггүй. Ойр орчимд нь хүн битгий хэл амьтан ч амьдрах боломжгүй байх учиртай.
Агаар, орчноо бохирдуулсан тийм хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс нь ч хамгийн өдөр цалин авч тогтмол хоргүйжүүлэх эмчилгээ, үзлэгт тогтмол хамрагдаж, эм витамин, дархлаа дэмжих бэлдмэл авч байдаг.
Гэтэл тэнд ажиллаж байгаа хүмүүст тийм тусламж дэмжлэг алга. Хааяахан хуурай сүү найруулж өгөхөөс өөр тэдний эрүүл мэндийг бодох зүйл удирдлагуудад нь байхгүй. Цалин хангамжийн талаар бүр ч ярих юм биш.
Хувийн хэвшлийн ажилтан миний цалинг хоёр хуваасны дайтай цалин авдаг гэхэд хэтийдэхгүй. Тэр орчимд амьдарч ажиллаж байгаа иргэд ч нарийн яривал төрөөсөө тэтгэмж нэхэх эрх нь бий. Хортой орчинд үргэлж өмхий үнэр үнэрлэж амьдарч байгаа хүүхдүүд 20 жилийн дараа эрүүл саруул хүн болж өсч торнино гэдэгт итгэхгүй нь.
Тэнд ажиллаж амьдарч байгаа залуус, ахмадуудын эрүүл мэндийн талаар төр анхаарах цаг нь болсон баймаар.
Үнэхээр өмхий ногоон ус хашааных нь араар урсч хатан Туулд маань цутгаж байна. Уг нь, манайхаас өөр улс хэзээ ч хотынхоо дотор цэвэрлэх байгууламжаа байлгадаггүй. Ойр орчимд нь хүн битгий хэл амьтан ч амьдрах боломжгүй байх учиртай.
Хотын даргаар Э.Бат-Үүл очсоны дараа цэвэрлэх байгууламжийг нүүлгэх талаар ярьж байсан ч өнөөдөр энэ асуудал цаасан дээр бичигдсэн хэвээр үлдлээ. Иргэд манай сониноор дамжуулан цэвэрлэх байгууламжийн талаар хүсэлтээ хүргүүлж, нүүлгэх асуудал юу болсон, яагаад өнөөдрийг хүртэл таг чиг болсон талаар тодруулсан ч хэн ч хариу өгөөгүй юм.
Тус байгууллагын дарга н.Даваахүү гэгчид иргэд асуултаа дайсан ч хариугаа өгсөнгүй. Өнгөрсөн оны нийслэлийн төсөвт уг нь шинэ цэвэрлэх байгууламжийн мөнгө гэж 8.5 орчим тэрбум төгрөгийн төсөв суусан талаар яригдаж байсан.
Гэсэн ч төд удалгүй өнөөх мөнгө хаашаа орсон, хэний гарт очсон нь мэдэгдэхгүй алга болсон юм. Цэвэрлэх байгууламж барих мөнгөө хувааж үрээд, нүүлгэх бодлоо гээчихсэн явах зуур нийслэлд ганцхан байгаа төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахаа больж, цэвэрлээгүй шахам усаа Туулд цутгасаар байна.
Техник тоног төхөөрөмж нь хуучирч муудан, 22-ын товчоо орчим хүн амьдрахын эцэсгүй боллоо. Энэ бүхнийг хэн анхааралдаа авах вэ.
Лавтай энэ жилдээ шинэ байгууламжтай болохгүй юм байна. Зун намартаа наадам хэсч, айраг, архи эргүүлсээр яваад өвөлтэй золгох нь тодорхой.
Ирэх жилийн өдийд бахь байдгаараа өмхий самхайгаа үнэртүүлсэн, үзэшгүй муухай өнгө, үнэртэй усаа Туулдаа цутгасаар суух нь. Улс төр ярьж, газар, усаа хамгаалах гэж тэмцдэг хүмүүс цэвэрлэх байгууламж, Туулаа аврахын тулд тэмцэл өрнүүлсэн ч яадаг юм.
Туулаа аваръя, бүгдээрээ. Төв цэвэрлэх байгууламж, Хотын захиргаа, тендерт нь ялсан компаниас шинэ цэвэрлэх байгууламжийн мөнгөө нэхье.
Өдрөөс өдөрт шинэ барилгууд нэмэгдэж байгаа энэ үед цэвэрлэх байгууламж бохироо дийлэхээ больж нийслэлчүүд хэзээ мөдгүй бид бохиртоо живэх эрсдэл бий болчихоод байна.
/Монголын мэдээ/
URL: