Украйнд мөргөлдөөн ширүүсч байна
Энэ сарын 3-нд шилжих шөнө Украины Славянск, Краматорск хотуудад мөргөлдөгч талууд их буугаар гаар буудалцжээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна. “Краматорскийг буудаж байна, нэлээд олон хүн амь үрэгдэж шархадлаа. Ясногорка тосгоныг бүр аймаар болгосон” гэж нэгэн гэрч бичжээ. Орон нутгийн иргэдийн мэдээлснээр Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид Краматорск орчмыг “Град” пуужингаар буудаж байгаа гэнэ. Буудалцаанд 30 байшин, хийн хоолой, агуулах, шатахуун түгээх станц, дэлгүүрүүд өртөж эвдэрч сүйджээ. Шатахуун түгээх станцад зогсч байсан автомашины жолооч амь үрэгдсэн байна.
Салан тасгаарлагчид Славянск хотыг их буугаар буудаж байгаа аж. Тэдэн рүү Украины армийнхан ч буудсан байна. Уг хотод цахилгаан, ус, харилцаа холбоо үе үе тасраад байгаа аж.
Украины арми Луганск мужийн украин-оросын хилийн “Должанский” боомтыг салан тусгаарлагчдаас эргүүлэн авч хяналтаа тогтоожээ. Долдугаар сарын 3-нд Украины цэргүүд салан тусгаарлагчдын сууж явсан цуваа руу буудсан байна. Үүнээс болж таван “Камаз” сүйджээ. Энэ сарын 2-нд болсон буудалцаанд Украины нэг цэрэг алагдаж, 18 цэрэг шархадсан байна. Украины Үндэсний аюулгүй байдал болон батлан хамгаалах зөвлөлийн мэдээлснээр зүүн хэсэгт цэргийн ажиллагаа эхэлснээс буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас хойш 200-гаад цэрэг амь үрэгдэж, 619 цэрэг шархаджээ. Түүнчлэн салан тусгаарлагчдын гарт 29 цэргийн албан хаагч байгаа аж.
М.ХҮСЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: