Дураараа жолооч нарын дуут дохиог хураая
Нийслэлд автомашины тоо хэрээс хэтэрч явган хүн явахад хүндрэлтэй байдаг болов. Зорчигчоо булаацалдсан автобусны жолооч нар дуут дохиогоо хангинуулснаас нярай хүүхдийн тархинд цус харвасан харамсалтай хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарч байсан.
Автобус гэлтгүй автомашинууд хүртэл дуртай газраа дохиогоо хангинуулах нь ердийн үзэгдэл болсон. Өөрөөр хэлбэл, замын түгжрэлд бухимдсан, нэгнээ гүйцэж түрүүлэх гэсэн жолооч нар иргэдийг цочоож, хөгшид хүүхдийн чихийг дүлийртэл дохиогоо дуугаргадаг болсон.
Гэтэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд Тусгай дуут дохиог хойшлуулашгүй албан үүрэг гүйцэтгэдэг, шуурхай ажлын болон төрийн үйлчилгээний тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэл хэрэглэнэ гээд заачихсан байдаг. Мөн энгийн иргэдийн хэрэглэдэг дуут дохиог хэрхэн хэрэглэх талаар тодорхой тусгасан байдаг. Гэтэл жолооч нар үүнийг тэр бүр мэддэггүй. Мэддэг байсан ч журмын дагуу хэрэглэдэггүй.
Уг нь бол дууны өндөр давтамжтай хийн дохиог зөвхөн уул уурхайн талбайд хэрэглэх зориулалттай ажээ. Харин олон нийтийн газар хориотой. Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дуут дохионы стандарт 7,43 дицбалл байх ёстой юм байна. Энэ нь хүний намуухан яриатай дүйцэх хэмжээний дууны төвшин бөгөөд дицбаллыг тогтоохын тулд яндангаар нь хэмждэг юм байна. Хэрэв энэ хэмжээнээс хэтэрсэн бол замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үздэг аж. Гадаадад бүдүүн яндантай буюу уралдааны машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүйгээр ачиж явдаг. Гэтэл манай Замын цагдаагийн газарт дуут дохио буруу хэрэглэсэн зөрчил бараг бүртгэгддэггүй юм байна. Цагдаа нар түгжрэлийг багасгахын тулд зохицуулалт хийсээр дуут дохио зөрчсөн хүмүүсийг нэг бүрчлэн зогсоож торгох цаг зав муутай байдаг гэнэ. Заримыг нь торгоод, хийн дохиог нь хураадаг ч жолооч нар дахин худалдаад авчихдаг гэж байна. Тиймээс хийн дохиогоор иргэдийн эрүүл мэндийг хохироодог жолооч нарт хариуцлага тооцохын тулд Зөрчлийн тухай хуульд байгаа торгуулийн хэмжээг чангатгаж, дуут дохионы хор уршгийг олон нийтэд таниулах хэрэгтэй юм.
ДУУТ ДОХИО ХЭРЭГЛЭСЭН ЖОЛООЧИЙГ 5-25 МЯНГААР ТОРГОНО
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор дуут дохио хэрэглэнэ гэж заасан байдаг. Үүнээс бусад тохиолдолд дуут дохио хэрэглэвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэмээн үзэн 5-25 мянган төгрөгөөр торгох хуультай юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д зааснаар тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохиог дур мэдэн тавихыг хориглосон байдаг. Үүнийг зөрчиж уул уурхайн бүсэд хэрэглэх дууны өндөр давтамжтай дохио тавьсан жолооч нарт Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авдаг байна. Хэрэв жолооч дуут дохиогоо хангинуулж иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн бол хохирогч нь цагдаагийн байгууллагад хандах эрхтэй ажээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр чанга дуунаас шалтгаалж эрүүл мэнд нь хохирсон нь нотлогдвол буруутай этгээдэд хариуцлага тооцох заалттай гэдгийг Замын цагдаагийнхан хэлж байна. Мөн Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хийн дохионы дууны хэмжээг оношлогооны төвүүд машиныг оношлохдоо стандартыг нь тогтоох ёстой гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Гэвч оношлогооны үеэр 300 мянган автомашины дуут дохионы хэмжээг тогтоох гэвэл бүтэн жил оношлоод дуусахгүйг холбогдох хүмүүс хэлж байсан юм. Тиймээс бид Дуут дохио хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Чих, хамар, хоолойн их эмч Д.Уранцэцэгээс тодруулсан юм.
Д.Уранцэцэг: ДУУ ЧИМЭЭ СОНСГОЛЫН ЭСИЙГ ҮХҮҮЛДЭГ
-Автомашины дуут дохио хүний сонсголд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Чихнээс бусад төрлийн өвчний гол шалтгаан нь нян, вирус байдаг бол хүчтэй, өндөр давтамжтай дуу чимээ сонсголын эсүүдэд нөлөөлж сонсгол буурч, дүлийрдэг. Тиймээс автомашины дуут дохио юм уу өөр гэнэтийн хүчтэй дуу чимээ хүний чихэнд хор нөлөөтэй. Нэг удаагийн гэнэтийн хүчтэй дуу чимээнээс болж таг дүлий болох тохиолдол бий.
-Сонсгол буурч, дүлийрсэн үед эмчилгээ хийлгэхэд нөхөн сэргэдэг үү?
-Чих нөхөн сэргээгдэхдээ муу. Яагаад гэвэл өндөр хүчтэй дуу авиаг аваад дөнгөж өвдөж эхэлсэн үедээ эмийн эмчилгээ хийхэд үр дүн гардаг. Хожуу буюу 2-3 сарын дараа оношлогдох тусмаа эмчилгээний үр дүн бага. Хүчтэй дуу чимээнээс үүсэлтэй сонсгол бууралттай хүмүүс ихэвчлэн сонсголын аппарат, мэс заслаар сэргэнэ. Түүнээс эмийн эмчилгээгээр сэргэхгүй.
ХИЙН ДОХИО 30-90 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Техникийн захуудад хийн дохио 30-90 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Дуу нь удаан, чанга дуугардаг. Овор багатай нь илүү үнэтэй байдаг гэнэ. Харин Хятадад үйлдвэрлэсэн ийм дохиог жолооч нар гангараа болгож авдаг байна. Япон, Солонгос автомашины дуут дохио намуухан дуутай бол Хятадын хийн дохио чанга дуутай учраас залуус гангараа болгож авдаг гэнэ.
Үргэлжлэл бий…
С.УЯНГА, Р.ОЮУН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: